Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотноо болж өндөрлөсөн Азийн XVII наадмын шилдэг сагсчны нэгээр тодорсон Монголын улсын шигшээ багийн тоглогч, “Төрийн банк”-ны харилцааны менежер Т.Санчиртай ажил, спортынх нь талаар ярилцсанаа уншигч авхай танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрөгч зууны 70-аад оноос сагсан бөмбөгтэй хүүхдүүд анх танилцсан. Энэ спорттой амьдралаа холбосон таны түүхээсээ яриагаа эхэлье?

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын сагсан бөмбөг нэлээдгүй өндөр төвшинд хөгжиж байгаа. Олон хүүхэд, багачууд хичээлийнхээ хажуугаар багийн спортоор хичээллэх сонирхолтой болж.

Миний хувьд хүүхэд байх үеэсээ эхлэн спортод дуртай байсан. Байрныхаа гадаа найзуудтайгаа хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож өнждөг хүүхэд байлаа.  Би Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн зургаа дугаар ангид сурч байхаасаа эхлэн талийгаач н.Мэндсайхан багшийнхаа секцэд явсан.

-Хамгийн анхны амжилтын гараа?

-Миний хамгийн амжилтын гараа 40 дүгээр дунд сургуулиас эхлэлтэй. Сагсан бөмбөгийн хамгийн анхны шагнал нь дүүргийн аварга болж байх үеийн дурсамж сайхан санагддаг. Үүнээс хойш сагсан бөмбөгөөрөө хичээллэх хүсэл тэмүүлэл улам асч илүү амжилт гаргахыг хүсч эхэлсэн. Тэгээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд оюутан болж ороод оюутны лигийн аварга, залуучуудын аварга зэрэг тэмцээнд түрүүлж явсаар Лигийн тамирчин болсон доо. Тэр цагаас хойш өдийг хүртэл Монгол улсын шигшээ багт тоглож байна.

-Инчонд болсон Азийн наадмын үеэр өөрийг тань хамгийн үнэ цэнэтэй тамирчны нэгээр тодруулсан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Олимп гэж явдаг том наадамд оролцож байхад Азийн шилдэг гурван тоглогчийн нэгээр нэрлэж байна гээд bleacherreport олон улсын маш том сайт дээр алдарт нийтлэл бичдэг бологчин энэ талаар онцолсон. Уг нийтлэлийг нь 16 сая гаруй хүн уншсан томоохон нийтлэл болж чадсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөг Азийн тавцанд тодорхой хэмжээгээр танигдаж Монголын сагсчид гэхээр эмээдэг болж байгаа юм байна, Монголчууд сагсыг тоглож чаддаг гэдгийг харуулж байгаадаа их баярласан.

-Монголын сагсан бөмбөгчид дэлхийн тавцанд гарах гарцыг та бүхэн нээж өгсөн. Харин цаашдын гарцыг өсч яваа залуус гаргах байх. Энэ залуус юун дээр анхаарвал илүү амжилтыг үзүүлэх үү?

-Бидний дараагийн үе гарч ирнэ. Хамгийн гол нь хоорондоо эвтэй бай, бэлтгэлийг чин сэтгэлээсээ хий. Аливаа нэг зүйл дээр урдаа нэг зорилго тавьж түүнийхээ төлөө шимтэн үнэн сэтгэлээсээ хийсэн цагт амжилтынхаа талд нь атугай хүрдэг юм аа гэдгийг зөвлөж хэлмээр байна.

-Таны одоогийн том зорилго?

-Хамгийн ойрын зорилго бол ирэх тавдугаар сарын дундуур болох Азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Зүүн азийн зургаан хүчирхэг орны тамирчтай тоглоод эхний гуравт багтаж байж Азийн аваргын эрхээ авна. Энэ эрхээ авсны дараа мэдээжийн хэрэг финалын шатанд үлдэх зорилготой байгаа.

 

-Шигшээ багт ороод багаа сольсон. Яагаад багаа солих болов?

- Би 2009 оноос эхлэн шигшээ багт тоглож байгаа. Шигшээ багийнхаа амжилтаас дурдвал, 2012 оны Гуанжоу хотод болсон азийн наадамд багаараа 12-р байрт орж байсан. Сая Инчоны азийн наадамд багаараа шилдэг наймд шалгарсан. Энэ удаад багагүй том амжилтыг үзүүлсэн гэж үзэж байгаа. Багаа сольсон асуудлын хувьд өмнө нь би “SBL Хасын хүлгүүд”-т тоглож байгаад гэрээний хугацаа дууссан. Энэ жил шинэ “Баянгол  мадимос Шонхрууд” багт тоглохоор гэрээгээ байгуулаад энэ улирлын тоглолтоо үргэлжлүүлээд явж байгаа.

