Дипломатч, орчуулагч, сэтгүүлч Юрий Николаевич Кручкинтэй ярилцав. Тэрбээр 1981 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд ЗСНБХУ-ын Гадаад явдлын яаманд гурван сар ажиллаад, улмаар Монголд өөрийн хүсэлтээр иржээ.

Эрдэнэт хот дахь ЗСБНХУ-ын Ерөнхий консулын газарт шашин, соёл урлаг, эрүүл мэнд хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн тэрбээр 1984-1987 онд Улаанбаатар дахь ЗСБНУ-ын ЭСЯ-нд ахлах референт, 1987-1988 онд ЗХУ-ын ГЯЯ-ны атташе, 1988-1992 онд ЗХУ (ОХУ)-ын ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, хэвлэлийн атташегаар ажилласан байна.    

 

Ингээд нэрт Монгол судлаач доктор, профессор Ю.Н.Кручкинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

     

-Орос, Украины дайн эхлээд хоёр жил болжээ. Өдгөө энэ дайны талаар дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байна. Та судлаач хүний хувьд энэ дайны цаашдын үйл явц яаж өрнөнө гэж үзэж байна вэ?

 

-Олон хүний адилаар би энэ дайныг хурдан дуусаасай гэж хүсэж байгаа. Ер нь одоо тэртээ тэргүй Оросын талаас ч гэсэн, Украины талаас ч гэсэн эдийн засгийн чадавхи боломж байхгүй байна. Тэгээд энэ дайн бол хэнд ч хэрэггүй дайн гэж би бодож байна. Тэгээд одоогийн олон улсын харилцааны тавцан дээр тиймэрхүү юм ерөөсөө байж болохгүй гэж бодож байна.  

 

-Барууны зарим судлаачид Орос Улс Украиныг бүрэн эзэлж авахаас нааш энэ цэргийн тусгай ажиллагаа дуусахгүй гэж үзэж байгаа...

 

-Миний бодлоор Европын орнууд дайн хурдан дуусаасай гэж бодож байгаа. Ер нь миний уулзаж байгаа Орос хүмүүс дотор дайны төлөө гэсэн хүмүүсийг би олж харахгүй байна. Тэр хүмүүс ил тод нээлттэй ярьж чадахгүй ч гэсэн дайныг дэмжиж байгаа хүмүүс маш цөөхөн байгаа гэж бодож байна.   

 

-Ер нь зарим судалгаагаар энэ дайныг Оросын ард түмний 10 % дэмжиж байна гэсэн мэдээлэл байна. Та үүнийг хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?

 

-Ер нь 10, 15 хувь нь идэвхитэй дэмжиж байгаа гэж хэлж болно. Хаана ч гэсэн тийм улсууд байж болно. Гэхдээ хүмүүс өөрсдөө тийм зовлон амсахыг хүсэхгүй. 

 

-Орост өнөөдөр Украины дайныг эсэргүүцсэн хүмүүсийг гадны агент гэх зэргээр дуудаж байна. Оросын Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавьж, хааж боох нь олширлоо. Та үүнийг юу гэж үзэж байна?   

 

-Энэ бүхэн бол ойлгомжтой. Гадны агентууд гэж ямар улсууд байна, суртал нэвтрүүлэгчид гэж ямар улсууд байна гэдгийг ухаантай хүн бүр тэртээ тэргүй өөрсдөө тунгааж чадна. Гэтэл гадны агент гэж одоо гадаадын ямар ч тийм тагнуултай харилцаа холбоо байхгүй зарим хүмүүсийг тухайлбал зүгээр дуучин, зохиолч хүмүүсийг тэгж нэрлээд байна. Жишээ нь зохиолч Акунин гэдэг ч юмуу тийм хүмүүс ямар юмных нь тагнуул байхав дээ. Энэ бол шал хэрэггүй юм. Яваандаа энэ бүх юм байхгүй болно гэж бодож байна.

 

-Би дээхнэ youtube дээрээс ЗХУ-ын Гадаад сөрөх тагнуулын албаны дарга мөн В.Путины дарга байсан хошууч генерал О.Д.Калугиний ярилцлагаас өнөөдөр ОХУ-ыг ФСБ буюу тус улсын аюулаас хамгаалах байгууллага удирдаж байна гэж ярьж байхыг сонссон. Тэгвэл та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Өнөөдөр Оросыг үнэхээр ФСБ буюу Аюулаас хамгаалах байгууллага удирдаж байна уу?

 

-Яахав тийм тал байж магадгүй.

