Эдийн засагч Ж. Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Бар жил шувтарлаа. Эдийн засгийн хувьд ямар байсан гэж та дүгнэх вэ?

-Саяхан гарсан эдийн засгийн гүйцэтгэлийн мэдээгээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.8 хувьтай гарлаа. Энэ нь оны дунд үе хүртэлх эдийн засгийн гүйцэтгэл олон улсын байгууллага, бусад талуудын хүлээлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Ер нь 2022 оны хувьд бидний анх таамаглаж байснаас нөхцөл байдал өөр, харьцангуй сөрөг байсантай харьцуулахад энэ үзүүлэлт нь муугүй үр дүн юм. Өөр нэгэн эерэг тал нь Монгол Улсын төсвийн урьдчилсан гүйцэтгэл харьцангуй бага алдагдалтай гарсан явдал. Үүн дээр гадаад худалдааны тэнцлийн байдлыг эдийн засгийн хувьд эерэг үр дүнтэй талд байсан гэж хэлж болох. Гэхдээ зөвхөн эдийн засгийн энэхүү өсөлт, төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийг бүхэлд нь тайлбарлах боломжгүй. Шулуухан хэлэхэд эдийн засгийн ерөнхий төлөв нилээд муу байдалтай байна. Дээрх цөөн эерэг үзүүлэлтийн эсрэг талд инфляци, валютын ханш, өрхийн орлого, хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд ихээхэн сөрөг нөхцөл байдалд байгааг анхаарах хэрэгтэй. Ялангуяа өрхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч өрхийн бодит орлого буурч байгаа нь хамгийн их анхаарал татах үзүүлэлт. Өрхийн орлого 2022 онд 0.7 хувь, сүүлийн улиралд 1.7 хувиар буурсан. Үүнд тэтгэвэр тэтгэмжийн орлогын бууралт нөлөөлж байгаа нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх гол сөрөг үзүүлэлт юм. Дээрээс нь төлбөрийн тэнцлийн алдагдал, урсгал дансны алдагдал өсч байгаа нь цаашид сөрөг нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг яах аргагүй болно. Гэх мэтчилэн эдийн засгийг цогцоор нь харвал хэдийгээр цар тахлын дараагийн харьцангуй сэргэлт ажиглагдаж байгаа боловч бидний хувьд хямралаас гарч чадаагүйг илтгэж байна.

-Ер нь аль салбарт илүү өгөөжтэй жил байв. Эсрэгээрээ ямар салбар уналтад орсон бол?

-Эдийн засгийн өсөлтийн тоон мэдээллээс харахад хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт давамгайлсан нь байна. Үүн дотроо мал аж ахуйн салбарын үзүүлэлтүүд бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар голлох эерэг нөлөөллийг үзүүлсэн байдалтай. Газар тариалангийн салбараас төмс хүнсний ногооноос бусад дэд хэсгийн үзүүлэлтүүд сөрөг байгаа нь анхаарал татаж байна. Эдийн засгийн өсөлтийн эерэг хэсэгт олон улирлын турш сөрөг өсөлттэй гарсан барилгын салбарын өсөлт сүүлийн хоёр улиралд эерэг гарсан нь энэ салбарын хувьд эерэг хүлээлтийг бий болгож байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт, бүтцэд томоохон жин дардаг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлогч боловч уул уурхай, олборлолтын салбарын хувьд 2022 онд 11.9 хувийн бууралттай гарч эдийн засгийн өсөлтөд голлох сөрөг нөлөөллийг үзүүллээ. Эндээс бид 2022 оны эдийн засгийн өсөлт нь цар тахлын дараах нийгмийн амьдрал харьцангуй хэвийн нөхцөл байдалд шилжсэнтэй холбоотойгоор бий болсон гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнээс гадна бидний эдийн засгийн бүтэц ямар байгаа нь харагдаж байгаа юм.

-Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улирал нүүрсний экспортод түүхэн амжилт тогтоосон үе байлаа гээд байгаа шүү дээ...

