МҮОНРТВ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдоос уучлал гуйжээ Түүний уучлал гуйсан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд Танаа

Монгол түмнийхээ ёс жудаг, хүндлэн дээдлэх өв уламжлалыг сахин дагаж, УИХ-ын дарга, нутгийн ах З.Энхболд танаас М.Наранбаатар би энэхүү сониноор дамжуулан цөөн үгтэй ил захидал хүргэж байна.

Та бид хоёрын дунд өнгөрсөн хоногуудад болсон хийгээд өнөөдөр болж байгаа үйл явдлыг энд нурших нь илүүц биз ээ. Энэ хугацаанд нутгийнхаа уул шиг ах нараас ч, үе тэнгийнхнээсээ ч, анд нөхдөөсөө ч зэмийн үг багагүй сонслоо. Энэ бүхний эцэст миний бие төрт ёсоо хүндэлж, ах захаа бодон УИХ-ын дарга З.Энхболд Танаас уучлал гуйх шийдэлд хүрлээ. Та ч хэлсэн, олон түмэн мэднэ, би ч хэлсэн та сонссон. Уг нь саяхан л бид чинь нутаг нугынх гээд ярьж, хөөрч явсан эрчүүд учраас хоолойд торсон үгээ би залгиж чадаагүй юм аа. Цаг хугацаа хүнийг байтугай чулууг өөрчилдөг гэдэг. Туйлын үнэн гэж үгүй бөгөөд үнэн гэдэг харьцангуй ойлголт гэдгийг та бид мэднэ.

Амьдрал баян. Эв эвдрэх, эргээд эвлэх энэ бүхэн урсч л байдаг хүмүүний харьцаа. Танаас Их Хурлын даргын хувьд биш жирийн эр хүний чинь хувьд дахин уучлал хүсье. Уучилна гэдэг хүнлэг энэрэнгүйн илэрхийллээс гадна сэтгэлийн шархыг эдгээх шидтэн, сэтгэл засах агуу хүч, нэн буянтай үйлс. Уурлаж гоморхохын оронд уучилж өршөөх сэтгэлийн хүчээ эрчлэн чангал гэсэн үг ч байдаг. Миний хэлсэн үгэнд хар буруу, атгаг санаа үгүй бөгөөд сэтгэлийн давчидлаа дарж чадаагүй үйлдлийг минь өршөөж, уучлал гуйсан үгийг минь хүлээн авна гэдэгт итгэж байна.

Цаггүй их ажилд тань амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

Мянганбуугийн Наранбаатар

2015.02.05