Г.Майцэцэг: Наймаа хийнэ гэдэг хүний сэтгэлийг л олох явдал
2015/04/19
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын долоо дахь зочноор Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг уригдаж, “Хичээл зүтгэл болгон өөрийн шагналтай” сэдвийн хүрээнд залуустай нээлттэй ярилцлагыг өрнүүллээ.
Анх есдүгээр ангид ордог жилээ аав ээжийгээ даган алс холын Польш улсыг зорьсон тэрбээр тус улсад Олон улсын зах зээл судлалаар бакалаврын боловсрол эзэмшжээ. Багаасаа л аав ээждээ дараа болж, хүндрэл учруулж сураагүй түүний хувьд их сургуулийнхаа төлбөрийг олохын тулд Варшавын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны бөөний төвөөс хувцас бөөндөж, улмаар жижиг захуудад худалдаалж, мөнгө олдог байжээ.Ингэж л тэрбээр оёмол бүтээгдэхүүний салбартай холбогдсон түүхтэй.
Гэхдээ энэ салбар луу чиглүүлж хөтөлсөн хүн нь түүний хань гэдэг. ХБНГУ-д хувцасны зураачийн ангийг төгссөн түүний хань гэрээр хувцас оёж, түүнийг нь борлуулж эхэлсэнээр энэхүү бизнесээ монголдоо хөгжүүлэх гарц байгааг олж харсан гэдэг.
Ингээд л 2009 онд монголын оёмол бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ нэгэн “Монгол брэнд” мэндэлсэн нь Exclusive байсан юм. Анх дөрөвхөн ажилтантай гараагаа эхэлж байсан тус брэнд өнөөдөр монгол айл бүрийн хувцасны шүүгээнд байдаг гээд бодохоор энэхүү брэнд өдөр ирэх тусам өргөжиж хөгжиж байгааг илтгэх шиг. Тиймдээ ч хатагтай Г.Майцэцэг бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргах ойрын зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгасан юм.Наймаа хийнэ гэдэг ердөө л хүний сэтгэлийг олох явдал гэж ярьсан түүний энэ үг л өөрийн бизнестэй ямар их сэтгэл зүрхээ шингээж байдагийг харуулж байна. Олон залуусыг ажлын байраар хангаж, монголын загварын өнгө төрхийг тодорхойлж яваа чадварлаг бүсгүйдээ нийт залуусынхаа өмнөөс амжилт хүсье.