-2022 онд бид эрдсийн бүтээгдэхүүний хувьд ихээхэн том зорилттойгоор өөдрөг харж ажиллаж эхэлсэн боловч оны эхний хагас таатай байгаагүйгээс нөхцөл байдлыг эргэн харах шаардлагатай болсныг та бүхэн санаж байгаа. Үүний илрэл нь бид төсвийн тодотгол хийхдээ нүүрсний экспортыг 18 сая тонн болгон бууруулсан явдал. Гэтэл 2022 оны гүйцэтгэлээр 31.8 сая тонныг экспортолж чадсан нь хүлээлтээс давсан томоохон амжилт юм. Үүний гол нөлөөлөл нь өмнөх хөрштэй хийх худалдааны бодлого, тээврийн салбарын хүчин чадал, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж чадсан явдал гэж би хувьдаа харж байгаа. Мөн оны сүүлийн саруудад нүүрсний хулгай гэх асуудлыг хөндөж тэр чиглэлд тодорхой ажил хийж, “Таван толгой” ХК-ийн 2023 онд нүүрсийг биржээр арилжаалах асуудал болон төмөр замын тээврийн чиглэлд амжилт гаргаж чадвал үүнээс илүү амжилттай ажиллах боломж бий болох боломжтой.

- Эрдэс баялгийн салбарын орлого ямар байв?

-Салбарын хувьд манай улсын эдийн засаг, түүн дотроо аж үйлдвэрийн салбарын голлох байр суурийг эзэлдэг. 2022 онд голлох эрдсийн бүтээгдэхүүний борлуулалт 10.4 тэрбум доллар болсон нь өмнөх жилд 5.1 тэрбум байсантай харьцуулахад ихээхэн өссөн дүн юм. Үүнд нүүрсний борлуулалт тоо хэмжээний хувьд 2 дахин, үнийн дүнгээр 2.3 дахин өссөн нь голлох өсөлтийг бий болгосон. Ерөнхийдөө нүүрс, зэс борлуулалтын тоо хэмжээ үнийн дүнгийн хувьд өсч, төмрийн хүдэр, газрын тосны салбарт ихээхэн уналттай байсан.

-Өнгөрсөн онд бид Монголд мөнгө орж ирэх ямар боломжуудыг алдав?

-Зөвхөн 2022 оныг харж, ярих боломжгүй. Учир нь энэ асуудал нь сүүлийн 10 гаруй жилийн улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой холбоотой. Бидний бодлого алдаатай байснаас гадаадын хөрөнгө оруулалт гэх гол боломжоо бид маш ихээр хязгаарлачихаад сууж байна. Мөн 2012 оноос өрийн удирдлагын суурийг буруу тавьсантай холбоотой улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх өрийн санхүүжилтын сувгийн ашиглалт ихээхэн муудсан. “Одоо бид өмнөх өрөө хэрхэн төлж, өрийн нөхцөл байдлаа муутгахгүй хадгалах вэ” гэсэн байдалтайгаар сүүлийн жилүүдэд ажиллаж ирлээ. Үүн дээр экспортын бүтцээ бид мэднэ. Голлох бүтээгдэхүүн нь эрдэс байгаа нь бид эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйтэй холбоотой. Энэ мэт шалтгаануудаас болж мөнгө орж ирэх боломжууд бидний хувьд сүүлийн жилүүдэд ихээхэн хязгаарлагдмал байдал болсон. Би хувьдаа ойрын ирээдүйд бидний гол тулгуур нь эрдсийн салбар байсаар байх бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нөлөөлөл улам нэмэгдэх хандлагатай болж байна. Тодруулбал бид хэдий хэмжээний нүүрс зэс гарахаас хамаарсан эдийн засаг, валютын тогтолцоотой болж байна. Харин 2022 оны хувьд мөнгө орж ирэх ийм, тийм томоохон боломжийг алдлаа гэж хэлэх зүйл бага. Экспортоо нэмэгдүүлж, өрийн асуудлаа шийдэж чадсан нь тухайн жилийн хувьд гол асуудал байлаа. Өрийн хувьд сая оны эхэнд харьцангуй бага хүүтэй бонд гаргаж тулгамдсан сөрөг нөхцөл байдлыг саармагжуулж чадсан гэж харж байна.

-Ковидын хүнд жилүүд хувийн хэвшлийнхэнд хамгийн хүнд туслаа. Өнгөрсөн бар жил бизнесийнхэний хувьд хүнд байдлаас гарахад нь нөлөөлж чадсан уу?