 

-Та олон ном зохиол Монгол хэлнээс Орос хэл рүү орчуулсан. Одоо ямар бүтээл, судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

 

-Би Орос Монгол, Монгол Орос хэлний толь бичгийг 18 дах удаагаа шинээр хэвлүүлсэн. Тэгээд Монголын тухай Орос Монголын нэвтэрхий толь хийсэн байна. Орос хэл дээр хамгийн их агуулгатай, хамгийн олон мэдээлэлтэй ямар ч гэсэн 9000 тодорхой мэдээллүүд байгаа.

 

Энэ номон дээр ялангуяа Орос улстай холбоотой Монголын гурван мянган хүний тухай мэдээлэл болон мөн Монголын бүх аймаг сум, уул, бүх газар зүйн нэр томьёоны тухай мэдээллийг оруулсан.

 

Мэдээж хэрэг энэ номон Монголын түүх, эдийн засгийн мэдээлэл орсон. Тэгээд тэр ном Москвад хэвлэгдсэн. Ноднин жил нэг хэвлэгдээд маш хурдан дуусаад дахиад хоёр дах удаагаа хэвлүүлсэн. Одоо дахиад бэлдэж байна.

 

-Та Орос Монгол хоёр орны өнөөгийн харилцааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Орос Монголын харилцааны хувьд би дээр үед ярьж байсан. Хэзээ нэгэн цагт Орос Монголын харилцаа яг Орос, Черногори шиг болно гэж ярьж байсан. Тэгээд Орос, Монгол улс хоёр бие биенээ мэднэ. Бие биенээ хүндэтгэнэ. Гэхдээ тодорхой тэр тусмаа том хэмжээний эдийн засгийн харилцаа ч юмуу, улс төрийн харилцаа бараг байхгүй болсон. Тэгээд миний бодоход бид манай харилцаан дээр нэлээн их алдаа гарсан. Ялангуяа 30 жилийн өмнө жишээлбэл визийн харилцаатай болгосон. 

 

Хэнд ч хэрэггүй зүйл хийсэн. Жишээлбэл ганцхан жилийн дотор ОХУ-ын Буриадын жуулчны бизнес тэр чигээрээ байхгүй болсон. Нэлээн их хохирол учирсан. Тэгээд тэр визийн харилцааг тогтоосон хүмүүс нь Орос хүмүүс ч байсан, Мнгол хүмүүс ч байсан. Яг хэн нь ч хариуцлага хүлээгээгүй.

 

Тэгээд манай хоёр улсын зарим эдийн засагчид энэ талаар зарим нэг тооцоо гаргасан. Аль аль тал нь хэдэн тэрбум ам.доллар алдсан байна гэсэн тооцоо гаргасан. Тэгээд иймэрхүү алдаанууд мэр сэр гарч байна. Тэр үүднээсээ иймэрхүү алдааг дахиад битгий давтаасай гэж бодож байна. Энд юу хэрэгтэй вэ гэвэл Оросын талаас Монголыг сайн мэдэх хэрэгтэй. Мөн Монголын талаас Оросыг сайн мэдэх хэрэгтэй.

 

Одоо танай сонинуудад Роснефьтийн Сечин гэдэг хүн Монголд бизнес хийх гэж байна гэсэн тухай мэдээлж байна. Ер нь бол хийж байгаа. Би нэг том арга хэмжээнд мань хүнд “Та Монголын талаар мэдэхгүй байж, бас Монголын хуулийн талаар уншаагүй байж олигтойхон бизнес хийж чадахгүй” гэж шууд хэлсэн.

 

Тэгээд би хувь хүнийхээ хувьд ийм хүмүүсийг бас тийм сайн хүндэтгэхгүй. Мэдээж бизнесийн хувьд бизнес байж болно. Гэхдээ Монголчууд энэ хүмүүсийг найдвартай юу, найдваргүй юу, ирээдүй байна уу, үгүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй.

 

-Ер нь та Монгол Улсын хөгжилд хамгийн их саад болж байгаа зүйлийг юу гэж боддог вэ?

 

-Мухар сүсэг. Социализмийн үед мухар сүсэг бараг байхгүй байсан. Ямар ч байсан ил байхгүй байсан. Харин сүүлийн 20, 30 жилд мухар сүсэг их хөгжсөн. Энэ бол хүмүүсийн ухамсар, хүмүүсийн оюун ухаанд бас их нөлөөлж байна. Тэгээд хүссэн ч хүсээгүй түүнийг бас бодох хэрэгтэй. Нэг талаасаа Монголын залуучууд маш их мэдлэгтэй, англи хэл болон бусад хэлийг маш сайн сурч байна. Гэхдээ дунд хижээл насны хүмүүс мухар сүсэгт их автаж байна.

