Монгол Улс улаанбурхан өвчнийг устгаж чадсан дөрвөн орны нэг боллоо
2014/03/24
Энэ сарын 20-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Номхон Далайн Баруун Бүс (НДББ)ийн Баталгаажуулах хороо БНСУ-ын Сөүл хотноо хуралдаж, Австрали, Макао, Монгол, Солонгос зэрэг дөрвөн улс Улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлан тунхаглалаа.
Эдгээр 4 орон бүсээс дэвшүүлсэн зорилтыг хангаж байгаа анхны улс орнууд болж байгаагаараа онцлог.Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг учраас ДЭМБ-ын гишүүн улс орнуудын хувьд энэ үйл явдал нь чухал ач холбогдолтой юм.
“Хүн амын эрх тэгш байдлыг хангах, улаанбурхан өвчнөөс шалтгаалсан өвчлөл, эндэгдлийг бууруулахын тулд уг өвчинтэй тэмцэх ажил нь зөвхөн НДББ-ээр хязгаарлагдалгүй, дэлхийн өнцөг булан бүрт үргэлж тэргүүлэх ач холбогдолтой хэвээр байх ёстой” хэмээн ДЭМБ-ын НДББ-ийн захирал доктор Шин Ёнг Со Сөүл хотноо хуралдаж буй Бүсийн Баталгаажуулах Хорооны хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн байна. Тэрээр цааш нь, “Дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакцинаар сэргийлэгдэх бүрэн боломжтой вирусын халдварын улмаас маш олон хүүхэд эндсээр байгаа” хэмээн дурьдав.
Дээрх дөрвөн орны гаргасан амжилт нь 2013 оны турш, 2014 оны эхээр Хятад, Филиппин, Вьетнам улсуудад дэгдсэн улаанбурхан өвчний дэгдэлтүүдтэй зэрэгцэн тохиож байгаагаараа онцлог бөгөөд дархлаажуулалтын хамралтыг өндөр түвшинд тогтвортой байлгахын ач холбогдлыг дахин сануулсан үйл явдал болж байна.
Бүсийн зарим улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлтүүд бүртгэгдсээр байгаа хэдий ч 2012 оны эцсээр НДББ түүхэндээ байгаагүй цөөн тооны улаанбурханы тохиолдлыг мэдээлсэн. Улаанбурхан өвчнөөс шалтгаалсан эндэгдэл бүсийн хэмжээнд 84%-р буюу 2000 онд 12,100 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2012 онд 2,000 тохиолдол болтлоо эрс буурсан. Энэхүү амжилт нь улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр тунг товлолын дархлаажуулалт эсвэл нэмэлт дархлаажуулалтын үеэр бүрэн хамруулж байсны үр дүн ажээ.
Улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулсныг баталгаажуулах ДЭМБ-ын НДББ-ийн хороонд тус бүсийн 14 улс орон, нутаг дэвсгэр улаанбурхан өвчинтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хүргүүлж, олон улсын хэмжээний 14 эксперт улс орон, газар нутаг болгоны тайланг нарийвчлан судалж танилцсаны үндсэн дээр бүсийн хороо шийдвэрээ гаргасан байна.
“Үйл ажиллагаа нь чанарын шаардлага хангасан тандалтын тогтолцоотой нөхцөлд улаанбурхан өвчний нутагшмал вирусын тархалтыг дор хаяж 36 сарын туршид таслан зогсоож чадсан болохыг улаанбурханы вирусын генотипийн мэдээллийн хамт баримтжуулан нотолбол” ДЭМБ-аас тухайн улс орон, газар нутгийг улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулсан хэмээн албан ёсоор үздэг байна.
ДЭМБ-ын НДББ-ээс дэвшүүлсэн энэхүү зорилтыг биелүүлэхэд хүн хүч, хөрөнгө санхүүгийн асар их нөөцөөс гадна төр засгийн дэмжлэг оролцоотойгоор амжилттай хэрэгжсэн дархлаажуулалтын хөтөлбөр нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. НДББ-д 1,8 тэрбум хүн амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын ¼-ээс даруй давсан үзүүлэлт юм. Бага, дунд, өндөр орлоготой улс орнууд зэрэгцэн оршдог гэдгээрээ НДББ нь ДЭМБ-ын зургаан бүсүүд дотроо онцлог байдаг.
Дашрамд тэмдэглэхэд, 2009 оноос өнөөг хүртэлх хугацаанд ДЭМБ НДББ-ийн хэмжээнд 230 сая гаруй хүүхэд хүн амыг олныг хамруулсан вакцинжуулалтын кампанит ажлын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулагдсан байна.
Дэлхий дахинд, 2000 оноос өнөөг хүртэлх хугацаанд нэг тэрбум гаруй хүн Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг Санаачлага байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулагдсан товлолын болон нэмэлт дархлаажуулалтанд хамрагдаад байна.
Монгол улсын хэмжээнд 1964-1992 онуудад жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байжээ. Анх 1973 онд дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакцины 1 тунг, 1986 оноос 2 дахь тунг нэвтрүүлснээр өвчлөл 1986-1996 онуудад 1976-1986 оны өвчлөлтэй харьцуулбал 7,5 дахин буурчээ.
Гэвч 1990-2002 онуудад улаанбурхан өвчний 3 удаагийн дэгдэлт бүртгэгдэж 2001-2002 онд улаанбурхан өвчний 10 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 1994, 1996, 2000 онуудад 1-14 насны хүүхдэд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна.
Манай улсад 1976-2003 онд бүртгэгдсэн улаанбурханы өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлтийн үечлэл 4-5 жил байдаг байна.
Улсын хэмжээнд 2004, 2005, 2010 онд улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй бөгөөд 2006-2009 онд улаанбурхан өвчний 75 тохиолдол бүртгэгдсний 36% нь 1 хүртэл насны, 19% нь 5-9 насны, 11% нь 10-14 насны хүүхэд байжээ.