Хувь хүний орлогын албан татварт энэ оноос эхлэн өөрчлөлт орж, цалингийн хэмжээнээс хамааран шаталсан татвар ногдуулахаар болсон. 

Тодруулбал, сарын 

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө.

2021 оны мэдээлэлд тулгуурлавал 1,360 иргэн шаталсан татварт хамрагдахаар байгаа юм. Энэ нь нийт татвар төлөгчийн 0.1 хувьтай тэнцэж байна. Эдгээр иргэний 

  • 700 нь 15 хувийн татвар
  • 660 нь 20 хувийн татвар ногдохоор байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээлэв.  

Мөн тэрбээр "2021 оны тооцооллоор үзэхэд 12.5 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ. Жил бүр 2.5 их наядаар цалингийн сан нэмэгдэж байгаа. Үүнээс шалтгаалж, татварын орлого өөрчлөгдөнө. 2022 оны мэдээлэл нь 2023 оны хоёрдугаар сард эцэслэгдэнэ" гэв.

Ийнхүү шаталсан татвар ногдуулах нь дундаж давхаргадаа халдсан хэрэг бөгөөд цалин нэмэх боломжийг хааж байна гэж шүүмжлэх хүн их бий. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү хариуллаа.

Б.Жавхлан: 10 жилийн дараа хүрэх төсвийн шинэчлэлийг одоо тавьж байгаа

Сайд Б.Жавхлан "Шаталсан байдлаар татвар нэмэх асуудлыг гурав дахь удаагаа оруулж байгаа. Харин бид шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн. 

Монгол Улс хувь хүний орлогын албан татварын хоёр янзаар тооцож авдаг. 

  1. Суутган тооцно.
  2. Сайн дураараа иргэд өөрсдөө орлогоо мэдүүлж, татвараа төлдөг.

зураг

 

Суутган тооцно гэдэг нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтандаа сар бүр цалин өгөхөд нягтлан нь татварыг суутган тооцоод шилжүүлдэг. Зөвхөн энэ төрлийн орлого 10,000,000 төгрөгөөс давбал давсан хэсэгт шаталсан татвар ногдуулна. Харин сайн дураар орлогоо тайлагнадаг хүмүүст шаталсан татвар ногдохгүй буюу хуучнаараа 10 хувь гэх хэмжээгээр явна. 

Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл. Татварын шинэчлэл нэг өдөрт хийгдэх зүйл биш. Өнөөдөр бага хэсэгт нь шаталсан татвар ногдож байгаа боловч дунд болон урт хугацааны зорилтын дагуу 2030 онд гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10,000 ам.доллароос давуулна гэж үзэж байгаа. Тэр үед өндөр орлоготой хэсэг нэмэгдэж, төсөвт оруулах хэмжээ ч өснө. Тиймээс 10 жилийн дараа хүрэх төсвийн шинэчлэлийг одооноос тавьж байна гэсэн үг.

Сайн дурын татвар төлөгч иргэдэд татвар болон санхүүгийн боловсролыг сайтар олгох хэрэгтэй. Орлогоо тайлагнахгүй байх, авч үлдэх нь  дараагийн татварын өр үүсэх эрсдэлийг агуулж байгаа боловч орлогоо нуун дарагдууллаа, далд эдийн засаг үүсгэлээ гэж бид буруутгах аргагүй. Харин татвараа тайлагнахыг хялбаршуулж, цахимжуулж өгөх хэрэгтэй. Тэгж байж шат дараатайгаар татвар төлөгчийн тоо нэмэгдэж, татварын суурь орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлоготой буюу худалдаачид, урлаг соёлынхон, нотариат, өмгөөлөгч зэрэг өөрсдөө бие дааж тогтмол орлого олдог хүмүүст татварын хуримтлагдсан өр үүсэх эрсдэлээс сэргийлж, орлогоо тайлагнах мэдлэг олгох хэрэгтэй" гэсэн юм.

"Цахим худалдаа эрхэлдэг 228 иргэн ₮2.1 тэрбумын орлоготой гэж тайлагнасан ч ₮204.3 тэрбумыг олсон байж болзошгүй"

Сайн дураар орлогоо тайлагнан татвар төлдөг иргэдийг орлогоо нуун дарагдуулсан, далд эдийн засаг үүсгэсэн байж болзошгүйг Сангийн сайд хэлсэн. Гэхдээ цалингийн орлоготой иргэдээс хувь хүний орлогын албан татварыг тогтмол авдаг хэр нь хувиараа бизнес эрхлэгчид татвараа үнэн зөв төлөхгүй байгаа нь шударга бус байна гэх санал гомдлыг ирүүлдэг байна. 

Иймд татварын алба банкнаас мэдээлэл авч, шалгажээ. Ингэхэд

  • нотариатч 209 иргэн 3.3 тэрбум төгрөгийн орлого олсон гэж тайлагнасан байхад дансны гүйлгээгээр 45.2 тэрбум төгрөг олсон байж болзошгүй
  • цахим худалдаа эрхэлдэг 228 иргэн 2.1 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ч 204.3 тэрбум төгрөгийн орлого олсон байж болзошгүй зэрэг нөхцөл байдал ажиглагдсан байна.

Эндээс иргэдийн дансны гүйлгээний мэдээллийг төр хүссэн үедээ шалгаж байна уу гэх асуулт гарч байгаа юм. 

Уг асуултад Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга л арилжааны банкуудтай харилцдаг. Арилжааны банкнаас цахимаар "Encrypted" хэлбэрээр мэдээлэл ирүүлнэ. Түүнийг тайлж, нууцын мэдээлэлтэй харьцах эрхтэй 32 хүн бий.

Тэдний 13 нь байцаагч бөгөөд "encrypted"-ийг тайлж, татварын орлогоо хууль бусаар тайлагнасан байна уу, үгүй юу гэдгийг илрүүлэх, судалгаа, шинжилгээний зорилгоор ашигладаг. Мөн мэдээллийг нь харьяа дүүргийнх нь татварын хэлтэс рүү илгээж, татварыг нь төлүүлэх арга зүйн чиглэл өгдөг. Ингэхдээ татвар төлөгч нарт орлогоо яаж тайлагнахыг зөвлөдөг. Мэдээлэл авсан хүмүүсийн 10 хувь тайлангаа засаж, бидэнтэй хамтран ажиллаж буй сайн жишиг бий" гэж хариулав.