М.Даваажаргал: Аварга хүн унах эрхгүй байдаг юм
2014/12/19
-Япончууд дэндүү уужим сэтгэлтэй, агуу ард түмэн юм. Үндэснийх нь спортоор амжилт гаргаад, хамгийн өндөр цолонд хүрсэн гадны бөхийг өөриймсөг хүлээж авдагт нь заримдаа гайхдаг шүү?
-Үнэхээр агуу ард түмэн. Долоо найман жилийн өмнө л япон хүн түрүүллээ шүү дээ. Одоо япон аваргатай болохыг хүсэж байна. Энэ бол ямар ч улс оронд байх асуудал. Өөрсдийн хүсээд байгаа аваргаа төрүүлье гэх хүсэл байвч найраа ч юмуу ямар нэгэн буруу арга байхгүй учраас хүчээр аваргатай болох боломжгүй. Би хэдэн жилийн өмнө нэг эмчтэй танилцаж байлаа. Тэр хүн надад "Аварга та яагаад ийм их хүчтэйгээ мэдэж байна уу" гэж асууж байна. Яаж байна л гэчихлээ. Тэгсэн чинь "Таны багадаа идэж байсан хоол ундтай чинь холбоотой. 1945 оноос өмнө буюу дайны өмнө идэж байсан хоол гэж байдаг. Тэрнээс хойшхи нь тэр үеийн хоолны чанарыг гүйцэхгүй. Тэгэхээр та одоогийн идэж байгаа хоолтойгоо Фүтагаяама аваргатай барилдвал ялагдана. Багадаа идэж байсан хоол чинь сайн болохоор одоо та ийм хүчтэй байгаа юм" гэж хэлсэн. Энийг би үнэн үг гэж боддог шүү. Нээрээ л би багадаа зуны амралтын гурван сарыг Эрдэнэсантад өнгөрүүлдэг байлаа. Хөдөөний хүүхэд юу хийх ёстой байдаг, тэр бүхнийг хийдэг. Адуу малаа усална, хонь ямаандаа явна, унага татна, ус зөөнө, аргал түүнэ, үхэр тугал ивэлгэнэ гээд ажил ихтэй. Өдөржингөө айраг ууж байгаад оройдоо ганцхан удаа л хоол иддэг байсан. Гэртээ байхдаа хөргөгчөө онгойлгоод л хоол иддэг байсан бол хөдөө тийм биш. Өлсч үзсэн хүн юманд хүрдэг юм болов уу гэж боддог. Бас морь унах дуртай. Байгальтай ойр ахуй амьдрал уужуу сэтгэл, саруул ухааныг тодорхой хэмжээгээр өгдөг нь гарцаагүй. Тэгэхээр миний амжилт хоол унд, агаар, ус, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Зарим хүн намайг япон хүнээс илүү япон гэдэг. Яагаад ингэж хэлдэг юм бэ гээд асуухаар "Эх орноо хайрласан хүн бусдын эх орныг хайрлаж чаддаг" гэж хэлдэг. Яг л тийм байдаг.
-Таныг их аварга хүний барилдаанаар барилдаж эхэлж байгаа гэж байсан. Сайн барилдаж байгааг хэлээгүй байх. Ямар барилдааныг ингэж хэлдэг юм бэ?
-Жинхэнэ ёкозунагийн барилдаан гэж байдаг л даа. Тэр нь өрсөлдөгч бөхийгөө барьц авахыг хүлээж байгаад дараа нь барилдахыг хэлж байгаа юм. Дээхнэ үеийн аваргуудын барилдааны бичлэгийг үзээд сууж байхад дандаа өрсөлдөгчөө тосож барилдаж байгаа харагддаг. Ийм барилдаан дараа, эхлэл гэсэн хоёр ханзаар илэрхийлэгддэг. Сүүлдэж босоод, төгсгөл дээр нь эхлэл шиг барьцаа авч барилдахыг хэлж байгаа юм. Ингэж барилдахад сэтгэлийн асар их тэнхээ шаардана. Сумогоор барилдаж байгаа хүмүүсээс надад энэ талаар зөвлөх хүн байхгүй л дээ. Тиймээс жүдо болон бусад спортын төрлийн аваргуудтай санал бодлоо хуваалцдаг юм. Тэгээд бодоод байхаар миний зодог тайлах хугацаа жинхэнэ ёкозунагийн барилдааныг бүрэн төгс мэдэрсэн хойно ирэх байх.
