1900-1939 оны хооронд Манж, Хятад, Орос, Төвд, Япон өөр өөрсдийн ашиг, сонирхлыг хэрэгжүүлж байх үүднээс Ар Монголд төлөөний хүн, туршуул, тагнуулаа ажиллуулж, мэдээ цуглуулж, тэдэндээ зааварчилгаа өгч, Монголын улстөрийн амьдралд гаднаас нөлөөлсөөр байжээ.

Энэ таван орны төр, засгийн бодлого, санаархал, оролдлогын талаарх баримтуудын ихэнх нь устгагджээ. Үлдсэн хэсэг нь нууцлагдсаар, цөөн зарим нь уван цуван ил болсоор өдий хүрлээ. Өнгөрсөн түүхээ түүхэн үнэнд нь ойртуулж, нийцүүлж бичихийн тулд манай судлаачид холбогдох архивуудаас үлдсэн бүх баримтыг олж, орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах хэрэгтэй байна. Цаг хугацаа улиран өнгөрөх хэрээр жинхэнэ үнэн, түүхийн үнэн тодорч ”түүх өөрийнхөө сэнтийд” залардаг нь үнэн боловч мөн олон зүйлийн үнэн сэргээгдэх боломжгүй болж устдаг нь ч бас үнэн юм.

Дээр дурдсан цаг үеийн турш дахь энэ таван орны Монголын талаарх бодлого, үйлдлийг шинэхэн түүхэндээ  тусгаж, сургамж, ухаарал авахын ач холбогдлыг хийдүүлэн орхиж болохгүй билээ.

 

 

*  *  *

 

Төвдийн төр, шашины томчуудын хувьд шарын шашныг Монгол даяр амжилттай дэлгэрүүлэхийн гол зорилго нь монголчуудыг “саалийн үнээ” болгон ашиглах, өргөл барьц өгдөг хүн амын тоог өсгөх, монголчуудын оюун санааны ертөнцөд эзэн сууж дуртай зүгрүүгээ залах, Чингис хааны үед монголчуудад хоёр ч удаа ялагдаж их хэмжээний эд баялгаа бэлэг, алба болгон барьж хохирсноо нөхөх, Халхын шашины тэргүүнийг мөнхөд Төвдөөс тодруулж үзэл санаа, үйл ажиллагааг нь Лхасаас удирдаж, залж байх далд санаа, атгаг, хоруу бодлого байжээ. Гэхдээ төв халхаас бусад монголчууд, ялангуяа баруун монголчууд Жавзандамба хутагтын эхний дүрүүдийг төдийлөн шүтэж, хүндэтгэж байсангүй. “Халхын богд” хэмээн хөндийхөн нэрлэж байв. “Ойрдууд бид Алтай Таван Богдоо л тахиж, шүтэж ирснээс биш, Халхын богдын тухайд дуулснаас цаашгүй явж ирсэн юм шүү” гэх захчин хөгшний үгийг би ч сонсож байлаа.

“Занабазар Монголыг Манжид тушааж эргээд манийгаа дайлж байсан л хүн шүү дээ” гэж гунигтайхан өгүүлдэг хөгшид ч мөн олон байж билээ. Өнгөрсөн түүхийн бараан сүүдрээс болж баруун Монгол халхаас тусгаарлаж биеэ даасан улс болох гэсэн санаа, сэдэл ч гарч байжээ. Манжийн төр засаг Монголыг буталж засаг захиргааны олон нэгжид хувааж, задалж, салгасан, шарын шашин монгол эрсийг ноомой, хүлцэнгүй болгож доройтуулсны үр дагавар бол 1910 оны Хүрээ, хөдөө байв.

 

“Улс гүрнийг идэхийн тулд ухаан оюуныг нь химэлмүү, монгол хүнийг монголоор нь энэчлэн мохоосон цадиг буй” хэмээн хожим нь цэцэлсэн баримт ч байжээ. 1910-аад, 1930-аад оны эгзэг ээдрээтэй цаг үед ч Төвдийн төр, шашины томчууд нийт Монгол даяарх нөлөө, оролцоогоо хэвээр нь хадгалах, Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Монголыг холбоотон болгон ашиглах, Монголоор дамжуулан Оросын хаантай харилцаж цэрэг зэвсгийн тусламж авах зэрэг санаархлаа оролдлого болгон үргэлжлүүлсээр байжээ.