 

-Монгол Улс ОХУ-д ер нь ямар бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үздэг вэ?

 

-Энд одоо би ямар нэгэн шинэ нээлт хийхгүй шүү дээ. Ер нь экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн байж болно. Жишээлбэл Шинэ Зеландын туршлагыг авч үзвэл энэ улс хүн амын тоогоороо Монголтой бараг адилхан. Тэр улсын хувьд мал аж ахуй их өндөр хөгжсөн. Тэгээд Шинэ Зеландын цөцгийн тос Москва хүртэл зарагдаж байна. Европд бас зарагдаж байна. Монгол мөн үүнтэй адил экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Мөн аялал жуулчлалыг сайн хөгжүүлж болно гэж бодож байна. Жишээлбэл танай удирдах улсууд хэдэн жилийн өмнө Хөвсгөлийн Ханхад гуравдах орны хүмүүст зориулж хилийн боомт байгуулна гэж ярьж байсан. Тэгээд энэ нь хэдэн жил өнгөрсөн ч өнөөг хүртэл баригдаагүй. Ер нь Эрхүүгээс Хөвсгөл рүү машинаар 3 цаг явдаг. Өөрөөр хэлбэл Эрхүүд ирсэн жуулчид, эсвэл Хөвсгөлд ирсэн жуулчид ингээд хоёр тийшээ явах зөндөө боломж байна. Гэвч тийм боломжийг ашиглахгүй байна.    

 

-Таны бодлоор хоёр орны хил орчмоор аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий юу?

 

-Зөндөө байна. Боломжууд их байгаа. Гэхдээ би нэг удаа тоглоомоор хэлж байсан. Улсууд бас жоохон инээдэмтэй юм гэж хэлж магадгүй. Тэгэхдээ Хиагтын, Наушкын Гаалийн газрыг тэр чигээр нь хаах хэрэгтэй. Хаавал тэгээд одоо манай харилцаа тэр тусмаа эдийн засгийн худалдааны харилцаа сайн хөгжинө.

 

Дэлхийд тийм жишээнүүд зөндөө байгаа. Тэр гааль бол одоо хэнд ч хэрэггүй. Та нар өөрсдөө мэднэ. Би хэдэн жилийн өмнө Мексикээс Америк руу орж байсан. Зүгээр л нэг минутын асуудал. Мөн би хоёр, гурван жилийн өмнө машинаар Эрээн рүү орж байсан. Хоёр минутын ажил.

 

Тэгээд нэг жишээ хэлэхэд та өөрөө бас эрдэм номын хүн байх. Би одоо хойноос ном бас авчруулж байгаа. Өнөөдөр бас номнууд ирэх ёстой. Тэгээд сая хил дээрээс нэг хүн утасдаад нөгөө жолоочид тэр хил дээр байгаа хүмүүс Оросын хил дээр эдгээр номнуудыг яах гэж оруулж байгаа юм? Тэгээд бас татвар матвар гэж ярьж байна. Номд татвар ноогдүүлж байгаа улс хэзээ ч хөгжихгүй. Тэгээд тиймэрхүү л байдалтай байна. Тэгээд тийм гаалийн газар одоо ер нь хэрэгтэй юм уу даа? Одоо тэгээд заримдаа инээдэмтэй юм сонсогдож байна.

 

Одоо Оросын сониноос авч үзэх юм бол Монголын нэг иргэн жишээлбэл 7кг мах авч гарах гээд явж байсан гэж байна. Тэгээд үүнийг одоо яах вэ? Яагаад болохгүй гэж эцсийн эцэст. Мэдээж хэрэг тэр янз бүрийн мал эмнэлгийн хяналт байх ёстой нь ойлгомжтой.

 

Тэгэхдээ ер нь гучин жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ л байна. Би үүнийг одоо яагаад мэдэж байгаа гэвэл тухайн үед намайг Эрдэнэтийн консулын газарт ажиллаж байхад манай нэг Ерөнхий консул намайг хэдэн удаа энгийн машинаар сайн харагдахгүйгээр явуулаад ямаршуу байна гэж судалгаа хийлгэхээр явуулсан.