-Монголын сагсан бөмбөг ямар төвшинд явж байна таны бодлоор?

-Бидний дараагийн үе болох хүүхэд, багачууд сагсан бөмбөгөөр хичээллэж, сайн сайн тоглодог залуус гарч ирж байна. Тийм болохоор цаашдаа ч бас манай Монголын сагсан бөмбөг үүнээс илүү төвшинд хөгжих болов уу. Хэдэн жилийн дараа “Азийн аварга”-аар ч тодорч магадгүй гэсэн бодол төрөөд байгааг нуух юу байхав. Яагаад гэхээр сүүлийн жилүүдэд багаасаа сагсаар хичээллэж эхлэх болсон мөн мэргэжлийн багш нар гарч ирж байна.

-Тамирчин хүнийг бэлтгэлээ хийгээд тоглолтондоо ороод л явж байгаа гэж хүмүүс боддог. Гэтэл манай тамирчид үүнийхээ хажуугаар ажлаа хийдэг. Таны хувьд л гэхэд Төрийн банканд ажиллаж байгаа?

-Монголын сагсан бөмбөгийн тамирчид бүгд л давхар ажлаа хийж яваа. Анх 2012 оны нэгдүгээр сард тушаал гарч Төрийн банканд дотоод хяналтын газрын хянан шалгагчийн албан тушаалт анх томилогдон Билэгт захиралын удирдлага нь дор ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Оны өмнөхөн байгууллагын банкны харилцааны менежерийн албан тушаалд томилогдсон шинэ ажлаа хүлээж аваад удаагүй ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхээр хүчин зүтгэж явна.

-Төрийн банкны харилцааны менежерийн ажил үүргийн талаар?

-Банкны үйл ажиллагаа харилцагч дээр тогтдог. Харилцагч бол банкны номер нэгт тавигддаг эрхэм хүндэттэй хүмүүс байдаг. Бидний хувьд бол Төрийн банкны харилцааны менежер гэдэг албан тушаал нь найдвартай түнш гэдгээ эерэгээр зөв ойлгуулж банкаа зөв сурталчилж, харилцагч нарын тоог нэмэгдүүлэх, зээл судлах, олгох үүрэгтэй ажил юм даа нэг ёсондоо. Олон харилцагч нартай болж байна гэдэг нь манай банкинд цаашдаа оршин тогтнох суурь үндэс болж өгдөг. Харилцааны менежерүүдийн хувьд бол банкны гол амин сүнс гэж хэлж болохоор албан тушаалтай хүмүүс.

-Таныг олны танил болохоор ажлаа хийж явахад чинь харилцагч нараас нь хамтдаа зургаа авахуулъя гэх санал тавьдаг уу?

-Монголчууд сагсан бөмбөгд дуртай, ойлгодог болчихсон болохоор багахан ч гэсэн амжилт гаргасан болохоор ч  тэр үү сагс сонирхогчид их таатай хүлээж авдаг. Харилцагч нартайгаа уулзах үед “Сайн байна уу, сагс тоглодог Т.Санчир байна. Төрийн банканд ажилладаг байсан юм уу” гээд таниад их уриалагахан хүлээж авдаг. Манай байгууллагын энэ хүн хамт зургаа авахуулна гэнэ та хамтдаа авахуулж болох уу гээд зургаа авахуулах тохиолдол зөндөө гардаг л даа.

-Ажлынхаа амт шимтийн талаар бидэнтэй хуваалцвал?

-Ажлын амт шимт гэвэл, мэдээжийн хэрэг харилцагч дээр тогтдог гэж түрүүн яриандаа дурдсан байгаа. Харилцагч нартайгаа хамгийн гоё, эелдгээр харилцаж зөв мэдээлэл өгч, эерэг сэтгэгдэл төрүүлж “Төрийн банктай л харилцья” гэсэн сэтгэлийн үгийг сонсох мөчид л ажлынхаа амтыг мэдэрч кайфыг өдөр болгон авч байдаг үүгээр л илүү онцлог сайхан даа.

-Мэдээж таныг тэмцээнтэй үед хамт олон чинь ажлыг тань хийдэг байх. Хамт олныхоо талаар?

-Тэгэлгүй яахав. Манай төрийн банкны хамт олон тэр дундаа Байгууллагын банкны газрынхан маань чухал тэмцээнтэй үед ойлгож, тусалж ажлыг минь хувааж авч хийдэг байгаа. Ажлынхаа хамт олонд намайг ойлгож, сэтгэлийн дэм өгдөгт баярлалаа. Миний амжилт та бүхэнтэй холбоотой шүү гэж энэ дашрамд хэлмээр байна.

-Мэдээжийн хэрэг тамирчин хүний ар тал нь бат бөх байж, амжилтанд хүрдэг шүү дээ. Хамт олондоо хандаж хэлэх үг?