 

Дурдсан он жилүүдэд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гол хүмүүс бол XIII Далай лам, IX Банчин богд, Ёнзонхамба Лувсанхаймчиг нар юм.

 

XIII Далай лам Төвдөөс нууцаар гарч Ар Монголд ирээд олон сар байж, Монголын байдал, нөхцөлтэй танилцаж, Манж-Хятадын нөлөө, хүчирхийллийн эсрэг үзэл санаагаа Халхын ноёд, лам нарт ойлгуулж, сурталчилж байжээ. Энэ цаг үед XIII Далай лам Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, харин IX Банчин богд Төвд, Монгол хоёрыг Манж, Хятадын муж байлгах үзэл санаанд үйлчилж Манж, Хятадын төр засгийн төлөөний этгээд болж явжээ. Ёнзонхамба Лувсанхаймчиг нь 1915 онд Богд гэгээний номын багш нэрээр Да Хүрээнд томилогдон ирж суурьшсан IX Банчин богдын төлөөний хүн, туршуул, Богд гэгээний улстөрийн нууц зөвлөх байв. Тэрээр 1922 оноос Нанжин хотод амьдрах болсон IX Банчин богдтой уулзаж дэргэд нь байж, хамтран ажиллаж, Ар, Өвөр, Баруун Монголын талаарх Гоминданы бодлогыг дэмжих ажиллагаанд оролцжээ. Харин Богд гэгээний нас барсны дараа Ёнзонхамба Да Хүрээнд буцаж иржээ. Богд гэгээн 1920 онд Лувсанхаймчигийг Да Хүрээний 21 дэх Их Хамбаар өргөмжилж, одоогийн Төв аймгаас олон шавьтай, мал хөрөнгөтэй болгож нэр хүндийг нь ихэд өргөжээ. 

 

46 настай, Ар Монголын хаан хүнд номын багш нэрээр Төвд ламыг илгээх нь цаанаа нилээн учир, утга, зорилгыг агуулна биз дээ? Монголын хаан Төвд зөвлөхтэй, тэр зөвлөх нь IX Банчин богдоор дамжаад Хятадын Гоминданы засгийн газартай холбоотой туршуул, тагнуул болчихож байна. 

IX Банчин богд нь 1922 онд Нанжин хотод ирж суурьшсан, Гоминданы засгийн газраас “Баруун хязгаарын бүрэн эрхт төлөөлөгч”-өөр томилогдсон хүн шүү дээ. 

Богд гэгээнийг нас барсны дараа Монголын сүсэгтэн олон, лам нарын тахьж шүтдэг хүмүүс нь IX Банчин Эрдэнэ, Ёнзонхамба Лувсанхаймчиг хоёр болжээ. Тэр хоёрын хэн хэнд нь энэ байдал ихэд таалагдаж, бүр Монголд бэхжиж, шүтэгдэж, зоргоор загнах сонирхлыг нь дэвэргэж хөөрөгдсөн нь үнэн юм.

Ёнзонхамба Лувсанхаймчиг нь IX Банчин богдыг Монголд шүтүүлэх ажлыг тун идэвхтэй зохион байгуулж, Банчин богдын нэрээр элдэв бичиг, зарлиг тарааж, цуурхал дэгдээж ч байжээ. Түүгээр ч барахгүй Богд гэгээнийг нас барсны дараа IX Банчин богдыг түүний сэнтийд залж бүх Монголын шашины тэргүүнээр өргөмжлүүлэх гэж оролдсон байна. Энэ нь тэр үеийн Хятадын эрх баригчдын таалалд гойд сайн нийцэх шийдэл болох байжээ. 

 

Монголд ирж суурьшсан Төвд лам нар, тэдний төрөл төрөгсдийн тоо тодорхойгүй хэдий ч тэд хэдэн зуугаар тоологдохоор олон байжээ. Жишээ нь Хүрээг чөлөөлөхөөр гурав дахь тулалдаанд бэлтгэж байсан Барон Унгерны цэрэгт 1921 оны 1 дүгээр сарын эцсээр 100 орчим Төвд цэрэг ирж нийлсэн мэдээ буй. Зэвсэг агссан 100 орчим Төвд эрс яахлаараа Хүрээнд бэлхнээ байж байдаг билээ. Тэд Богд гэгээнтэй, Ёнзонхамбатай холбоотой нь тодорхой биз дээ? Төвдийн зуут хэмээн нэрлэгдэж байсан энэ эрчүүд хэн болох, зэр зэвсэг нь хаанаас авсан, хаана хадгалагдаж байсан, хэн тэднийг зохион байгуулж, удирдаж байсныг тодруулах хэрэгтэй юм. Тэдний хэрэглэж асан зэр зэвсгийг хожуу нь Төвдөөс нэхэмжилсэн гэх яриа ч мөн байдаг билээ. Цөөн хүнтэй, бага буурай, байнгийн цэрэг армигүй оронд харь орны бүрэн зэвсэгтэй 100 цэрэг бол төрийн эргэлт хийж ч чадах хүч шүү дээ... Ийм хүч бэлхнээ байжээ. 