Яагаад гэвэл тухайн үед Оросын иргэд болон Монголын иргэд нэлээн их одоо гомдол мэдүүлж байсан. Би энгийн хүн шиг нэг хоёр чемодантай ч юмуу газар дээр нь очоод гаалийн хүмүүс яаж ажиллаж байгаа болон хилийн цэргүүд яаж ажиллаж байгааг шууд судлаад бас чадах чинээгээрээ тэд нарыг жоохон хүмүүжүүлж байсан. Тэгээд одоо бол тийм хүмүүжүүлэх хүн байхгүй л байгаа. 

 

-Ер нь одоо сүүлийн үед та өөрөө сайн та мэднэ. Сүүлийн үед Монголд Орос хэл бол хоцрогдсон хэл. Тиймээс англи хэл сурах нь зөв. Орос хэл сурнаас англи ч юм уу, хятад ч юм уу эсвэл япон, солонгос хэл сурах нь дээр. Ер нь Америкт эсвэл барууны оронд явж сургуульд сурсан нь дээр. Энэ орос хэлийг ер нь сурах шаардлага байхгүй гэсэн тийм яриа их явж байна. Та энэ талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? 

 

-Ер нь англи хэл маш сайн сурч байгаа явдал харагдаж байгаа. Залуучууд сайн ярьж байна. Гэхдээ би энэ насандаа хэн нэгэн хүнийг би Орос хэл хэрэггүй сурсан эсвэл Беларус хэл ч юм уу Украин хэл ч юм уу хэрэггүй сурсан, надад ерөөсөө хэрэг болоогүй гэж хэлж байсан хүмүүстэй хэзээ ч тааралдаж байгаагүй.

 

Хэрвээ жинхэнээсээ сайн сурсан бол хэзээ нэгэн цагт тэр хүмүүст тус дэм болно. Харин сурч чадаагүй хүмүүс нь тэгээд одоо янз янзын юм яриад байна.

 

Тэгээд миний Орос, Монгол толь хамгийн их зарагдаж байсан газар хаана байна гээч? Америкт. Америкаас хүмүүс одоо захиалж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо тийшээ очсон Монголчууд тэнд одоо англи, монгол толь бичиг олдохгүй байсан уу, аль эсвэл одоо таалагдахгүй байсан ч юм уу? Тэгээд орос хэлтэй байсан учраас орос хэлээр дамжиж бас англи хэлний мэдлэгээ бас дээшлүүлж байсан явдал бий.

 

-Ер нь таны харж байгаагаар өнөөдөр манай энэ УИХ-ын гишүүд дотор ч гэдэг юм уу эсвэл сайд нарын дотор ОХУ-ыг сайн мэддэг хүмүүс хэр олон байдаг вэ?

 

-Сайн мэдэх хүмүүс байна. Гэхдээ маш цөөхөн байна. Гол нь Орост сурч байсан хүмүүс болон манай Олон улсын харилцааны сургуульд сурч байсан хүмүүс байгаа. Жишээлэх юм бол Дамдины Цогтбаатар байна. Тэр хүн сайн мэдэж байгаа. Оросыг дэмжиж байгаа улсууд бас байгаа шүү.

 

-Монголд өнөөдөр Орос судлал ямархуу түвшинд байгаа вэ? Ер нь Орос судлал Монголд болон монголчуудад хэрэгтэй юу? Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

Орос судлалаар ажиллаж хэдэн хүн байгаа. Би түрүүн ярьж байсан, одоо Колягийн Дэмбэрэл болон бас өөр хэд хэдэн хүн байгаа. Энэ хүмүүс сайн судалж байгаа.

 

Ер нь Монголын уран зохиолын амьдрал, соёлын амьдрал ерөөсөө 20, 30 орос хэлний орчуулагчдаас хамаарна гэж би бодож байна. Тэр улсуудыг одоо та нар тэртээ тэргүй надаас илүү сайн мэдэж байгаа.

 

Тэгээд тэд нарын ачаар Монголчууд маш олон ном зохиолтой танилцаж байсан. Жишээлбэл орос хэлнээс кино орчуулж байсан Мэргэн гуай байсан. Тийм улсуудын ачаар Монголчууд Оросын тухай мэдэж бас гадарлаж байгаа. Гэхдээ улс төрийн нарийн асуудлууд болон эдийн засгийн боломжуудын талаар мэргэжлийн хувьд бас сайн судлах хэрэгтэй. Одоогоор тийм судалгаа арай тийм сайн хөгжөөгүй юм болов уу гэж бодож байна.

 

-Таны харж байгаагаар өнөөдөр Оросын төр засагт ажиллаж байгаа хүмүүс дотор Монголыг мэддэг хүмүүс хэр олон байдаг вэ?

