Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Тэрбээр баяр наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж олныг баярлуулсан. "Урлагт 23 жил зүтгэж гавъяат жүжигчин хэмээх цол тэмдгээр шагнуулж байгаадаа туйлын их баяртай байна. 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг төгсөж байлаа. Урлагийн замд хөтлөн оруулсан Ц.Доржсамбуу багшдаа баярласнаа хэлмээр байна. Багш минь бурхны орноос харж байгаа болов уу. “Мрөдөөлийн театр”-ийнхаа залуучуудтай 21 аймгийг тойрон аялах үед монголын ард түмэн минь намайг ямар их хүндэлдэг вэ гэдгийг мэдэрч явлаа” гэж баярын  сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ. 

Үзэгчид нэг хэсэг түүнийг урлагаа орхисон хэмээж байсан. Үүнд гавьяат маань ганц ч үг ган хийлгүй байсаар 2012 онд Мөрөөдлийн театрынхантай нэгдэж уран бүтээлээ дахин толилуулж эхэлсэн юм. Тэгвэл тэрбээр хэсэг хугацаанд хаана, юу хийж явсан тухай нь асуухад "Би 5-6 жил хөдөө орон нутгийн бараг бүх сумдаар залуучуудын заставтай уран бүтээлээ толилуулж явсан. Хүмүүс намайг театрын тайзнаа тоглохгүй байна гээд уран бүтээлээ завсарлажээ гээд ойлгоод байсан. Тэр ч тийм л дээ манай том том продакшнуудын жүжигчид дандаа аймгийн төв дээр очиж тоглоод буцдаг учраас орон нутагт сумын төвийн үзэгчид урлаг, соёлоос хол хоцроод байдаг. Миний очсон сумдад тог цахилгаан ч үгүй сум хүртэл байсан. Зарим сумын үзэгчид амьд жүжигчний бараа хараагүй 15 жил болж байна. Хамгийн сүүлд Б.Цэрэнпагма гуай одойчуудын театртай ирсэн гээд ярьж байсан. Би тийм л газруудаад явж уран бүтээлээ толилуулсан. Нэг явж тоглоод нийслэлд ирэн 2 жилийн дараа дахин явж сумдаар уран бүтээлээ тоглосон.

Сумын үзэгчид намайг ирсэн гэхээр эхэндээ итгэхгүй тэгээд яг тайзан дээр нүүрээ будаад, нөгөө хувцсаа өмсөөд гарахаар тэд халуун алга ташилтаар угтдаг байсан. “Үнэн байна, үнэн байна” гээд хоорондоо шивнэлдээд л ярилцаад л их хөөрхөн шүү дээ. Тоглолтоор очихоор шуургатай, маш их цастай, бороо их орж байсан ч үзэгчид заал дүүрэн ирдэг байсан. Тэр нь их гоё. Нар чимээгүй мандаад чимээгүй жаргадаг шүү дээ. Үүл чимээгүй нүүж яваад хураа хайрлах газраа хураа хайрладаг. Түүн шиг “би сумдаар тоглоод явж байна шүү” гээд л хүмүүсийг шуугиулаагүй. Намуухан чимээгүй л уран бүтээлээ хийгээд явж байсан. Тиймээс л хүмүүс намайг жүжигчний мэргэжлээ орхилоо гэж бодоод байсан хэмээн хариулжээ. 

 

Д.Ана