Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа “дан дээлтэй”-гээр бүрдүүлвэл хожно
2014/12/02
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентэд суудалтай бүх намуудад Засаг байгуулахад хамтран оролцох хүсэлт илгээсэн. Түүний энэ урилгыг өнөөгийн парламентэд сөрөг хүчний байр суурьтай оролцож байсан МАН хүлээж авахдаа намынхаа Бага хурлыг хуралдуулан байж, гишүүдийн олонхийн саналын дагуу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллахаар болсон. Өдгөө намууд засагт хэдэн суудал авах, хэнийг сайд болгох асуудлаа “далд фронт”-д ид хэлэлцэж, тохиролцож байгаа бололтой.
Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-д суудалтай намын дарга нарт дайх хэдэн үг байна.
- УИХ-ын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй засгийн газрын гишүүд нь өөрсдөө УИХ-ын гишүүн байснаар УИХ-аас Засгийн газарт хүлээлгэх хариуцлага алдагдаж эхлэсэн.
- Хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар нь өөрөө хууль тогтоогчдоос бүрдсэн нь УИХ-аас гүйцэтгэх засаглалыг шахаж шавдуулж, хариуцлага үүрүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх засаглал хоорондын зүй зохист харилцаа, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог алдагдуулах үндэслэл болсон
- УИХ-ын гишүүд хууль тогтоох, гүйцэтгэх давхар эрх эдэлж, улмаар сайдууд хууль тогтоохоор ард түмнээс сонгогдсон чиг үүргээ умартах болсон
- УИХ-ын гишүүд “давхар дээл өмсөн” Засгийн газрын гишүүн /сайд/ болохын тулд УИХ-ын гишүүдийг лоббидох болсон нь аажмаар улс төрийн намуудад фракци, жигүүр “хүчтэй” байх нөхцлийг бүрдүүлсэн
- Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээс давсан /давхар дээлтэй учраас/ гэмээр эрх мэдлийн “гаж” функци бий болсон
- Засгийн газарт чадварлаг туршлагатай, салбараа мэддэг, мэргэжлийн боловсон хүчин ажиллах боломжийг хязгаарласан гэх зэрэг олон сул талуудыг үүнтэй холбогдуулан дурьдаж болно.
Ийм учраас шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ 100 хувь УИХ-аас бус гаднаас бүрдүүлэх нь улс төрд цоо шинэ алхам болох төдийгүй олон нийтийн зүгээс илү дэмжлэг авч мэднэ. УИХ-ын гишүүн бус хүмүүсээр танхимаа бүрдүүлснээр дээр дурьдагдсан сул талыг арилгаж, улс орны эдийн засгийн хямралын үеийнг хүндрэл багатайгаар даван туулах боломж бүрдэх нь зайлшгүй.
Ингэхдээ Ерөнхий сайд парламентэд суудалтай улс төрийн намуудад хандан УИХ-ын гишүүн бус, хамгийн чадварлаг боловсон хүчнээ Засгийн газрын гишүүдэд санал болгох хүсэлтийг гаргах нь зүйтэй.
МАН-аас Засгийн газрын тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүхийг томилуулахаар санал болгож байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ. Үүнийг нэлээд оновчтой “нүдээ олсон” зөв шийдвэр гэж судлаачид үзэж байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрчийнхөө хувьд аядуу намуун арга барилтай бол МАН-ын У.Хүрэлсүх шийдэмгий, зарчимдаа хатуу байр суурьтай. Шинээр байгуулагдах засгийг энэ хоёр улс төрчийн “хоршил” амжилттай хөтлөөд явах боломжтой гэж үзэж болохоор байна.
Дараагийн асуудал бол дээр хэлсэнчлэн улс төрийн намууд парламентын гаднах шилдэг боловсон хүчнээ засгийн газрын гишүүн /сайд/ болгохоор “сойх” нь зүйтэй. Тухайлбал,
АН:
- Генсек Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, БХЯ-ны дэд сайд А.Баттөр, Да.Ганболд, Батж.Батбаяр, Нийтлэлч Баабар
МАН:
- У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, Ц.Цогзолмаа, Ч.Хашчулуун, Б.Лхагважав, Д.Жаргалсайхан
МАХН:
- О.Чулуунбат, Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян
МҮАН:
- М.Энхсайхан, Б.Цогтгэрэл
ИЗНН:
Ийнхүү парламентад суудалтай улс төрийн намууд УИХ-аас гаднах эдгээр чадварлаг боловсон хүчнүүдийнхээ дунд “сунгаа” явуулж, намынхаа удирдах байгууллагаараа хэлэлцэн батлаж, тэдний нэрсийг УИХ-ын чуулганд оруулах нь зөв зүйтэй болов уу.
Шинэ Ерөнхий сайд маань аль болох “дан дээлтэй” хүмүүсээр багаа бүрдүүлэх нь Монголын улс төрд томоохон дэвшил авчрах юм. Засагт хамтран оролцох намууд ч гэсэн Ерөнхий сайдад элдэв шахалт үзүүлэхгүйгээр “дан дээлтэн”-үүдийг дэмжих нь өнөөгийн энэ цаг үед улс төрийн хариуцлага дээшлэн, эдийн засгийн хямралыг богино хугацаанд гэтлэн давах боломжийг илүүтэй олгох болно.
Ц.Мөнх