 

-Оросын талаас мэддэг хүмүүс байна. Тэгээд би ялангуяа Монголтой холбоотой нэг тодорхой тооцоо гаргаж байсан. Харьцангуй судалгаа. Нэг сая орчим Оросын иргэд Монголтой шууд холбоотой байна. 

 

Монголд цэргийн алба хааж байсан хүмүүс байна. Жишээлэх юм бол 300 генерал Монголоос гаралтай байдаг. Мөн 10 маршал бас Монголоос гаралтай гэж хэлж болно. Монголд барилгын ажил болон бусад олон салбарт ажиллаж байсан зөндөө хүмүүс байна.

 

Тэгээд дээд сургуульд сурч байсан хүмүүс байна. Бас 10 жилийн сургуульд сурч байсан хүмүүс байна. Энэ хүмүүс бол Монголыг сайн мэднэ. Тухайн үед хэдэн жилийн өмнө Оросын Засгийн Газарт Монголыг одоо бас гайгүй мэдэх Монголтой ямар нэгэн байдлаар холбогдсон арваад сайд, дэд сайд нар байсан. Жишээлэх юм бол Сангийн сайд байсан Кудрин байна. Тэр бол Чойбалсанд сургуульд явж байсан. Аав ээж нь Чойбалсанд байсан. Одоо энэ өдөр бүр бараг зурагтаар гарч байгаа Миронов Сергеев Монголд нийт 15 жил ажилласан геологич хүн байгаа. Тэгээд зөндөө хүмүүс байна. Оросын нэртэй алдартай жүжигчин Крачинцов түүний ээж олон жил Монголын дуурь бүжгийн театрт ажиллаж байсан. Миний тэр ярьж байсан Орос Монголын нэвтэрхий тольд энэ хүмүүсийн тухай их юм байгаа. Гэх мэтчилэн зөндөө хүн байна.

 

-Өнөөдөр зарим хүмүүс Орос, Украины дайнтай холбоотойгоор бараг хоёр хуваагдчихаад байна. Зарим нь болохоор Оросын зөв гэж үзээд зарим нь болохоор Украины зөв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ийм үзэл бодлоор хуваагдаад янз бүрийн сэтгэгдлүүд бичээд байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Миний бодоход хэрэв Оросын талаас эсвэл Украины талаас гэж яривал нэгдүгээрт оросууд бүгдээрээ адилхан биш. Тэгээд Оросын талаас миний таньдаг, миний мэддэг, миний харьцаж байгаа Оросууд бол дайны төлөө биш. Монголчуудын тухайд гэж яривал зарим улсууд Оросын үндэсний зурагт хэтэрхий их үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо нэг талыг баримтлаад, нэг талыг барьж байгаа гэж бодож байна. Тэгээд бид нар одоо тэнд дайны талбарт очоогүй. Тийм болохоор бид бас тийм нарийн юм сайн мэдэхгүй. Энд тэндээс янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Би жишээлбэл өдөр бүр Украины телевиз үздэг. Бас Оросын телевиз үздэг. Тэгээд харьцуулж харж байгаа. Хэн нь худлаа ярьж байна, хэн нь зөв ярьж байна гэж харьцуулж хардаг. Тэр үүднээсээ нэг тал нь тэр чигээрээ диваажин, нөгөө тал нь тэр чигээр тамын газар гэж хэлж бас болохгүй. Тэгэхдээ ер нь нэгэнт Орос улс үүнийг эхлүүлсэн учраас одоо бас мэдээж хэрэг Оросын талаас буруу байна гэж бодож байна.

 

-Сүүлийн үед барууны зарим судлаачид ч юм уу, аль эсвэл та бид хоёрын сая ярьсан Орост гадаадын агент гэж нэрлэгдэх болсон зарим хүмүүсийн зүгээс Орос Улсыг одоо эргэлт буцалгүй дарангуйллын систем рүү буюу авторитар дэглэм рүү орчихлоо. Өөрөөр хэлбэл Зөвлөлт холбоот улсын үеийнх шиг тэр үе рүүгээ тэмүүлээд байна гэсэн тийм байр суурийг хэлээд байна. Таны үзэж байгаагаар өнөөдөр Орос улс үнэхээр дарангуйллын системд орсон уу? Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

 

-Би бол дарангуйлал системд одоо орсон байна, хурдан гараасай гэж бодож байгаа. Хурдан эрх чөлөөтэй болоосой гэж бодож байна. Тэртээ тэргүй хүмүүс одоо их ядарч байна. Оросын талаар одоо ялангуяа ютүб хуудсыг үзэх юм бол маш олон баримтуудаар үүнийг нотолж болно.

