Одоогийн байдлаар Завхан, Увс, Хөвсгөл аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад байна. Зургадугаар сарын аравдын өдийд бөхийн бэлтгэл ерөнхийдөө жигдрэх тал руугаа хандсан байдаг. Гэвч өнөө жил бөхчүүдийн гол амь тариа болох бэлтгэлийн бааз суурь сайн хангагдаж өгөхгүй зовоож байгаа аж.

Дам сураг дуулбал, эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа гэнэ. Наадмынхаа бэлтгэл дээр наранд биеэ шараад налайтал хэвтэж байх нөхөд мөнгөний эрэлд мордоцгоож нутаг нутгийн компанийн захирлын үүдийг сахиж суугаа юм байх. Зарим нэг нь юун бэлтгэлтэй манатай байгаа бололтой. Сүүлийн дөрвөн жилийн наадмын түрүүг хүртээд байгаа Увс нутгийнхан сэргэлтийн бэлтгэлдээ зургадугаар сарын эхээр гарчээ. Уламжлал ёсоор Туулын хөвөө, Харзтайн амралтаа бараадсан байна. “Увс нуур” дэвжээний галыг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох ахалж байгаа ажээ. Өнгөрөгч жил Б.Гантогтох гарьдаар ахлуулсан Увс нутгийн галаас төрийн наадмын түрүү хүчтэн тодорсон. Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурь ес давж арслан цолны болзол хангасан билээ. Өмнө нь “Увс нуур” галыг О.Балжинням аварга ахалж байв. Монголын үндэсний шигшээ багийн ахлах дас­гал­жуулагчаар олон жил ажил­лаж олимп, тив, дэлхийн наад­маас бахдам амжилттай ирдэг аварга ус нутгийнхаа бөхчүүдийг шигшээгийн та­мир­чид шиг бэлдсэн. Маш нарийн тактик боловсруулж бэлддэг байв. Ямар сайндаа “Балжаа аваргын хар дэвтэр” гэх яриа бөхийн хүрээнд гарч, бусад аймгуудын галыг ахалж буй бөхчүүд Балжаа аваргын тактикаас суралцах хэрэгтэйг манай сонин сануулж байсан.Балжаа аваргын “хар дэвтэр”-т би­чигд­сэн нарийн тактик, олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр заан цолноос дээш ахиж өгөхгүй байсан Б.Ганбат төрийн наадамд түрүүлж, улмаар дараа жил нь буюу 2011 оны ерэн жилийн түүхт ойгоор харцага цолтой С.Мөнхбат шууд арав давж түрүүлэн аварга болж, дараа жил нь улсын цолгүй байсан П.Бүрэнтөгс гэдэг горзгор залуу шууд ес даван түрүүлж арслан болж байсан. Балжаа аварга хар дэвтрийнхээ нууц төлөвлөгөөг Гантогтох гарьдад шилжүүлсэн нь үр дүнгээ өгч Батсуурь гэдэг залуу арслан болох жишээний. Ха­рин Гантогтох тэр хоёрыг өнөө “хар дэвтэр”-ээ өгөлцөж авалцаж байх сиймхийгээр Сэлэнгийн Г.Эрхэмбаяр тө­рийн наадамд түрүүлээд ав­сан байх шүү.

“Увс нуур” галд залуу авар­га Сүхбаатарын Мөнхбат, ул­сын арслан Б.Ганбат, П.Бү­­рэнтөгс, Н.Батсуурь, ул­сын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, уран барилдаант на­­чин Т.Баасанхүү нарын хүч­тэнүүд бэлтгэлээ базааж буй. Д.Бумбаяр заан зарим жи­лүүдэд “Алдартан” спорт клубийнхээ тамирчдыг аваад тус­даа бэлтгэлд гардаг бай­сан. Сүүлийн жилүүдээс “Увс нуур” галтайгаа нийл­жээ. Энэ галаас улсын цо­лонд баараггүй хүрнэ гэх найдварыг хүлээгээд байгаа хоёр хүчтэн бий. Тодруулбал, аймгийн хурц арслан Оюуны Гантулга, цэргийн арслан Бадрахын Ганзориг нар юм. Тэр хоёрыг цолонд хүрчих болов уу гэх итгэл галынханд нь байгаа. Мөн Тулгаа заа­ны хүү аймгийн арслан Сү­рэнжав, Увс аймгийн Тэс су­мын харьяат улсын начин Д.Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Жаргалбаяр нар цолонд зүтгэнэ. Удам дагасан хүчтэнүүд гээд юм бодож л суугаа нь мэдээж.