-Санал нэг байна. Сагс бол багийн спорт. Ажил ч мөн адил багийн ажил. Тийм болохоор багаараа гар нийлж ажилладаг хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн нэгэн зорилгын төлөө “Эрсдэлгүй ирээдүйн баталгаа” гэсэн уриан дор нэгдэн ажиллаж буй Төрийн банкны нийт ажилчиддаа амжилт хүсье.

-Та амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Миний амьдралын нэг өдөр өглөө босоод сайхан цайгаа уучхаад ажил дээрээ ирж ажлаа эхлүүлдгээс эхэлдэг. Ажлынхаа төлөвлөгөөний дагуу харилцах байгууллагуудын ажлын уулзалтандаа явдаг. Үдээш хойш ажил дээрээ ирж  ажлынхаа тайланг гаргаж нэгтгэнэ. Тэгээд л бэлтгэлдээ гүйнэ дээ. Бэлтгэл орой 18:30-21:00 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлээсээ тараад гэртээ очоод гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, амардаг.

-Өөрийгөө амьдралд хэр тэмцэгч гэж бодож байна?

-Ер нь бол би их шартай. Хүнд нэг хор шар гэж байдаг даа гэхдээ зөв хор шар надад бий. Тухайлбал, нэг багт талбай дээр хожигдлоо гэхэд дараа нь их боддог. Бүүр бодохгүй байхын аргагүй хор шар хөдөлдөг. Хожигдсоноосоо болоод бухимддаг. Дараа нь энэ багийг яаж хожих уу? тэр багийн тоглогч бэлтгэл дээрээ юу хийж байна. Тухайн тоглогч бэлтгэл дээрээ 500 удаа бөмбөг шидэж байгаа бол би мянга шидэх ёстой юм байна гэсэн хор шар байдаг. Аливаа ажлыг эхлүүлсэн л бол голоос нь шантарч хаяна гэж байдаггүй дуусгаж үр дүнгийг хардаг зантай.

-Стресс бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Стресст орох үе бий. Талбай дээр тоглож байгаа үедээ бүх анхаарлаа тоглолтодоо төвлөрүүлж сагсан бөмбөгөө л боддог. Бусад бүх зүйлийг мартдаг. Тухайн тоглолтыг дуусгаад хожоод, хожигдоод гараад ирэх үед өдрийн стресс бүрэн тайлагдсан байдаг.

-Таны мөрөөдөл хэр биелэлээ олсон бэ?

-Багадаа сагсчин болоод лигт орж тоглоод шигшээ багийн тамирчин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй явсан. Энэ мөрөөдлийн маань нэг хэсэг нь биелэлээ олсон. Цаашдаа мөрөөдөл минь бүрэн бүтэн биелэх болтугай л гэж бодож явна.

-Залуучууд өөрсдийнхөө хүндэлж биширч явдаг хүнээсээ  үлгэр дуурайлалыг авдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа дүү нартаа хандаж Т.Санчир ахын зүгээс бяцхан зөвлөгөөг хүргэвэл?

-Шинээр сагсан бөмбөг тоглож эхэлж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд сагсан бөмбөг бол багийн спорт. Тийм болохоор анги хамт олондоо нийтэч байж багаар ажиллах чадварыг эзэмших хэрэгтэй. Мөн үүнийхээ хажуугаар бэлтгэлээ маш сайн дэс дараалалтай хийх ёстой. Жишээлбэл, хөлөө яаж тавих уу, гараа хэдэн грудаст барих уу гэдгээ бүгдийг ном дүрмээр нь сурах нь чухал. Үүнийхээ хажуугаар хичээлээ сайн хийх хэрэгтэй. Хичээлээ сайн хийж байж хүний толгой бас сийрэг сэтгэн бодох чадвар нэмэгдэж тархи хөгжинө. Ингэж хөгжүүлэх нь эргээд  сагсан бөмбөгт маш их хэрэг болдог. Тоглолтын үеэр ч талбай дээр хаана, юу болж байгааг бүгдийг хянана. Тийм болохоор ганцхан сагс гээд хичээлээ орхигдуулж болохгүй. Аль алиныг нь хослуул хичээл зүтгэлтэй явж чадвал сайн сагсчин болж чадна шүү гэдгийг л хэлье.

- Ярилцсанд баярлалаа, танд ажил спортын амжилт хүсье.

- Баярлалаа, намайг дэмждэг нийт Монголчууд болон Төрийн банкны нийт харилцагч нартаа удахгүй золгон ирэх гэж буй сар шинийн баярын мэндийг хүргье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Бидний цаашдын хамтран ажиллах амжилтын зам дардан байх болтугай гэж хэлье.

 

 

Ярилцсан: Х.Даваанаа