-Та сүүлийн хэдэн башёд ийм барилдаан хийв үү?
-Нэг тэмцээнд 15 өдөр барилдаж байгаа. 15 өдрийн барилдаанд сайндаа л хоёр, гурван өдөр ийм барилдаан гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын тэмцээний үеэр Кисэносатотой барилдахад яг ингэж барилдсан. Бүр төгс болсон нь 2012 оны нэгдүгээр сарын башёгийн эхний өдрийн барилдаан. Шохозан яг дайраад ирэхэд нь тосож зогсож байгаад барьц авсан хойно нь хөдөлсөн. Шохозан нэг мэдэхэд дэвжээнээс гарчихсан байсан. Гэхдээ ингэж барилдана гэдэг явдалтай л даа. Үгээр ойлгуулахад амар биш байна. Сэтгэл санааны нэг тийм торгон мэдрэмжийг ойлгуулах ёстой болчихоод байна.
-Гэхдээ танд ерөнхийдөө ингэж барилдах ёстой гэх бодол төрчихсөн юм шиг ээ?
-Одоохондоо өөрийгөө хараахан бэлэн болоогүй гэж бодоод байгаа. Эвдэж чадаагүй дээд амжилтууд байгаа шүү дээ. Тэр өндөрлөг рүү зорьё. Ямар ч байсан эхлээд хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийчихье. Чадахаа хүртэл явъя. Тэгсэн хойноо энэ мундаг барилдаан руу сэтгэл санаагаараа бүрэн төгс оръё. Өчүүхэн төдий л зөрөхөд дэвжээнээс гарчих аюултай. Миний таньдаг нэг хүн байлаа. Тэр хүн намайг харах бүртээ "Чи Фүтагаяма аваргатай их төстэй" гэж хэлнэ. Би тэгэхэд дөнгөж хорьтой байсан байх. Тийм хүний нэр ч сонсч байгаагүй болохоор өвөө одоо юу яриад байгаа юм бол гэж боддог байлаа. Сүүлд тэр аваргын бичлэгийг үзээд үнэхээр их биширсэн. Барилдахын өмнөх царай нь барилдах хүний царай биш байгаа байхгүй юу. Яаж тийм царай гаргадаг юм бүү мэд. Харахад яг л үхэл рүүгээ явж байгаа хүнийх гэмээр. Аварга хүн унах эрхгүй байдаг юм. Унана гэдэг үхэж байгаатай адил. Яг л тийм царайг гаргадаг байсан юм билээ. Бас барилдааныг нь ажиглахаар надтай ойрхон. Баруун золгоод дайрч, тонгорч байгаа нь ерөнхийдөө миний барилдаантай төстэй.
-Барилдахын өмнөх царай гэснээс хэдэн жилийн өмнө таны нүүрнээс ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдрэгддэггүй байсан. Харин сүүлийн үед бага зэргийн сэтгэл хөдлөлтэй болсон санагддаг юм. Ялангуяа таны нүд?
-Би багадаа хөдөө явдаг л байсан. Гэхдээ ганц ч удаа чоно харж байгаагүй юм. 2004 онд дээд зиндаанд гарч барилдаад удаагүй байсан үе. Долдугаар сарын тэмцээнээ дуусгачихаад эх орон руугаа амрахаар явсан. "Их хурд" очиж үзэж байлаа. Шарга азарга түрүүлдэг жил шүү дээ. Тэгээд хот руу буцах гээд Эрдэнэсант өнгөрөөд явж байтал нэг чонотой таарсан юм. Яг хар зам дээр цав цагаан чоно. Аав ард суучихсан, би жолоочийн хажууд сууж явсан юм. Өмнө нь чоно харж байгаагүй болохоор зам дээр буруу харсан цав цагаан юмыг хонь юм байх гэж бодлоо. Тэгээд замын хоёр тал руу хартал сүрэг нь байдаггүй. Жаахан ойрттол сүүл урт байхаар нь нохой байна л гэж бодсон. Харин бүр ойрттол яг эргээд харсан. Пээ тэр нүдийг нь ээ. Нүд нь ногоон ч гэх юмуу, цэнхэр ч гэх юм уу. Чи хаанаас ч ирсэн би чамайг яаж ч чадна шүү дээ гэсэн харц.