 

Богд гэгээний номын багш гэх нэрээр Монголд орж ирж суурьшсан, монгол хэл сайн сурсан, Монголын олон сүм хийд, хутагт, хувилгаадтай холбоо тогтоож амжсан, Их Хүрээний 21 дэх Их Хамбаар өргөмжлөгдсөн Ёнзонхамба Лувсанхаймчигийн гар хөл болж, Богд гэгээнтэй хааны сэнтий булаацалдаж болзошгүй хэмээн сэрдэгдэж болох олон ноёдыг зэвсэглэсэн Төвдүүд хороосон байж ч болох талтай. Тэдний ихэнх нь 1921 он гэхэд учир битүүлгээр нас баржээ. Чин ван Ханддорж 1915 онд 46 настайдаа, Чин ван Чагдаржав 1915 онд мөн 46 настайдаа, Түшээ гүн Хайсан 1917 онд, Сайн ноён хан Намнансүрэн 1919 онд 41 настайдаа, Да лам Цэрэнчимэд 42 настайдаа, Далай ван Гомбосүрэн 34 настайдаа, Жалханз хутагт Дамдинбазар 1923 онд 49 настайдаа, Жонон ван Намсрай 49 настайдаа хордож, хорлогдсон байх магадлалтайгаар нас барсан байна. Хятадын, Японы, Төвдийн, мөн бусад орны тагнуул, туршуул Их Хүрээнд элдэв хуурамч нэр, хаяг, зорилгоор орж ирж, зарим нь бүр жижиг аж ахуй эрхлэн суурин амьдарч байсан цаг үе шүү дээ.

 

1900-1932 оны хооронд гарсан улстөрийн өнгө, аястай, бослого, хөдөлгөөн, дүрвэлт, мөн лам нарын дунд тарсан элдэв цуурхал, дайн, самуун, их зуд ба ган гачигийн талаарх таавар, зөгнөл мэт нь бүгд л Төвдийн зүгээс, том лам нарын нэртэй холбогдож байсан нь ч үнэн юм.

 

Жишээ нь “Төмөр хонин (1931 он) жилийн сүүлч, усан бичин (1932 он) жилийн эхээр Монголд их дайн самуун гарна. Монголын зүүн хоёр аймаг хүмүүний мөргүй баруун хоёр аймаг малын мөргүй болно. Монголын иргэд сүсэг бишрэлээ хичээ! Эс тэгвээс цөвүүн цагийн аюулд өртнө” гэх мэтийн цуурхал хүрээ, хөдөөгүй тараагдаж байжээ. Энэчлэн олон цуурхал тараагдаж байсны олонхи IX Банчин богдтой холбогдож байсан нь түүний нэр, нөлөөг өөр хүмүүс, өөр хүч ашиглаж байсан байж ч болох юм. Японы, Хятадын талаас Банчин богдын нэрийг барьж үйлдсэн ухуулга, халдлага байж ч мэднэ. Энэнийг архивт байгаа баримтуудад нарийн шинжилгээ хийж нягтлах хэрэгтэй байна. 

Манжийн төр засаг унаж, мөхөж байхдаа Монголын бүх баялгийг хаман дээрэмдэх бодлогод шилжсэн, Гоминданы төр засаг Ар Монголд үлэмж тооны цэрэг оруулж хүчэрхийлэн эзэлсэн, Оросын хаан Ар Монголыг бамбай, Японтой хийж болзошгүй дайны талбар болгож ашиглахыг хичээсэн, Япончууд Монголд цэрэглэн халдсан, Төвдүүд Монгол дахь нөлөө, мөлжлөгөө хэвээр нь хадгалахын тулд Богд гэгээнд зөвлөх хүн, туслах хүч (Төвдийн зуут гм) илгээсэн гэх мэт нь манай шинэхэн түүхэнд дурдагдах, сургамж болон үлдэх ёстой үйл явдлууд мөн болно.