 

-Ерөнхийлөгч Путины талаар ер нь ямар бодолтой явдаг вэ?

 

-Би 20 жилийн өмнө бол дэмжиж байсан, одоо бол мэдээж хэрэг дэмжихгүй. Нэг талаас тэр хүн хэрвээ бүгдийг гартаа барьж чадсан бол бас мэдээж хэрэг тодорхой авьяас чадвартай байсан байх. Гэхдээ одоо хэн жаргаж байгаа, хэн их сайхан амьдарч байгааг харах хэрэгтэй. Дандаа тойрон хүрээлэгчид нь сайхан амьдарч байна. Би Орос хүмүүстэй өнөөгийн Оросын байдлын тухай ярихад зүгээр нэг л юмыг асуудаг. Надад зүгээр ядаж Оросын удирдах хүмүүсээс цэвэр шударга гурван 3 хүний нэрийг л нэрийг хэлээч гэж. Хэнийг ч хэлж чадахгүй байна. Хэнийг хэлэх вэ? Бүгдээрээ ямар нэгэн байдлаар цэвэр биш. Тийм л байдалтай байна.

 

-Орос Улс таны бодлоор хүчирхэг улс мөн үү?

 

-Потенциал, чадавхи бол байгаа, харин ухаанаа зөв зарцуулж чадахгүй байна. Хэтэрхий задгай байна. Монголчуудад бас тийм дутагдал байгаа.

 

-Та нэг удаагийн ярилцлага дээрээ Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев нэг удаа казахууд өөрсдийгөө Чингис хааны үр удам гэж харагдуулахын тулд Эрмитажаас Монголын эртний үзмэрийг авчруулахаар үнэ хөлс хайрлахгүй гэж оросын эрдэмтдэд хэлж байсан гэж ярьсан. Ер нь өнөөгийн Казахстаны зарим эрдэмтэд яагаад Монголын түүхийг өөрийн болгох гэж оролдоод Чингис хааныг өөрсдийн хаан гэж үзэж байгаа гэж боддог вэ?  

 

-Ноднин жил Токаев ерөнхийлөгч ирээд Монголчуудад миний анзаарснаар гурваас доошгүй удаа манайд Зүчийн бунхан байгаа шүү гэж хэлж байсан. Манай улсад ирж үзэж болно шүү гэж ярьж байсан.

 

Би зүгээр нэг юм хэлье. Би Монголд одоо бараг 40 жил болж байгаа. Гучин жилийн өмнө хэн юу ярьж байсан, хэн ямар геологийн нээлт хийж байсан, хэн ямар эдийн засгийн нээлт хийж байсныг би сайн санаж байгаа.

 

Тэгээд 30 жилийн турш зарим улсууд, зарим хүмүүс одоо шал өөрөөр ярьж, худлаа ярьж, тэгээд янз бүрийн юм зохиогоод байна. Тэр хүмүүсийн зохиосныг бусад хүмүүс бас хүлээж авдаг. Тэгээд гучхан жилийн дотор тодорхой баримтуудыг гуйвуулж чадаж байгаа юм бол 800 жилийн өмнө 700 жилийн өмнө юу болж байсан тухай бид одоо бас 100%-ийн баталгаатай бас мэдэж чадахгүй. Бид зүгээр түүхийн ухаанаар ч биш зүгээр генетик гэх ч юм уу өөр цөмийн энергийн судалгаагаар ч юм уу ямар нэгэн юмыг тогтоож болно. Оросын түүхэнд бас ойлгомжгүй юмнууд их байна. Нэг талаас Алтан Ордны улс байсан уу гэвэл байсан. Миний төрсөн нутаг Саратов мужид бас тиймэрхүү эртний Алтан ордны хотууд байсан. Гэхдээ генийн хувьд юм анзаарагдахгүй, мэдэгдэхгүй байна.

 

Яагаад? Хэн энийг тайлбарлах вэ? Зөндөө юм байгаа. Л.Н.Гумилев гуайтай би өөрөө уулзаж байсан. Л.Н.Гумилевийн анхны зохиолыг Монгол хэл рүү Аким гуайд өгч орчуулаад хэвлүүлж байсан. “Утга зохиол урлаг” сонинд Цэдэв гуай хэвлүүлсэн. Бусад сонинууд хэвлүүлэхээс айсан. Хэвлүүлж чадахгүй байсан.