-Чоно уг нь хүний нүд рүү эгцэлж хардаггүй гэдэг?
-Харц тулгараад бараг гурав, дөрвөн хором над руу ширтсэн. Хамаг биеийн үс босоод бие арзасхийсэн дээ. Тэр чонын харц одоог хүртэл нүдэнд харагддаг юм.
-Их сонин тохиолдол байна. Харанхуй шөнө байсан юм уу. Чоно уг нь машины дуу чимээгээр зугтаад алга болмоор юм даа?
-Дөнгөж нар жаргаад бүрэнхий болж байсан цаг шүү дээ. Аав аль хэдийнэ машинаас буугаад зогсчихсон, би юун машинаас буух манатай. Тэрнээс хойш хүний нүд бүхнийг илэрхийлдэг юм байна гэж ойлгодог болсон доо. Нүдэндээ галтай гэж ярьдаг нь дэндүү үнэн үг гэдгийг ухаарсан. Сүүлийн хэдэн тэмцээнд тэгж харагдаж байгаа нь тэр чононоос үүдэлтэй. Гэхдээ ингэж сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болсноос хойш хэд хэдэн удаа сануулга авчихсан. Тэрунофужиг дэвжээнээс гарчихаад байхад нь түлхсэн, бооцоогоо авахдаа ширүүн байна гэх шүүмж ирээд байгаа.
-Чоно гэснээс та нэг хэсэг Японы чоныг хамгаална, Японд чоно авчирна гэж яриад байсан. Тэр юу болсон бэ?
-Гамшиг болсны дараахан нэг башё зохиогдоогүй. Тэр үед жаахан зав гарахаар нь "Чонон сүлд" олоод уншчихгүй юу. Зургаан сарын турш уншсан. Ийм ном уншиж байгаа тухай Японы хэд хэдэн хэвлэлээр мэдээлсэн юм. Тэгсэн нэг өглөө бэлтгэл дээр тав зургаан хүн хүрээд ирлээ. Японы чонын холбооныхон гэнэ. 100 гаруй жилийн өмнөөс чоно устсан, чоногүй болчихоор буга өсөж үржээд ямар ч модгүй болж байгаа тухай ярьсан. Харьцуулсан хоёр зураг аваад ирэхийг нь хартал үнэндээ сэтгэл өвдмөөр байгаа юм чинь. Маш гоё модтой уул арван жилийн дараа солир унасан мэт болчихдог юм байна. Худлаа зураг юм биш үү гэж хэлтэл тийм өөр болчихсон нь үнэн гэнэ. Буга модны холтсыг юу ч үгүй идчихдэг юм байна л даа. Чонын холбооныхон гамшиг болсны дараахан ирсэн болохоортэдний ажлыг дэмжээд зохион байгуулж буй үйл ажиллагаанд нь оролцоод үг хэлсэн юм. Чоно Японд жаахан нэр муутай шүү дээ. Тэгэхээр нь би "Монголчууд бид Бөртэ чоно, Гуа Маралын үр удам" гэж ирээд үг хэлсэн юм. Тэгсэн холбооны хүн надад хэлж байна. Аваргын гэргий Токушима аймгийнх. Тэнд лууны нэртэй сүм байдаг. Луу бодит амьтан биш ч гэлээ тал дээр давхиж буй чонын хөдөлгөөнөөс улбаалж лууг зурсан. Аварга та Токушима аймагтай ямар нэгэн холбоотой байсан байж таараа гэж ярьж байсан.
-Таны эхнэр, хүүхэд сайн уу. Гэргий тань юу хийдэг вэ. Хүүхдүүд хэдэн настай вэ?
-Гурван хүүхэдтэй болсон. Хоёр охин, нэг хүүтэй. Том нь долоо, дундахь нь зургаа, бага нь гуравтай. Эхнэр өнгөрсөн хэдэн жил хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах гээд хэсэг маш завгүй байсан. Японд хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулна гэдэг тун асуудалтай байдаг юм байна. Харьяа цэцэрлэгт нь өгчихөж болохгүй. Бэлдэж, шалгалт өгч байж ордог. Тэр шалгалтад хүүхдээ тэнцүүлэх гэж ээж нь сөхөрч унахаа шахсан.
-Нэгдүгээр анги, цэцэрлэгт оруулахын тулд шалгалт өгдөг гэж үү. Хувийн сургууль уу?
-Японы10 мянган иений мөнгөн дэвсгэрт дээр Фукузава Юүкичи гэдэг хүний зураг бий. Тэр хүний байгуулсан сургуульд хоёр томоо оруулсан. Надад тэр сургуулийн уриа их таалагдсан юм. "Биеийн чийрэгжилт, хичээл хоёрыг хослуулах ёстой" гэсэн байдаг. Сургуульд орохыг нь дэмжиж байсан, бас тэнцэхэд нь их баярласан. Жилдээ 90 хүүхэд л авдаг юм билээ. Тэр сургуулийн тухай манай гэргий их гоё тайлбарлаж өгсөн. "Энэ сургуулийн шалгалтад тэнцэнэ гэдэг 20 давхраас нүдний эм дусаахад нүдэнд нь орж байгаатай адил" гэж хэлсэн. Ингээд бодохоор хэцүү юм шиг байгаа юм.
-Их аваргын хүүхдийг шалгалтгүйгээр шууд авна гэж байхгүй юу?
-Японд ёстой тийм юм байхгүй. Аав ээж нь хэн байна гэдэг тухайн сургуульд огт хамаагүй. Шалгалт нь хоёр шаттай юм байна лээ. Эхний шалгалтад гурав, дөрвөн мянган хүүхэд ороход том охин нэгдүгээрт жагссан. Тэгэхээр нь бас бодоод байгаа юм. Цус холдохоор ухаан сайжирдаг юм байна гэж. Хүү эгчийгээ бодвол удаан, хөдөлгөөн муутай. Тэгсэн бас тэнцчихсэн. Хамгийн бага нь ээжийнхээ явж байсан Японы эзэн хааны цэцэрлэгт явж байгаа.
-Цэцэрлэг бас шалгалт авах уу?
-Тэгнэ. Зураг зуруулна. Хоол ундаа яаж идэж байна, бусад айлын хүүхэдтэй харьцаж байгаа харилцаа гэхчлэн олон зүйлийг анхаардаг. Тавагтай чихрээс атгаад авч байвал шалгалтад унана. Ганцыг л авах ёстой гэдэг юм байна. Багыгаа цэцэрлэгт тэнцэхэд ээж нь магнайгаа хагартал баярласан байх. Өөрөө уг нь эзэн хааны сургуульд сурч байсан юм шүү дээ. Дундаасаа надтай нийлээд замхруулчихсан болохоос биш. Тэр мөрөөдлийг нь биелүүлж цэцэрлэгт тэнцсэн болохоор сэтгэл нь нэлээд хөдөлсөн. Цэцэрлэгээсээ сургуульд нь шууд орох боломжтой байдаг гэсэн.
-Та сургууль дээр нь очдог уу. Хүүхдийн эцэг эхийн хурал дээр ч юм уу?
-Хичээлийн шинэ жилийн нээлтээр нь очсон. Харин эхний өдрөө охин маань өвдгөө шалбалсан ирэхийг хараад битүүхэндээ баярлаж л суулаа. Хичээлээр нүдчихдэг байх гэж айж байсан чинь хүүхдийг хүүхэд хэвээр нь сургадаг бололтой.
-Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?
-Том охиныг Юнрэнцоо гэдэг. Хүүдээ Мөнхжаргал гэж нэр өгсөн. Өвөөгийнх нь Мөнхийг аваад өөрийнхөө нэрний Жаргалыг залгаад ийн нэрлэсэн. Багыг нь Маяа гэдэг.
-Монголоор ярина биз дээ?
-Хоёр том нь ярина. Бага нь сайн ярихгүй. Хүүхдүүдтэйгээ ер нь монголоор л ярьдаг юм.
-Монгол руу дагуулж явж байна уу?
-Ер нь зун болгон авч явдаг. Энэ зун харин шалгалтад бэлдээд яваагүй. Одоо сургууль, цэцэрлэгт орчихсон болохоор ээж нь ч завтай болж байгаа. Ирэх зун гэр бүлээрээ Монгол руугаа явна гэж яриад л байна.
-Хүүгээ бөхөөр хичээллүүлж байна уу. Удам залгасан аварга болох болов уу?