1932 оны бослого, хөдөлгөөн, дүрвэлт, 1937-1938 оны их хэлмэгдүүлэлт зэргийн гадны нөлөө, түлхээс, хүчин зүйлүүдийн шинэчилсэн судалгаа хэрэгтэй байна.

Төвдүүд Монголын талаарх Манжийн хаадын бодлогыг дэмжиж байсан, мөн Хятадын төр засгийн бодлогыг дэмжиж, ил далд оролцож байсан, бас Японы түрэмгийллийн гар хөл болж байсан ч байж болох ажээ. 

 

Монгол орны улстөр, эдийн засаг, монгол хүний оюун санааны ертөнц дэх Төвдийн гэгдэх хүчин зүйлүүдийг нягт чамбай судалж тогтоох, тэдгээрийн үлдэгдэл, үргэлжлэл, инерцийг тооцох, Дарамсала дахь Төвд лам нарын ил, далд санаархлын үзүүр, ёзоорыг, болзошгүй үр дагаврыг урьдчилан харж байх нь чухал байна.

Шарын шашин, Төвд лам нарын монголчуудад үзүүлэх нөлөө, оролцоо одоо, бидний цаг үед ч аль нэгэн хэмжээгээр байсаар, X Богдыг тодруулах, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах, бага насны олон хүүхдийг лам болгохоор гадаадад илгээх, Далай ламыг урьж ирүүлэх, Монголын сүсэгтнүүд Лхас, Утаа, Гүмбэнрүү эргэл мөргөлөөр явах зэрэгт мөн л ихээхэн зардал, сүйтгэл гарсаар байна.

 

Хөгжиж байгаа болон хөгжингүй улс орнууд ард иргэдийнхээ оюун санааны амьдралыг шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр л хангаж, цэнэглэж байхыг эрхэмд үзэх болжээ. Энэ зөв хандлагыг монголчууд бид ч ойлгож, дэмжиж, нийгмийн амьдралд хэвшүүлж зуршуулмаар байна. Хөгжил, дэвшил, эрүүл, аюулгүй амьдралын гол хүчин зүйл нь шинжлэх ухаан, техникийн боловсрол, бүх нийтийн гэгээрэл, зөв ёс суртахуун, ариун цэвэр-эрүүл ахуйн мэдлэг, хүмүүжил болчихоод байна шүү дээ. 

Монголчууд бидэнд хамгийн орчин үеийн техник, технологийн инженерүүд, зохион бүтээгчид, нарийн мэрэгжлийн эмч нар, хүнс үйлдвэрлэгчид, бүс даавуу нэхэгчид, нефть боловсруулагчид мэтийн амьдралд амин чухал мэрэгжилтэнгүүд л хэрэгтэй. Далай ламын хэдэн ч дүр, Банчин Эрдэнийн хэдэн ч дүр, хорин нэгэн аймаг бүрт хувилгаан гэгдэгсэд хэд ч байгаад тэд хоол, хувцас бүтээхгүй, хорт хавдар эмчлэхгүй, ядаж л цэцэрлэгийн багш, сувилагчаар ажиллаж чадахгүй шүү дээ.

Аав, ээж нар минь шүтэх, бишрэх эрх чөлөөгөө өөрсдөө л эдэлцэгээ. Хүүхдүүдээ мухар сүсэгтэн болгоод хэрэггүй. Тэд чинь насан хүрсэн хойноо л хэрхэхээ өөрсдөө сонгог, шийдэг.

Аль ч шашинд ашиг, тус бараг л байхгүй. Ирээдүй ч байхгүй. Харин хүмүүсийг мунхруулж байсан, мунхарсан хүмүүс өөрсдөө элдвээр хохирч байсан тухай гашуун түүх л үлдэх байх. 

Буддизм өнөөдөр дорно дахины философи сэтгэлгээний өв сан ч болж байна, бас шашин ч болж байна, мөн шашины зарим бүдүүлэгдүү урсгалын ард нь орж нуугддаг маска, халхавч болж байна. Энэ бүхнийг ялгаж, салгаж, аль нь юу вэ гэдгийг тодруулж, нэр нэрээр нь, нүүр нүүрээр нь олон түмэнд танилцуулмаар байна. Энэ талын гэгдэхээр үг хэлж, асуулт тавьж, харамсал илэрхийлж байсан оюунлаг хүмүүс, лам нар Төвдөд ч, мөн Монголд ч байсан юм шүү!                        

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав