Өнөөдөр "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр" тохиож байна.

Энэ жил “Чих сонсголын тусламжийг хүн бүрд хүргэе. Бодитоор хэрэгжүүлцгээе” гэсэн уриаг дэвшүүлжээ. 

Уг өдрийг тохиолдуулан манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд мэргэжлийн эмч 09:00-13:00 цагийн хооронд хүүхдийн чих хамар хоолойн үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдээ үзүүлэн зөвлөгөө авахыг урьжээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас дунд чих, хөхлөг сэртэнгийн өвчлөл, дотор, гадна чихний өвчин болон бусад төрлийн чихний өвчлөлийн эмийн болон мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн 75 хувийг хариуцдаг байна. 

Орчин цагийн 15-35 насны залуучуудын 50-аас дээш хувь нь ирээдүйд сонсголын бэрхшээлтэй тулгарна

ДЭМБ-ын мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо байдаг байна.

Манай улсын хувьд 2021 оны статистик мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8,430 хүн байдгаас 3,876 нь эмэгтэй, 4,554 нь эрэгтэй байна. 

Орчин цагийн 15-35 насны залуучуудын 50-аас дээш хувь нь ирээдүйд сонсголын бэрхшээлтэй тулгарна гэсэн тооцоолол гарчээ. Үүнд чихэвчний зохисгүй хэрэглээ, гар утас, баар цэнгээний газрын дуу шуугиан, сонсголоо хамгаалах мэдлэггүй байдал зэрэг нөлөөлж байгааг Эрүүл мэндийн яамны чих, хамар хоолойн мэргэжлийн салбар зөвлөл болон Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгээс мэдээлсэн байна.  

Сонсгол бууралт дүлийрлээс урьдчилан сэргийлэхийн тулд: 

  • Хамар, хоолойн өвчлөл болон осол гэмтэлд өртөхгүй байх 
  • Чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх 
  • Хөгжим сонсохдоо чихэвчээр удаан хугацаагаар чанга дуугаар сонсохоос зайлсхийх 
  • Хэт өндөр дуу чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх 
  • Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх 
  • Жирэмсний хяналтад эрт орж тогтмол үзүүлэх
  • Дуу чимээтэй ажлын байранд хамгаалах хэрэгсэл ашиглах хэрэгтэй байдаг байна.