Төрийн бодлогоор мах нөөцөлж эхэлсэн 2006 онд 1 кг нь 2100 төгрөг байсан үхрийн махны үнэ одоо 33.000 төгрөгт хүрлээ. Ханш нь 15.7 дахин өссөн байна. Үүнийг талхны үнэтэй харьцуулж үзье. Тэр үед 320 төгрөг байсан “Атар” талх одоо 3000 төгрөг. Үнэ нь 9.1 дахин нэмэгджээ.

Манай улс мах нөөцөлж эхлэхдээ 34.8 сая малтай байв. Одоо 58 сая. Малын тоо 70% өссөн байхад махны үнэ 15.7 дахин нэмэгджээ. Арай л дэндүү биш үү!

Манай улс 2008-2025 онд 1.661.900 иргэн, аж ахуйн нэгжид нийт 979.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Яасан гэж ийм олон хүнд, энэ олон компанид ийм их мөнгө өгөв гээд харвал мах бэлтгэсэн, ноосоо самнасан, ноолуураа угаасан, буудайгаа үйлдвэрт тушаасан, сүүгээ саасан гэж. Тэгээд ямар үр дүн гарав? Махыг авч үзье.

ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүхийн мэдээллээр бол нөөцийн мах бэлтгэхэд 63.3 тэрбум төгрөг олгожээ. УИХ, ЗГ тогтоол гаргаад, мах бэлтгүүлж, урамшуулал, зээлийн хүүгийн зөрүү хэмээн мөнгө өгч байна.

Засгийн газар 2006.07.26-нд “Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарган, “Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам” баталжээ. Үүний дагуу Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан мах нөөцөлж байлаа. Тэр үед Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 1800-2000, үхрийн мах 2100-2500 ₮ байв.

Нөөцөлсөн махны хэмжээ, олгосон урамшуулал

  • 2006-2007 он: 1 кг махны урамшуулал 340₮. Нийт3900 тн мах бэлтгэж, 986.5 сая ₮ олгожээ.
  • 2007-2008 он: 12 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ урамшуулалд авчээ.
  • 2008-2009 он: 6 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮-ийн урамшуулал авчээ.
  • 2009-2010 он: 1 кг махны урамшуулал 500₮ . 6 компани 4800 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ авчээ.
  • 2010-2011 он: 16.000 тн мах бэлтгэсэн 10 компанид 8 тэрбум ₮ олгожээ.
  • 2011-2012 он: 1 кг махны урамшуулал 650 төгрөг. 16.000 тн мах бэлтгэсэн 14 компанид 10 тэрбум ₮ өгчээ.

Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 5000-7200, үхрийн мах 5500-7800 ₮ байв. 6 жилийн хугацаанд махны үнэ дунджаар 3 дахин нэмэгджээ.

Мах бэлтгэсний урамшууллыг зогсоож, оронд нь мах бэлтгэн нийлүүлэх компаниудад эргэлтийн зээл хөнгөлөлттэй олгохоор болжээ. Зээлийнх нь хүүг улсын төсвөөс төлнө. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран 2012.10.26-наас “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж, 248 тэрбум төгрөгийн зээл өгчээ. 2013-2015 онд 3 жил хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн “Махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан компаниудад 87 тэрбумыг нь зээлжээ.

Х.Болормаа