Залуучуудын бодлогын асуудлыг дэлхий нийтээрээ хэлэлцэж байна
2014/10/28
Залуучуудын бодлогын асуудлаарх Дэлхийн анхдугаар чуулган 2014 оны 10 дугаар сарын 28-30 өдрүүдэд Азербайжан Улсын нийслэл Баку хотноо үргэлжилж байна . НҮБ –ын Ерөнхий Ассамблейгаас 1985-1995 оныг Залуучуудын арван жил болгон зарласан бөгөөд 1995 онд НҮБ-аас дэлхийн залуучуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь дэлхий нийтээрээ залуучуудын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх боломжийг улам бататгасан юм. Тус бодлогын бичиг баримтыг баталсны 20 жилийн ойг тохиолдуулж НҮБ, ЮНЕСКО, Европын Зөвлөлийн санаачлагаар Азербайжаны Залуучууд, Спортын Яамны дэмжлэгтэйгээр энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Уг Форумд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучуудын бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа ТББ болон хөдөлгөөний төлөөлөгчид, олон улсын болон бүс нутгийн ЗГ-ын хоорондын байгууллагуудын залуучуудын бодлогын шинжээчид, их дээд сургуулийн дэргэдэх судалгааны төвүүдийн мэргэжилтнүүд, үндэсний хэмжээний залуучуудын байгууллагуудын төлөөлөл, бие даасан хөндлөнгийн шинжээчид, ЗГ-ын байгууллагууд, агентлагуудын төлөөлөл, залуучуудын бодлогыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг хандивлагч байгууллагуудаас 700 төлөөлөгчид цуглан залуучуудад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Залуучуудын үйл ажиллагааны Хөтөлбөрийн (WPAY) зүгээс залуучуудад тулгарч буй нэн тэргүүний 15 асууудлуудыг: боловсрол, хөдөлмөр эрхлэлт, өлсгөлөн ядуурал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, мансууруулах бодисны хэрэглээ, гэмт хэрэг, чөлөөт цаг, охид болон залуу эмэгтэйчүүд, нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоо, даяаршил, мэдээлэл харилцаа холбооны технологи, ХДХВ/ДОХ, зэвсэгт мөргөлдөөн, олон улсын асуудлууд байна гэж тодорхойлсон байна. Иймд Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохиогдож буй дэлхийн залуучуудын бодлогын анхдугаар чуулганаар залуучуудын нэгдсэн бодлогын хөгжилд баримтлах зарчмуудыг хамтран гаргахаар зорьж байгаа аж.
Манай улсаас энэхүү Анхдугаар Чуулганд Монголын Залуучуудын Холбооны Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга хатагтай С.Болорцэцэг төлөөлөгчөөр оролцож байна. Монголын залуучуудын холбоо нь үндэсний хэмжээний байгууллагын хувьд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд өөрийн саналыг боловсруулан ажиллаж байгаа билээ.
Монгол Улсад “Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг 1998-2005 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг сайжруулах,тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар, мэдлэг, боловсрол эзэмшүүлэх, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэг арав гаруй багц үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Гэвч хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дууссан, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого , Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр зэрэг Залуучуудын хөгжлийн асуудлыг хөндсөн бодлого, Хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах шаардлага гарч 2006 онд төрөөс “Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж,3 үе шаттайгаар буюу 2007-2008, 2009-2012, 2013-2015 гэсэн шаталбартайгаар хэрэгжүүлэх юм байна.