-Үүний тулд бид ковид, цар тахал бидэнд ямар хохирол ул мөр үлдээснийг сайн тооцох хэрэгтэй. Миний бодлоор энэ онцлог хямрал нь эдийн засгийн суурийг хүртэл ганхуулсан. Үүний эсрэг тэмцсэн гэх эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээнүүд нь өнөөгийн эдийн засгийг цар тахлын өмнөх байдлаар төсөөлөх аргагүй болгосон. Энэ хямрал нь эрүүл мэндийн шалтгаантай байснаас худалдаа, үйлчилгээний салбарт эхлээд, цаашлаад бүх салбарт нөлөөлсөн. Энэ онцлогоос хамаарч 2022 онд гол цохилтод өртсөн худалдаа, үйлчилгээний салбар арай илүү сэргэлт авч чадав уу гэж бодож байна. Ерөнхий байдлаар тухайн жилийн ямартай ч цар тахлын дараах үеийн эхлэл гэж тодорхойлж болно. Бусад салбарын сэргэлт энэ онд илүү нэмэгдэж оны төгсгөл дараа жилийн эхэнд хэвийн байдалдаа орох боломжтой болно. Бусад шинэ том эрсдэл тулгарахгүй бол.

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн амьжиргаа улам доройтлоо. Ядуурал, ажилгүйдэл нүүрлэснийг статистик харуулж байна шүү дээ. Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах ёстой байв. Судлаачийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Бидний гол асуудал энэ, сүүлийн олон жилийн турш Монгол Улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд өссөөр байгаа мэт боловч иргэдийн амьдралын чанар бодитойгоор нэмэгдэхгүй байна. Нэг хүнд ногдох ДНБ бараг 10 гаруй жил нэг түвшинд байлаа. Үүн дээр нэмээд цар тахал томоохон сөрөг дарамт болсон. Өрхийн бодит орлого нэмэгдэх байна. Энэ нь цаашид удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засгийн энэхүү асуудал нийгмийн томоохон асуудлыг дагуулж болзошгүй гэж би хувьдаа хардаг. Гол шалтгаан нь бид сүүлийн 30 жил эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадаагүй явдал. Бид өнөөдөр эдийн засгийн өсөлт 4.8 хувь гарлаа гээд баярлаж байна. Тэгвэл бидний энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанч, тогтвортой бодлоготой, түүнийг хэрэгжүүлж чадах засаглалтай байх ёстой. Үүний үр дүнд эдийн засаг дор хаяж 10 жил тогтвортой арав орчим хувийн өсөлтийг бий болгож байж энэ асуудлыг шийднэ.

-Долларын ханш өндрөө авсан жил байлаа. Ханшийн өсөлтийг хязгаарлах боломж байв уу?

-Долларын ханш өсөж байгаа шалтгааныг хайх шаардлагагүй. Товчхондоо бидний зарцуулж буй доллар, олж байгаагаасаа даваад байгаа. Дээрх дурдсан даа, бид доллар орж ирэх гол сувгуудаа тогтвортой хадгалж, нэмэгдүүлж чадахгүй байна. Төлбөрийн тэнцэл асар өндөр алдагдалтай, өрийн удирдлага үр ашигтай бус байгаа нь үүний гол шалтгаан. Хязгаарлахын тулд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Монгол Улсын Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд айлчилж очсон орон бүрдээ энэ бодлогоо танилцуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хаалга үүд нээлттэй гэж урьж байсан. Үр дүн мэдрэгдэв үү?

-Энэ бол сайн зүйл гэдэгтэй санал нэг байна. Томоохон бүтээн байгуулалтууд бидний хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэдэг нь ч тодорхой. Гэхдээ үүнийг зарлахаасаа илүү бид ажлаа сайн хийсэн байх хэрэгтэй. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тогтвортой бодлого, хэрэгжилтийн баталгаа хэрэгтэй. Харамсалтай нь бид үүнийгээ олон жилийн турш алдаж тэдний итгэлийг хөсөрдүүлсэн. Одоо бодит ажлаар харуулах хэрэгтэй. Иймд Оюу толгойтой холбоотой асуудлыг зөв шийдэх гэх мэтээс эхлэх нь чухал болов уу