Оюу толгойн далд уурхай “доллар даллах” уу?
2023/03/13
Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд манай эдийн засагт П.Жасрай гуайн 20-иод жилийн тэртээ хэлж байсан шиг “...Хонгилын үзүүрт гэрэл” харагдаж эхэлсэн.
Эдийн засгийн үзүүлэлт болдог зарим “тоо” илтэд сайжирч үзэгдсэн.Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр ч сайн мэдээ бишгүй дуулдсан. 1.3 тэрбумд хүртэл унаад байсан ам.долларын нөөц оны сүүлч гэхэд 3.4 тэрбумд хүрсэн байдаг. Юунаас болсон нь ойлгомжтой. Нүүрсний хулгай зогсож, нүүрсний далд бизнес цэгцэрч, боомт бодитойгоор сэргэж эхэлж байна гэсэн үг.
Түүнчлэн өнөөдөр нэг түүхэн үйл явдал болох гэж байна. Оюу толгойн далд уурхай нээлтээ хийнэ. Оюу толгой өнөөдрөөс эхлээд одоогийнхоосоо гурав дахин илүү ашигтай олборлолт хийхээр болж байгаа юм. Үнэн хэрэгтээ, “...Монгол Улс “Оюу толгой” төслөөс хэзээ ашиг хүртэх вэ” гэдэг нь маш тодорхойгүй болоод байсан.
Хөрөнгө оруулалтын болоод бусад гэрээг 2009 онд байгуулсан. Түүнээс хойш манай эзэмшдэг 34 хувь дээр “хөрөнгө оруулалтын өр” бодогдсоор ирсэн. Энэ хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр бичигдээд байсан. Бусад асуудал нь гацаанд ороод байв. Гэхдээ 2021 оны сүүлчээр хоёр тал тохироонд хүрч, дээрх өрийг тэглэж, улмаар далд уурхайг эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ утгаараа энэ Засгийн газрын хийсэн хамгийн амжилттай, томоохон ажлуудын нэг юм. Тэгээд ч хоёр талын тохироо хэрэгжиж, хэлэлцэж ярьснаараа өнөөдөр нээлтээ хийж байна. Дашрамд хэлэхэд, Оюу толгойн далд уурхай бол дэлхийд эхний тавд орно. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай далд орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм.
Ер нь бол Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Тус төслийнхэн одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авдаг.
Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Тухайлбал, далд уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай юм байна. Тэр утгаараа, далд уурхай нь манайх руу ам.доллар даллах, эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох хүлээлтийг бидэнд үүсгээд байна. Тиймээс нээлт нь түүхэн үйл явдал болж байгаа хэрэг билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин