“Боловсролын салбар тэр чигтээ ашиг хонжоо хайсан бизнес болчихжээ” гэх эцэг эхчүүд олшрох болж. Учир нь эцэг эхчүүд “Улсын сур­гуулиуд хүүхдүүдээс хандив авах ёсгүй” хэмээн олон жил энэхүү асуудлаар зарга хийсэн ч амжилт олсон нь тун цөөхөн. 

Тухайлбал, хүн болгоны хүүхдээ оруулахыг хүсдэг Монгол-Оросын хамтарсан III сургууль “Их хэмжээний хандив авч хүүхдүүд авдаг учраас бид мэтийн жи­рийн иргэд хүүхдээ энэ сургуулийн босгоор алхуулж дийлэхгүй юм би­лээ. Тий­мээс улсын гэх тодот­голтой сургуульд оруулахаас өөр аргагүй байдаг” гэж хэлэх хүнтэй ч цөөнгүй таарч байлаа. Хамгийн гол нь тус сур­гуульд хүүхдээ оруу­лахыг хүссэн эцэг эх­чүү­­дийн олонх нь харьяа дүүр­­гийнх хэдий ч түүнийг үл хамааран “Хүүхдийн тоо гүйцсэн, хандиваа төлөөд ор” гэдэг үгийг сургуулийн удирдлагууд хэлдэг гэж хичээлийн шинэ жилийн эх­ний өдөр л эцэг эхчүүд хэл ам гаргаж байсан.

Хамгийн гол нь авсан өгсөн баримт байхгүй учраас тэдний энэхүү үйлдлийг ил­чилж чаддаггүйд хэргийн гол учир оршиж буй юм. 

Тиймээс эцэг эхчүүд энэ тухай мянгантаа хэлээд ч тусыг эс олдог гэнэ. Хэрвээ тухайн ээж аавд хахууль нэртэй хандивын мөнгө нь байгаад түүнийгээ сургуулийн удирдлагуудад “Май” гээд улаан гараараа өгсөн бол энэ нь баримт болно. Даанч тэгж чадахгүй байгаа учраас “Нотолж чадахгүй байна” гэж нэг та­нил минь хэлж байсан юм. 


Хандив авдаг данстай байсныг нь илрүүлжээ

Тэгвэл тус сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан сан­хүүгийн шалгалт хийж нэгэн ноцтой зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, тус сур­гуулийн санхүүгийн бүрт­гэл тайлан нь маш цэгцтэй байсныг албаны хүн сай­шаан магтаж байсан юм. Сайны хажуугаар саар гэгчээр нөгөө эцэг эхчүүдийн яриад байсан сургалтын төлбөр, хандив авах эсэхэд мэргэжлийн хяналтынхан анхаарлаа хандуулж, нэ­лээн чамбай ханджээ. Үүний дүнд улсын хөрөнгө оруу­лалттай, мөн хоёр улсын хамтарсан сургууль хэрнээ суралцагчдаас төлбөр авдаг, мөн элсэгчдээс хандив авдаг данстай байсныг нь илрүүлжээ.

Уг нь боловсролын тухай хуульд “Сургуулийн үйл ажил­лагаанд шаардлагатай нөхцөлд хандив авч болно” гэж заасан ч “Шинээр элсэгчдээс хандив авахыг хориглоно” гэсэн заалт байдаг байна. Тиймээс л сургалтын төлбөр, хан­дивын хувь хэмжээг хэрхэн тогтоосныг холбог­дох албаны хүмүүс их л ойлгомжтойгоор тайл­барлахыг хүссэн байна. Гэтэл энэхүү асуултын хариултыг Ж.Соронзон захирал өгөх байсан ч ОХУ руу ажлаар явсан учир тус сургуулийн менежер дараах хариултыг өгсөн юм. 

Тэрбээр “Сургалтын төлбөр, хандивын хувь хэм­жээг сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр тог­тоодог” гэдгээс өөр дорви­той хариулт өгөөгүй. Тус сургуульд орох гэсэн хү­сэл­тэй хүүхдийн оноо хү­рээгүй тохиолдолд хоёр, гурван мянган ам.долларын хандиваар оруулдаг гэх яриа байдаг. Ийм асуудал байж болохгүйг албаныхан хатуу анхааруулж, суралцагч хүүхдүүдээс зөвхөн үйл ажиллагааны зардлын хандив авч болохоос бусад төр­лийн хандив авч бо­лохгүй гэжээ.

Энд уг шалгалтаар нэг л зөрчил илэрсэн нь хү­мүүсийн анхаарлыг та­таж байсныг онцлох нь зүйтэй байх. Учир нь эл сургуультай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон хэл ам гардаг учраас ийнхүү эцэг эхчүүд ач холбогдол өгсөн хэрэг.


Улсын сургууль учраас сурагчдаас төлбөр авах ёсгүй

Уг нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын төсвөөс санхүүждэг сургуулиудаас хамгийн өртөг өндөртэй нь тус сургууль. 

Тухайлбал, улсын төсвөөс энэ сургуульд нэг жилд 1.2 тэрбум төгрөг дунджаар төсөвлөдөг. Үүнээс гадна сурагчдаас сургалтын төлбөр авдаг. Хичээлийн жилд 2030 хүүхэд тус сургуульд суралцаж байгаа бөгөөд хүүхэд тус бүрээс сургалтын төлбөр гэж дунджаар 1.8 сая төгрөг авдаг гэнэ. Товчхондоо улсын төсвөөс санхүүждэг сургуулийн хувьд сурагчдаас төлбөр авах ёсгүй гэдгийг анхааруулж үүрэгдлээ.

Ингээд бид Нийслэлийн боловсролын газраас сур­галтын төлбөр, хандивын хувь хэмжээг сургуулийн удирдах зөвлөлийн шийд­вэрээр тогтоож болдог эсэхийг тодруулахаар очсон боловч, “Эрх мэдэл бүхий албан тушаалтныг гадуур ажилтай яваа” гэсэн хариулт авсан юм. 

Юутай ч улсын сур­гуулиудын зарим нэг захир­лууд хуулийг гажуу­дуулж ажлаа хийдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. 

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, бо­ловсролын хууль тог­тоомждоо сургуулиудын чиг үүргийг тусгайлан, нарийвчлан тусгахгүй бол энэ мэт хэрээс хэтэрсэн үйлдлүүд цаашид газар авч олон эцэг эхээс хууль бусаар хандив, сургалтын төлбөр авсаар байх болно. 

Эцэст нь олон жил “Бид хандив авдаггүй, та нар битгий хүн гүт­гээд байгаарай” гэж хэв­лэлийн­хэнтэй муудаж бай­сан Ж.Соронзон за­хирлын энэхүү үйлдлийг сая хийсэн шалгалт нотолж буй юм. 


Р.Саруул








Эх сурвалж: