Хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.

Учир нь нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг хойшлуулав. Эл хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байлаа. Өөрөөр хэлбэл, тэднийг гэм буруугүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод байгаа юм.

Эл хэргийг эргэн сөхвөл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцсон. Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2022 онд тус хэргийг нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Үүнээс хойш гурван шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэж өнөөдрийг хүрсэн юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Онцлон дурдахад, Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван ч удаа шүүхээс цагаатгасан юм.