Д.Түвшинсайхан: Морин хуур бол түүх, соёл уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ
2023/11/14
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус одонг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханд энэ үеэр гардуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү “Монгол бахархлын өдөр” Монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай.
Энэ жил хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал болсон монголчууд бидний цог хийморийн эгшигэн судар, арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, Монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж байна.
Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёл, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурынхаа гайхамшигт увдис, тал нутгийн тэнгэрлэг аялгуугаар хүмүүний сэтгэлийг уяраан баясгагч, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгын хамт олон Та бүхний монгол өв соёлоо даян дэлхийд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөнд алдаршуулан мандуулах эрхэм дээд үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе" гэлээ.
Мөн Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан "Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудамд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий зүйл болой. Морин хуур бол энэ түүх соёл уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ.
Тэртээ Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн их талархал дэвшүүлэхийг хүсэж байна. Алдарт хуурч Гомбодоржийн Жамьяан, түүний шавь бидний их багш Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаангаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн. Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна" хэмээв.
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар тогтоолоор тус хамтлагийг байгуулсан ба анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь бүжгийн академик театрт хийснээр үндэсний дархлаанд шинэ илэрхийлэл болсон Морин хуурын чуулга тулгын чулуугаа тавьсан юм.
Уг хамтлаг 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай болж, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5 мянга гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 удаагийн тоглолтыг толилуулж, олон арван нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан байна.
Зочин · 2023/11/14
S XN80955877