 

Тэгээд судлах юм зөндөө байна. Тэгээд Гумилевын тухай яривал одоо Очирын Гэрэл гэж Политехникийн техникийн их сургуулийн багш байгаа. Түүний маш гоё ном гарсан. Түүний ээж Инна Намсрайжав Гумилевын анхны хайр байсан. Энэ тухай зарим улсууд мэдэх нэг нь мэднэ. 

Тэгээд иймэрхүү хүмүүсийн талаар Монголчууд бас сайн мэдэх хэрэгтэй гэж би бодож байна.

 

-Та сая нэрт эрдэмтэн Гумилев гуайн тухай ярилаа. Гумилев гуай нэг удаа Оросын эзэнт гүрэн бол Монголын эзэнт гүрний нэг хэсэг болох Алтан ордны хаант улсын үргэлжлэл гэж хэлсэн байдаг тухай би уншиж байсан. Та тэр талаар юу гэж боддог вэ? Энэ үнэн болов уу?

 

-Үнэн байж магадгүй. Би дахиад хэлье. Би тэр 800 жилийн өмнөх түүхийг зүгээр унших нь уншина. Гэхдээ би судалж чадахгүй гэж бодож байна. Би Чингис хааны тухай болон Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн ном орчуулсан. Гэхдээ энийг жинхэнээсээ сайн судлах хэрэгтэй. 

 

-Ер нь өнөөгийн Оросын иргэд Монголын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг байдаг вэ?

 

-Монголд ажиллаж байсан хүмүүс тэдний найз нар хамаатнууд гайгүй сайн мэдэж байгаа. Монголчуудыг маш сайн дэмжинэ. Одоо манай төрсөн дүү насаараа цагдаа хийж байсан хүн байдаг. Тэгээд Москвагийн ойролцоо нэг хотын цагдаагийн дарга байсан. Тэгээд хэрвээ Монголчуудтай холбоотой ямар нэгэн асуудал гарах юм бол шууд тэд нарыг хамгаалдаг байсан. Тэгээд бүр үүгээрээ бараг алдаршсан байсан. Тийм л байна. Тэгээд олимпын тоглолтоор Монголчууд ямар нэгэн медаль авах юм бол миний одоо мэддэг Оросууд Монголд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ маш сайн дэмждэг.

 

-Саяхан Монгол Улсын Засгийн Газар Оросын Роснефть компанитай ярилцаад нисэх онгоцны бензин нийлүүлэх хамтарсан компани байгуулах гэрээ байгуулах гэж байна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? Энэ гэрээг ер нь байгуулах нь зөв үү, эсвэл сайн судлах шаардлагатай юу? Энэ талаар юу гэж бодож байна?

 

-Би бизнесменүүдэд зөвлөгөө өгөх хүн биш. Гэхдээ 20, 30 жилийн өмнө яг ийм нисэх онгоцны буудал дээр шатахуун түгээх станц байгуулах талаар яриа хэлэлцээр яригдаж байсан. Тэгээд үүнийг одоо мэргэжлийн хүмүүс сайн судлах хэрэгтэй. Роснефтийн энэ санал өчигдөр гарч ирсэн яриа биш.

 

Роснефть компани Монголд олон жилийн өмнө 100 ширхэг бензин түгээх газар байгуулах гэж байна гэсэн яриа гарч байсан. Тэгээд юу болсон. Яагаад бариагүй юм бол. Тэгээд үүнийг хэрвээ Монгол судлал, Орос судлал гэж ярьж байгаа бол энэ талаар судлах хэрэгтэй.

 

Яг одоо эд нар 20 жилээр байгуулах юм уу эсвэл 10 жилээр байгуулах юм уу сайн мэдэхгүй байна. Бодвол тэд нар өөрсдөө хоёр талаас бие биенээ сайн мэдэж байгаа байх. Тэгээд Монголчуудын дунд ялангуяа хэлэлцээр хийх маш туршлагатай хүмүүс гарч ирж байна. Гэхдээ би түрүүн ярьж байсан. Монголчуудын дунд мухар сүсэг гэж нэг том асуудал байна.

 

Хоёрдугаарт, одоо миний бодоход Монголчуудын хөгжилд муугаар нөлөөлж байгаа бас нэг явдал бол дөрвөн жил тутам бүх яам газруудын хүмүүс бараг бүгдээрээ солигдоход шинээр орж ирсэн хүмүүс нь түрүүчийн улсуудынхаа юу хийж байсан, юуг хариуцаж байсныг мэдэхгүй байна. Тэгээд энэ бол тогтолцооны асуудал байна.