-Өвөө, аав, хүү гээд гурван үеийн аварга байгаасай гэж мөрөөдөөд л байгаа. Ер нь бөхөд дуртай. Гэртээ эгчтэйгээ барилдана. Өмнө нь эгчийгээ бардаггүй байсан бол саяхнаас давдаг болсон байна лээ. Зүрх сэтгэл нь байгаад, дуртай бол барилдах байх. Би чинь багадаа тэгтлээ их бөх сонирхохгүй, сагсан бөмбөг тоглоод явж байдаг байсан.
-Аав, ээжтэйгээ утсаар ярьж байна уу?
-Энд манай төрсөн эгч байдаг юм. Тийм болохоор миний тухай, юу хийж яаж байгааг аав ээжид утсаар хэлчихнэ. Би башёгийн өмнө, дундуур, дуусгаад гээд ярина л даа. Гэхдээ өдөр болгон яриад байж чадахгүй. Гурав, дөрөв хоноод холбогдоно.
-Та бэйсбол тоглодог. Одоо тоглож байна уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Сонирхож л байна. Яг тоглох зав гарахгүй юм. Монголын бэйсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалтай. Тэрэнтэй холбоотой мөрөөдөл бий. 2020 оны Токиогийн олимпод бэйсбол орно. Тэр үед Монголынхоо тамирчидтай хамт зогсож баймаар байна. Бас л гоё шүү дээ. Хааяа чөлөөт цаг гарахаараа гольф тоглодог. Зун Монголд очихоороо бас тоглоно. Ер нь амархан харагдаж байгаа зүйл хэцүү байдаг. Хүний нүдэнд сумогоор барилдах амар байж магадгүй. Гэтэл тийм биш. Аав тэрийг их гоё хэлж байгаа юм. "Муусайн юмнуудын барилдаж байгааг харахаар амархан юм шиг мөртлөө яггүй зүйл. Ер нь барилдана гэдэг лайны ажил шүү дээ" гэнэ.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их л завгүй байх юм. Бас хаа сайгүй хэвлэл мэдээллийнхэн дагадаг юм байна?
-Өглөө босоод бэлтгэлээ хийнэ. 11 хүртэл бэлтгэлтэй байдаг юм. Башё дуусгаад долоо хоног амардаг. Гэхдээ л энд тэнд урилгаар очсоор байгаад амрах цаг гарахгүй. Башёгийн өмнө үндсэн бэлтгэлдээ ордог. Сар гаруйн хугацаанд үндсэн бэлтгэлээ хийнэ. Бусад дэвжээнд очиж хамтарч бэлтгэлд гарах тохиолдол ч их. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Тэгээд энд тэндхийн арга хэмжээнд очиж оролцсоор байгаад оройдоо л харьдаг юм. Бас тойргийн барилдаануудтай. Одоо шинэ жил дөхсөн болохоор арга хэмжээ ихтэй. Тэр болгонд хэвлэл мэдээллийнхэн дагана. Хэвлэлүүд Сумогийн холбооноос албан ёсны зөвшөөрөл авдаг болохоор байнга л дагаад явна.
-Хэдэн туслахтай вэ?
-Арван хүн байна. Тэднээс гадна үс самнадаг, хоол хийдэг хүн гэж тусдаа. Хааяа Монгол руугаа явахаар хүргэн ахаараа үсээ самнуулчихдаг юм. Их нарийн дэг жаягтай болохоор өөрөө самнаж чадахгүй л дээ.
-Энэ жилийн шилдэг тамирчнаар шалгарч байгаа гэсэн. Оны шилдгийн шагналыг олон удаа авч байсан байх. Харин төр засгаас нь шагнуулж байв уу?
-Хамгийн том шагнал гэвэл "Ард түмний баатар" болж байлаа. Сумогийн ертөнцөөс хамгийн сүүлд авч байсан хүн нь домогт Тайхо аварга. Удаах нь би авч байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.
-За баярлалаа. Цаг зав тун шахуу байгаа ч гэлээ Монголоос зориод ирсэн "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөндөө баяртай байна.Би чинь энд өдөр болгон Японы хэвлэлд ярилцлага өгнө. Намайг дагаж яваад байнга бичлэг хийж нэвтрүүлэг хийдэг хүн ч байгаа. Харин өнөөдөр Монголынхоо хэвлэлд ярилцлага өгөх сайхан байна.
Зочин · 2014/12/22
САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ.АВАРГАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ,