Олон улсын цахим сургалтын “Сакай” системийг СИТИ дээд сургууль сургалтандаа нэвтрүүллээ
2015/02/12
2004 онд АНУ-н Мичиганы их сургууль, Индианагийн их сургууль, Масcачусэтийн технологийн институт болон Станфордын технологийн сургуулиуд хамтран боловсролын чанарыг сайжруулах, багшийн бүтээмжийг дээшлүүлэх, сургалт, боловсролыг илүү хүртээмжтэй болгох үндсэн гурван зорилгоор Мэллон сан ба Хеалэтт сангын хандивийн санхүүжилтээр Сакай цахим сургалтын системийн төслийг анх хөгжүүлж эхэлжээ.
Уг систем нь 2005 онд хэрэглээнд нэвтрэхэд Индианагийн их сургууль 5 дахь хэрэглэгч нь болсон бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 300 гаруй их дээд сургуулиуд сургалтын үндсэн суурь систем болгон ашиглаж байна. Өдөр тутамд дунджаар таван сая гаруй оюутан уг системд хандалт хийдэг бөгөөд 2014 оны байдлаар олон улсын их дээд сургуулиудад өргөнөөр хэрэглэгдэж байгаа сургалтын цогц хүчирхэг систем болон хөгжжээ.
Сакай системд дэлхийд нэр хүндтэй Кембрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Флоридагийн их сургууль, Ейлийн их сургууль, Бостоны их сургууль, Стэнфордын их сургууль зэрэг шилдэг сургуулиуд нэгдсэн байна. Монголд Imagine Squared компани уг програмыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд Сакай системыг сургалтандаа нэвтрүүлж эхэлж байгаа анхны байгууллага нь СИТИ дээд сургууль болжээ.