 

Саяхан таны асуусан Роснефтийн тухайд гэвэл олон жилийн өмнө энэ асуудал гарч ирсэн. Уг нь хамтарсан үйлдвэр байгуулж байсан. Тэр нь яасан бэ? Хаашаа алга болсон, юу болсон. Угаасаа онгоцууд нисэж байгаа шүү дээ. Нисэж байгаа юм бол бодвол шатахуунаа авч л байгаа байх. Тэр үүднээсээ энэ асуудал ямар нэгэн байдлаар шийдэгдсэн байх ёстой. Тэртээ тэргүй онгоцууд нисч л байгаа, тийм л байна.

 

-ОХУ Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой барих Сибирийн хүч-2 төслийг эхлүүлэх гэж байгаа тухай олон жилийн өмнөөс яригдсан. Таны бодлоор энэ төсөл хэрэгжих боломжтой юу? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Ер нь хэрэгжвэл зүгээр сэн. Гэхдээ одоохондоо би хэрэгжинэ гэж бодохгүй байна. Хятадын хувьд шуудхан хэлэхэд Оросоос авч байгаа хийн импорт нь Хятадын хэрэгцээний ердөө 4%-ийг эзэлж байгаа. Тэгээд хятадууд одоо дээрээс нь байгалийн хийгээ Туркмен, Узбекстан зэрэг улсуудаас авч байгаа. Тэр утгаараа тэд нар яг одоо Оросоос юм авах юм уу үгүй юү юмуу хэлж мэдэхгүй байна. Монголд мэдээж хэрэг хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс надад тийм найдвартай хүмүүс гэж харагдахгүй байгаа. Энэ бол зүгээр л миний хувийн бодол. Яагаад гэвэл хэтэрхий их өндөр өртгөөр барих гээд байна. Тэр утгаараа тэр чинь тэртээ тэргүй бас жоохон сэжигтэй байна.

 

-Өнөөдөр таны харж байгаагаар Орос болон Монгол улсад баян хоосны ялгаа ер нь хэр гүнзгийрсэн гэж та хардаг вэ?

 

-Орос, Монгол хоёр улсын хүмүүсийн дунд баяр хоосны ялгаа их гүнзгий болсон. Одоо та нар өөрсдөө өдөр бүр харж байгаа шүү дээ. Энэ ялгааг зүгээр энгийн үгээр хэлэхэд Монголд одоо зүгээр гэр хорооллоос хотоор дамжаад Зайсан руу ороход шууд гурван өөр нийгэм харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл гэр хороолол, хотын төв, Зайсан гэсэн гурван өөр нийгмийн давхрага байна. Тийм л байна. 

 

-Орост тэгвэл ямаршуу байна?

 

Орост бараг адилхан. Москвад одоо Рублёвскийн гудамж гэж байгаа. Рублёвскийн тосгонууд гэж баячуудын хороолол байгаа. Тэгээд би тэд нарт атаархаж байгаа юм биш. Жишээ нь тэр Сечин гэж хүн өдөрт хэдэн сая рублийн цалин авч байна. Тэгээд тэр хүн чинь тэр цалингаа бид нараас авч байгаа шүү дээ. Энгийн хүмүүсээс ийм их мөнгө аваад баян тансаг амьдарч байна. Тийм биз дээ? Өөрөөр хэлэх юм бол одоо Оросын томчууд, оросын том тушаалтнууд Америк юм уу, Их Британийн яг адилхан албан тушаалтай хүмүүсээс хамаагүй илүү юм авч байна. Хэрвээ Оросыг Америктай харьцуулах юм бол Орос тийм баян биш. Тэгээд тийм л байдалтай байна.

 

-Сүүлчийн асуулт. Зарим эрдэмтдийн зүгээс Орос Улс ер нь яваандаа задарч магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлдэг. Та энэ талаар ер нь ямар бодолтой явдаг вэ?

 

-Оросын зарим районууд, зарим муж тэртээ тэргүй бараг биеэ даасан байдалтай байна. Жишээлбэл одоо Татарсаны БНУ тийм байна. Яваандаа Тува, Буриадууд бас харьцангуй биеэ даасан ч гэх үү, тийм болж магадгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол зүгээр зарим хүмүүсийн л таамаглал. Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй.

 

Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн ирж ярилцлага өгсөнд танд маш их баярлалаа.

 

Ярилцсан Ж.Батдорж

Эх сурвалж : Sonin.mn