Өнгөрсөн амралтын өдрүүдээр Гүржийн Тбилис хотод жүдогийн Их Дуулга тэмцээн боллоо. 

Нийт 52 орны 358 жүдоч хүч сорьсон энэ удаагийн тэмцээнд Монголоос эрэгтэй 11, эмэгтэй 9 тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Ганбаатарын Наранцэцэг Их Дуулгаас алтан медаль хүртсэн байна.

Өдгөө 30 настай Г.Наранцэцэг Их Дуулга тэмцээнээс хоёр дахь алтан медалиа авч байгаа нь энэ юм. Тэрбээр 2022 онд Антальягийн Их Дуулгад түрүүлж байсан билээ.

Энэ удаад Испани, Франц, Испанийн тамирчныг ялаад аваргын төлөө БНСУ-ын Хо Миог буулган авснаар эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

Бусад тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар V байр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр нар VII байр эзэлсэн байна. 

Багийн дүнгээр Франц тэргүүлж (3 алт, 3 мөнгө, 4 хүрэл), Гүрж (2 алт, 2 мөнгө, 5 хүрэл), Олон Улсын Жүдогийн Баг (2 алт, 2 мөнгө, 2 хүрэл) удаалсан юм.

Нийт 10 орны тамирчид алтан медаль авснаас Монголын баг зургаадугаарт жагслаа.