Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Гуравдагч хөршийн бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бодлого бол улстөрчдийн хувьд мөрөөдлийн бодлого байсаар ирсэн байдаг шүү дээ?

-Монгол Улсын гадаад бодлого эв нэгдлийг илэрхийлсэн, олон тулгуурт зарчмыг баримталдаг. Тэр утгаараа гуравдагч хөршийн бодлогыг Монгол Улс гадаад бодлогынхоо баримт бичигт албан ёсоор томьёолон оруулж өгсөн байдаг. Тиймээс энэ бодлого бол манай улсын хувьд маш чухал. Нөгөөтэйгүүр гуравдагч хөршүүддээ бид нөхцөл байдлаа маш сайн тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Энэ чиглэлд манай яам төвлөрч ажилладаг. Хоёр хөршдөө мөн адил нөхцөл байдлаа ойлгуулах чиглэлд ажилладаг. Тусгаар тогтносон улс орон гэдэг утгаараа өөрсдийнхөө аюулгүй байдлыг дипломат аргаар яаж хамгаалж, хадгалах вэ, өөрийн ашиг сонирхолд нийцсэн энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь Монгол Улсын гадаад харилцааны яамны үндсэн хийх ёстой ажлуудын нэг. Монгол Улс бол бүх улс орнуудтай найрсаг харилцаатай байгаа. Үүнийг би тэнцвэртэй байдал гэж хэлээд байгаа юм. Зарим талаараа гуравдагч хөршийн бодлогод дургүй хүмүүс бас байна. Хоёр хөрштэй чинь адилхан гуравдагч орон манайхтай ийм харилцаанд хүрч ажиллаж чадахгүй гэдэг. Энэ бол тийм биш. Өнөөдөр дэлхий дахинд мэдээллийн харилцаа ямар өндөр түвшинд байгаа билээ. Тэр утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого үнэхээр чухал. Үүнийгээ ч бид хоёр хөршдөө байнга хэлж ярьдаг.

-Энэ онд хэрэгжүүлэх айлчлалын ерөнхий прогнозыг та хэлэхгүй юү. Хэчнээн оронд ямар, ямар айлчлал болохоор байна вэ?

-Бид өнгөрсөн жил 10 гаруй төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг хийсэн. Айлчлал гэдэг бол нөгөө айлуудтайгаа буюу очих гэж буй улс орнуудтайгаа харилцан тохиролцож байж хийгддэг зүйл. Тиймээс урьдчилаад айлчлалын талаар зарлаж болдоггүй. Гэхдээ та ерөнхий прогноз асуулаа. Бид энэ жил ерөнхийдөө 40 гаруй айлчлалыг төлөвлөж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал болон бусад хүрээнд зохион байгуулагдах айлчлалуудын талаарх төлөвлөгөөгөө гаргаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлуулчихсан ажиллаж байна. Дэлхий даяараа айлчлалын ийм жишиг байдаг юм. Айлын талтай эхлээд тохирчихоод өдөр, цагаа товлодог. Ийм бичигдээгүй соёл бий. Нөгөөтэйгүүр маш олон шалтгааны улмаас айлчлалын мэдээллийг түрүүлж зарладаггүй юм шүү.

-ОХУ руу зорчсон монголчууд барууны орнууд руу зорчиход хүндрэл үүсдэг гэх албан бус мэдээлэл гадуур их явж байна. Албан ёсоор иймэрхүү олон улсын хориг манай улсад үйлчилж байна уу. Үүнд та тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Орос руу гарсан иргэдийг барууны орнууд хүлээж авахгүй байна гэдэг мэдээлэл бол олон нийтийн сүлжээгээр явагддаг худлаа мэдээллүүдийн нэг. Ийм үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн зорчих хөдөлгөөнд дээрх асуудлаас үүдэн хязгаарлалт авч байгаа гэсэн зүйл байхгүй.

Манай яаманд энэ асуудлаар албан ёсны хүсэлт, гомдол гаргасан иргэн одоогоор алга. Хэрэв яг ийм баттай, мэдээлэлтэй, өөрөө энэ асуудлаас болоод хохирчихсон иргэн байгаа бол Гадаад харилцааны яаманд хандахыг зөвлөж байна.

-Эдийн засгийг сэргээхийн тулд гадаад худалдааг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд эрх баригч нам ярьж байгаа. Энэ асуудалд танай яамны хувьд ямар байдлаар уялдаа холбоотой ажиллахаар байгаа вэ?

-Гадаад айлчлал гэдэг бол нэг талдаа худалдаа эдийн засгаа сайжруулах асуудлыг түлхүү хэлэлцдэг. Цаашлаад улс орныхоо экспортыг нэмэгдүүлэх, худалдааг эрчимжүүлэх чиглэлд манай яам бодлогын уялдаатай ажилладаг гэж ойлгож болно. Ер нь бүх улс оронд гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, ашигтай ажиллах сонирхол байдаг. Тэр утгаараа сүүлийн үеийн айлчлалуудын хүрээнд нэг зүйл хийгдэж байгаа. Тэр нь тухайн орны бодлогын баримт бичигт өөрсдийнхөө баримт бичгийг уялдуулах чиглэлд анхаарч ажилладаг. Тухайлбал, шинэ сэргэлтийн бодлогод заасан бүх ажлуудаа БНХАУ-ын худалдаа, эдийн засагтаа авч хэрэгжүүлж байгаа бодлогод уялдуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын бодлогын баримт бичигт энэ асуудлыг анхаарах чиглэлд яриа хэлэлцээрүүдээ хийдэг гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр айлын бодлоготой уялдахгүй байх нь бидэнд л ашиггүй. Бид мянга сайхан тийм юм аваач, ийм юмаа заръя, худалдаалъя гээд нөгөө айлынхаа бодлогод түүнийгээ уялдуулж чадахгүй бол ямар ч ашиггүй гэсэн үг. Тэр утгаараа айлынхаа бодлого, худалдаа эдийн засгийн сонирхлыг эхлээд мэдэх, улмаар өөрсдийнхөө саналыг сонсгох зарчмаар энэ асуудлыг зохицуулах ёстой гэж хардаг. Мэдээж гадаад харилцааны нэг чухал асуудал бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа. Тэр утгаараа манай яам энэ асуудалд харилцааны хувьд онцгой анхаарч ажиллаж байна.