Сүүлийн хоёр жилийн наад­­мын үзүүрийг бу­лааж, Цэрэнпунцаг, Баяр­жавх­лан­тай­гаа нийлээд дөрвөн ч гарьд­тай болоод авсан Зав­ханы бөхчүүд Сүүж уулын эн­гэрийг барааджээ. Тэд Отгон­тэнгэрийнхээ бэлд зарим жил сэргэлтийн бэлтгэлээ хийдэг. Түрүү жил Баяржавхлан, Гон­­­чигдамба нар ахалж нут­­­гийнхаа дэнж дэвсэг дээр бэлтгэлээ базаагаад наадам тулгаж Сүүжид ирж байсан. Харин өнөө жил Б.Гончигдамба гарьд нутгийнхаа хэдэн бөхийг, мөн “Алдар” спорт хорооны тамирчдын хамт Хандгайтад аваад гарчээ. Гончигдамба гарьдын ахалсан галд сүү­лийн үед бөх сонирхогчдын дунд дуулиан шуугианы эзэд болоод байгаа аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Б.Чи­мэд­вандан нар байгаа гэнэ. Пүрэвгарьдын хувьд биеэр жижиг, жин багатай ч хэнд ч бярдуулдаггүй уран дайчин барилддаг нэгэн. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд Мөнхбат аваргатай оноолт таарч залуу аваргыг ихэд сандаргасан. Пүрэвгарьд арс­ланг өнөө жил улсын цо­лонд хүрэх болов уу гэж бөх сонирхогч олон тааварлаж байгаа.

Сүүж ууланд улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, аймгийн хурц арслан Дан­зангийн Батжаргал тэргүүтэй Завханы хүчтэнүүд гараад байна.

Жаргалсайхан гарьдын хувьд энэ жил дээшээ ба­рилдана гэж зүтгэнэ. Түрүү жилийнх шигээ цойлоод өгөхийг таашгүй. Мөнхбат, Эрхэмбаяр, Мөнхбаатар, Ган­баатар гээд улсын наадмын түрүү, үзүүр бөхчүүдийг таваас най­­мын даваанд дараалуулан та­­химдах мэхээрээ хаяж үзэгч­дийн цөсийг хөөргөсөн Жаргалсайханыг яаж ба­рил­­дах бол хэмээн олон хүн харж байгаа. Эдний га­­лын бөхчүүдээс улсын уран барилдаант начин Л.Нямсүрэнг цолоо батлах, Д.Батжаргал, Б.Ганбаатар нарыг улсын цолонд хүрэх болов уу гэж Завханыхан харж бай­гаа. Б.Бат-Эрдэнэ аварга 11 түрүүгээ хүртсэн Сүүж уулын амралтад нутаг нутгийн бөхчүүдийн гал багтаж ядан байдаг газар. Энд хуучин цагт “Хүч” спорт хорооны бөхчүүд улсын заан Д.Мягмар, Ч.Бямбадорж нараар ахлуулж гардаг байлаа. Сүүлд Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын заанууд “Хүч”-ийнхээ бөхчүүдийг авч гардаг байсан. Өсөхөө аваргын хэд хэдэн түрүү, Сумъяабазарын 2006 оны түрүү Сүүж уулаас тодор­сон гэдэг.

Сүүлийн жилүүдэд “Авар­га” дээд сургуулийн багш Б.Адъяахүү шавь нараа авч энд галд гарах болсон. Удахгүй тэд Сүүжээ бараадна. Адъяахүүгийн шавь гэвэл ул­сын харцага Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд гээд тун эвгүй нөхөд байгаа. Бараг л өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдах залуу хүчтэнүүд. Хэн­­тийн Өмнөдэлгэрийн Э.Оюунболдын хувьд энэ жил бэлт­гэл тун сайтай байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхөд тэрээр арав давж түрүүлсэн. Тэрхүү 1024 бөхийн тал нь буюу 512 нь энэ жилийн наадамд зодоглоно. Тэгэхээр Оюунболдыг түрүү үзүүрт шалгараад зогсож бай­хыг нь үгүй гэх аргагүй. Цаана нь Ховдын Пүрэвсайхан гэж гайхал байна. Бас л дээ­гүүр барилдана гэж яриг­даж байгаа бөх. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн чан­саа өндөр128 бөхийн ба­рил­даанд тэр торолгүй тү­рүүлсэн. Энэ цаг үеийн бүх л шилдгүүдтэй хүч үзээд тү­рүүлсэн. Адъяахүүгийн галд “Аварга” дээд сургуулийн төгсөгчдийн нэг Сүхбаатар нутгийн Ш.Мөнгөнбаатар арс­лан гарна. Тэр жилийн цагаан сараар түрүүлсэн Мөн­гөн­баатарыг улсын цолонд хүрчихээсэй гэж ард түмэн олон жил хүлээж байгаа. Өнөө жил нэг юм дуулгаж, халхын алдарт Буянтоо аваргын ну­таг Сүхбаатарынхныгаа баяр­луулах биз ээ.

