“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан.

Түүнийг анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу энэ сарын 16-ны 21.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу шууд ачсан юм. Тэгвэл түүнийг “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар Ц.Алдармаагийн ээж Д.Мандахаас тодруулсан юм. 

-Ц.Алдармааг өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? 

-Худал мэдээлэл байна. Хэвлэл мэдээллээр ийм төрлийн худал мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Өчигдрөөс ийм мэдээлэл цахим сайтад гарсан талаар олж мэдлээ.

-Анхан шатны шүүх хурлын дараа өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Дараагийн шатны шүүхэд хандсан уу? 

-Давж заалдах шатны шүүхэд хандахаар баримт материалаа бүрдүүлж байна. Өнгөрсөн баасан гаригт анхан шатны шүүхээс тогтоолоо авсан. Одоо өргөдлөө өгөхөөр хөөцөлдөж байна. 

-Биеийн байдал нь ямар байгаа вэ. Хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ? 

-Өнгөрөгч мягмар гаригт охинтойгоо уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байна. Эргэлтийн хоног нь болоогүй учраас уулзах боломж байдаггүй. Өмгөөлөгч нь байнга уулзаж эргэж тойрч байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ямар ч байсан өлсгөлөн зарласан гэдэг нь худлаа гэдгийг хэлэх байна. 

-“Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд “Манай хоёр бие биенээ уучилсан” гэж мэдээлж байсан. Та бүхэнтэй уулзаж байгаа юу? 

-Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрыг “Шинэ үе” продакшнаас хассан гэх мэдээлэл нэг хэсэг гарсан. Энэ мөн л худал. Хамт олон нь энэ хоёрыг бие биенээ ойлгоосой гэж хүсч хүлээж, үргэлж хамт байж ирсэн. Шүүх хурлын дараа ч гэсэн тэд бидэнтэй ярилцаж, тохирсон зүйл бий. 
 

Б.Дэлгэр