Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн 2012-2013 оны санхүүд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна.

Тус компани нь  мэдээлэл, холбооны зах зээлд үйлчилгээ үзүүлэгч компани, сүлжээ ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сүлжээ болон сүлжээний дэд бүтцийг адил тэгш нөхцөлтэй ашиглуулах, хэвийн ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээ, нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх чиглэлээр ажилладаг аж. 21 аймаг, 227 сумыг хамарсан 11242 км шилэн кабелийн сүлжээг эзэмшдэг юм байна. 

2009 онд энэ компанид шалгалт хийж 91 сая төгрөгийн зөрчил, акт тогтоосноос таван сая төгрөгийн хоёр актыг өнөөг хүртэл барагдуулаагүй нь илэрчээ. Иймээс энэ асуудлаар шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн саналыг зөвлөлийн гишүүд гаргасан аж.

Энэ удаагийн шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. Тодруулбал тухайн үед "Мэдээлэл холбооны сүлжээ" төрийн өмчит компанийн  гүйцэтгэх захирал байсан С.Адьяасүрэн 2012 онд тушаал гарган Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ болон Хяналтын зөвлөлийн найман гишүүнд 24 сая төгрөгийн үр дүнгийн шагнал, нэг хүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн энэ үйлдэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Компани ажилчдынхаа амралт, сувилалын газрын барилгын ажлыг Төв аймгийн Баянчандмань суманд 2012 онд эхлүүлжээ. “НАЗУ констракшн” компани 594 сая төгрөгөөр барих тендерт шалгарч ажлаа эхлэн 416 сая төгрөгийн санхүүжилт авсан ч гэрээгээ удаа дараа сунгасаар өнгөрсөн оны гуравдугаар сард хүлээлгэн өгчээ. Гэхдээ дутуу хийгдсэн ажилд 14 сая төгрөг шилжүүлэн авсан нь шалгалтаар илэрсэн байна.

“Мэдээлэл холбоо сүлжээ” компанийн удирдлага харилцагч байгууллагууддаа шинэ жилийн мэндчилгээ, бэлэг хэмээн 26 сая төгрөгийн үнэ бүхий ном, аяга, тор зэргийг, 100 орчим байгууллага, тэдгээрийн дарга, орлогч, нябо нарт бэлэг, мэндчилгээ, урилга хэвлүүлэн хүргүүлжээ.    

Ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны болон бусад зээл олгуулахаар тохирч “Голомт” банкинд гурван тэрбум төгрөгийг жилийн хугацаанд сарын нэг хувийн хүүтэй хадгалуулахдаа ТУЗ-өөсөө шийдвэр гаргуулаагүй. Нэр бүхий компаниар санхүү, нягтлан бодох бүртгэлийн программаа хийлгэхийн тулд багагүй хөрөнгө зарсан ч зарим аймаг нь данс, бүртгэлээ гараар хийсэн хэвээр байгаа зөрчил мөн илэрсэн аж. Компанийн аймаг, дүүрэг дэх салбаруудад ч цөөнгүй зөрчил илэрснийг тогтоосон хугацаанд арилгахыг улсын байцаагчид үүрэг болгож, 136 сая төгрөгийн торгууль тавьжээ.     

“Мобиком”, “Жемнэт”, “Скайнетворкс” компани болон “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээтэй “Мэдээлэл холбоо сүлжээ”-нийх давхцдаг. Үүнээс болж  гадаадын зээл, тусламжаар хийгдсэн хөрөнгө оруулалтын өгөөж буурч, төрийн өмчийн сүлжээ үнэгүйдэх, орлогоо бусдад алдах, улмаар зээлээ эргэн төлөх боломж муудах,  эцэстээ ойрын жилд алдагдалтай ажиллах нь гэж улсын байцаагчид үзэж байгаа гэнэ. 

Сангийн яам, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээгээр гадаадын урт хугацаат зээлийн үлдэгдэл болох 50 тэрбум төгрөгийг 2040 он гэхэд төлж дуусгах юм.

2012 оны 10 дугаар сард ажлаа хүлээн авсан шинэ удирдлагууд нь зардлаа танаж хэмнэлтийн горимд шилжих зэргээр хүчин чармайлт гаргасан нь үр дүнгээ өгч байгаа аж. Сүүлийн хоёр жилд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 70 хүртэл хувиар давуулж биелүүлэн төсөвт багагүй орлого оруулжээ.

Энэхүү шалгалтын дүнг Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас үзлээ.

Мөн хурлаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хавдар судлалын үндэсний төвийн санхүүд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн байна.

 

Х.Даваа