Алтайнхан өнөө мар­гааш­гүй бэлтгэлдээ гарахаар ба­зааж байна. Тэд улсын начин Доёдын Бадрахаар ахлуулж Цонжин Болдогийн хойхно талд “Мандал” амралтын газар бэлт­гэлдээ гардаг. Бадрах на­чинтай холбогдоход “Ирэх амралтын өдөр Бүх цэргийн наадам болно. Уг наадмыг өнгөрөөгөөд бид бэлтгэлдээ гар­на. Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гарьдууд, Б.Соронзонболд заан, Ду.Батбаяр, Л.Гантулга, Л.Цэрэнтогтох нарын на­чин­­­­гууд гээд манай Алтайн хүчтэнүүд бүгдгарна. Д.Тан­гад, Ж.Алтаншагай, Б.Хи­шигбаатар, Ш.Шинэбаяр на­­рын улсын цол горилж байгаа за­луу­чууд байна даа” гэв. Говь-Алтай болоод Архангай аймгийн галд хоёр хэцүүхүн байгаа. Тэд өнгөрсөн жил улсын начин цолны болзол хангасан ч наадмын дараа допингийн шинжилгээнд бү­дэрч цолоо хураалгаад бай­гаа Говь-Алтайн аймгийн Тон­хил сумын харьяат Б.Су­ман­чулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар. “Хантайшир” дэв­жээний дасгалжуулагчаас Су­манчулуун бэлтгэлдээ га­рах эсэхийг тодруулахад “Одоо­гоор холбогдоогүй байна. Суманчулуунтай бөхийн асууд­лаар, наадмын бэлтгэл гээд ярихад их хэцүү байна. Сэтгэл зүй ямар байгааг нь багшийн хувьд мэдэж байна. Ямар ч байсан бэлтгэлд гарах өдрөө дөхүүлээд холбогдоно доо” гэх хариултыг өгөв.

Архангайн бөхчүүд өн­гөрсөн жил бэлтгэлээ ба­заасан “Монгол номадс”-ын амралтыг зорих гэнэ. Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахалж байгаа. Ерөнхий дасгалжуулагчаар нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Чимидийн Гочоосүрэн ажил­лаж байгаа юм. Архангайн галд өнөө жилийн наадмаар тун дээгүүр барилдана хэмээн олны таавар дэвшүүлж суу­гаа өсөх идэр начин Рэн­цэнбямбын Пүрэвдагва, ул­сын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар бэлтгэлд гар­на. Пүрэвдагва начны хувьд энэ жил жигд бэлт­гэл­тэй, бөхийн өргөөний ба­рил­дааныг бараг өнжөөгүй нэгэн. Заал танхимын ба­рил­даанд ихэвчлэн түрүү үзүүр, их шөвөгт шалгарч бай­сан. Өсөхөө аварга, Гочоо заан нар Пүрэвдагва, Сан­жаадамба нартай түлхүү ажил­лах нь дамжиггүй. Тэр хоёрыгоо морь шиг л сойж бай­гаа. Пүрэвдагвыг Ховдын Пү­рэвсайхан, Хөвсгөлийн Содномдорж, Хэнтийн Оюун­болд гурвын аль нэгтэй тавын даваанд тунана гэх таамаг дэв­шүүлж байгаа байх. Тэ­гээд л хүн хүн дээр нь ажиллаж “уяа сойлго”-ыг нь тааруулна. Санжаадамбыг бол Гончигдамбатай тунана гэж үзнэ. Өнгөрсөн жил хоёр Дамба долоогийн даваанд тунасан. Энэ жил дахиад тунах магадлал өндөр. Ар­хангайн галд Ч.Ганзориг, Ш.Шинэбаяр, Э.Ванданцэрэн нарын аймгийн идэрхэн арс­лан­гууд бий. Тэдулсын цол­ны босгонд ойрхон яваа бөх­чүүд. Мөн Хишигдорж зааны авчирсан Бадарч гэж хүү бий. Тэрхийн цагаан нуурын хө­вөөнд сарлаг хариулаад явж байсан хүүг Хишгээ заан “Бөхбилэгт” дэвжээндээ ав­чирч бэлтгэл хийлгэсэн байдаг. Аймгийн арслан Мягмарын Бадарч улсын наа­дамд Балжаа аваргаар дөрөв давж начны даваанд хүч үзсэн нэгэн.

Гочоосүрэн заан “Адъяабат маань амьд мэнд л байгаа дуулдана” гэж яриан дундаа хэлээд авсан. До­пин­гийн дуулианаар улсын начин цолоо хураалгасан Най­дангийн Адъяабатыг хэлж бай­гаа нь тэр. Адъяабат түрүү жи­лийн наадмаар Булганы М.Өсөхбаяр заанаар дөрөв давж, тавын даваанд нутгийн ах Өсөхөө аваргыг өвдөг шо­роо­дуулснаар улсын начин цол хүртсэн. Харин допингийн дуулианаас хойш чимээ сураг тасарчээ. Тиймийн учир багш нь “Амьд мэнд л яваа су­рагтай” гэж хэлээд байгаа хэ­рэг л дээ.

Одоогоор Булганы бөх­чүүд хэрхэн бэлтгэлдээ гарах нь тодорхойгүй байна. Нэг хэсэг нь Бугын сангийн аж ахуйд Өвөрхангайн “Хилчин” спорт хорооны бөхчүүдтэй бэлтгэлд гарахаар болжээ. Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын заанууд “Хилчин” спорт хорооны тамирчид юм. Зарим нэг нь Доржсамбуу гарьдаа дагаад уламжлал ёсоор “Ду­гана хад”-ны амралтаа бараадах бодолтой байгаа аж. Булганаас өнөө жил хэд хэ­дэн бөх улсын цолонд зүт­гэж байгаа. Тухайлбал, Б.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын аймгийн арслангууд бий. Мөн “Женко” дэвжээний бөх жүдогийн олон улсын хэмжээний мастер, аймгийн харцага Д.Пүрэвдорж байна. Тэрээр саяхан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд Увсын Н.Батсуурь арсланг тонгорч хаяад одтой ба­рилд­сан. Өсөхөө аваргын ижий аав хоёр түүнд Буур аваргын нэрэмжит шагналыг хүр­тээсэн юм. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн Богд уулынхаа өвөр бэлийг, Сэлэнгийн “Таван хаан” дэв­жээ­нийхэн Г.Эрхэмбаяр аваргаар ахлуулаад Төр ху­рахын амыг, Баянхонгорын “Хонгор нутаг” дэвжээнийхэн Д.Батболд харцагаар ах­луу­лаад Бугын сангийн аж ахуйг бараадахад бэлэн бол­жээ.

Бугын сангийн аж ахуйд уламж­лал ёсоор Өвөрхангай айм­гийн “Их Монголын хүчтэн” дэв­­жээний бөхчүүд Бандийн Ганбаатар арслангаар ах­луулаад гарна. Түрүүчээсээ сэргэлтийн бэлтгэлдээ гарч, ирэн очин байгаа сурагтай. Энэ галд аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддорж, Батсүхийн Батдорж, аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга нарын улсын цолонд ойр яваа залуучууд бий. “Хилчин” спорт хорооны дарга нь Ховдын Ц.Мягмарсүрэн заан болсон. Улсын цолны тааварт тун дээгүүр яваа аймгийн арслан Оргихын Хангай энд бэлтгэлд гарах болов уу гэсэн таамаг байна. Мөн Мягаа зааны шавь Баян-Өлгийн Баатарцол тэргүүтэй залуучууд Бугын сангийн аж ахуйд гарна байх. Улсын цолонд зүй ёсоор нэр­лэг­дэж байгаа Б.Одгэрэл “Та­ван­хаан”-д, Эрдэнэбатын Даш “Хур харцага” дэвжээнд, Болдын Эрдэнэхүү “Хонгор нутаг” дэвжээнд наадмын бэлтгэлдээ гарах юм.

Ө.МАНЛАЙ