“Хавдрын эсрэг үндэсний аян -2014” есөн аймагт хэрэгжинэ
2014/02/11
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Хаан банктай хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий даяар “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд “Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийг зохион байгуулагч байгууллагууд энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр аяныг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар болон эмч, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Хавдрын эсрэг үндэсний аян” маш үр дүнтэй болж чадсан гэдгийг юуны өмнө онцолмоор байна. Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдар өвчин манай улсад төдийгүй дэлхий дахины хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг болж байна. Монгол улсад халдварт бус өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас эндэх болсон. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд анхаарлаа хандуулж, бодлого хөтөлбөртөө тусгаж ирсэн. Өмнөх жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэхэд тал дээр түлхүү ажилласан бол энэ онд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилбэл бүрэн эдгэрдэг өвчин. Нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлан, хамгийн том дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байгаа МҮОНРТ, Хаан банкны хамт олонд Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархлаа илэрхийлье” хэмээв.
2013 оны статистик мэдээгээр хорт хавдрын шинэ тохиолдлын 57 орчим хувь нь хөдөө орон нутагт, 43 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тиймээс 2014 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай зэрэг нийт есөн аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аяны зорилго нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүн амын мэдлэгийг дээшлүүлж, үнэн бодит мэдээ, мэдээллээр хангах, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ удаагийн аяны багийнхан хөдөө орон нутагт 6-7 саруудад үзлэг, мэс засал гэсэн хоёр үндсэн чиглэлтэй ажиллах бөгөөд нэг аймагт ойролцоогоор зургаан өдрийн хугацаанд ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Ингэхдээ сум, багийн иргэд, малчдыг түлхүү хамруулахаар зорьж буйгаа зохион байгуулагчид онцолж байлаа.
Энэхүү аян 2011 оноос эхлэн гурван жил дараалан орон даяар хэрэгжсэн бөгөөд нийт 55 мянга орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 3150 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, 1300 гаруй сайн дурын идэвхтнийг бэлтгэжээ. Ийнхүү ард иргэдийн хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлд сургахад Хаан банк сангаас нийт 460 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Харин энэ удаагийн аяны төсөв хараахан батлагдаагүй байгаа ажээ.