Г.Алтанхүү гэгч 33 настай эрэгтэй найз охин болох 21 настай Б.Цэдэн-Ишийг олон  өдрийн турш хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн байж болзошгүй гэх хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан билээ. Эл хэрэгт холбогдох шүүх хурал удаа дараа болж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байгаа юм. Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өмнө нь болж байсан ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан. 

Өнөөдөр түүнийг шүүх байсан ч талийгаач эмэгтэйн биед анх задлан хийсэн эмч шүүх хуралд ирээгүй нь улмаас дахин хойшилогдож ирэх сарын 5-нд хийхээр товоллоо.

Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал тэргүүтэй эмч нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ.