Хагас зуун жилийн тэртээ, бүр тодруулбал 1965 оны 1-р сард “Веаtles” хамтлаг алдар нэрийн ид оргил үедээ ээлжит аялан тоглолтоо хийсний дараа түр амарч байжээ. Тал тал тийшээ тарж дор бүрнээ өөрсдийнхөө хувийн сонирхлын дагуу янз бүрийн юм хийж байв. 
 
Пол Маккартни Питер Устиновын ятгалгаар Тунист аялахаар явжээ. 1963 оноос хойш түүний толгойд нэгэн аялгуу эргэлдэнэ. Тэр жил энэхүү аялгууг хайрт бүсгүй Жэйн Эшерт зориулж төгөлдөр хуур дээр анх тоглосон байдаг. Хамтлагийн нөгөө гурваасаа “Та нар ийм ая санаж байна уу?” гэж асуухад найз нар нь мөрөө хавчина. “Сонин юм даа, миний зүүдэнд ийм ая орж ирээд" гэж Пол гайхширна.
 
Түүнээс хойш хоёр жилийн туршид энэ аялгуу сэтгэл санаанаас нь гарсангүй. Үг зохиох гэж хэдэн удаа оролдовч яг төгс хувилбар дээр тогтож өгдөггүй. Хачирхалтай нь энэ дуу “Scrambled eggs” буюу “Шарсан өндөг” нэртэй, завсрын хэсэг үед ямар ч утга санаа агуулаагүй үгтэй байжээ. “Шарсан өндөг минь, миний хайр минь, чиний гуалиг хөл чинь хичнээн надад таалагддаг гээч” гэх маягийн тэнэгдүү үгтэй байж:
 
Ийнхүү 1965 оны 1-р сард “Неlp” кино концертын зураг авалтын өмнөхөн “Үеsterday” буюу “Өчигдөр” гэдэг үгийг зохиожээ. Хэдийгээр Жон Леннон,  Пол Маккартни хоёрын хатуу тохироогоор аливаа дууны зохиогчийг John Lennon, Paul Maccartney гэж тамгалдаг байсан ч чухам энэ дууг Пол ганцаараа зохиосон байдаг.
 
“Yesterday” дуу нь домогт хамтлагийн түүхэнд хамгийн анхны удаа хамт олноороо бус бичигдсэн түүхтэй. Студийн бичлэгт “Веаtles”-ийн нөгөө гурав оролцоогүй. Учир нь домогт дөрвөлийн тэр үеийн “урын санд төдийлөн тохирохгүй байна” хэмээн нөгөө битлүүд нь үзжээ. Пол мөчөөгөө өгсөнгүй. 
 
Тэр үед “Веаtles”-ийн дуунуудыг бичдэг байсан ЕМI пүүсийн продюссер Жорж Мартинтай хамтран чавхдаст дөрвөлтэй бичүүлсэн хувилбар өнөөг хүртэл цуурайтсаар байдаг. Энэ явдлаар хагарал бутралын суурь тавигдсан ч гэж зарим Веаtles судлаачид үздэг юм. Жонд энэ дуу асар их таалагдсан ч өнгөн дээрээ таалдаггүй мэт аягладаг байв. 
 
Чавхдаст дөрвөлийнхэн болохоор эхний долоон тактад шүүмжлэлтэй хандаж аяыг ингэж зохиож болохгүй хэмээн хүртэл үзэж байсан гэдэг. Бас нэг сонин зүйл гэвэл “Веаtles”-ийнхэн “Неlр” цомогтоо оруулахгүй гэж Полын сэтгэлийг гонсойлгосон боловч түүний шаргуу ятгалгын үрээр 2-р хэсэгт нь буюу нилээн хойгуур оруулсан байдаг. 
 
Өөрөөр хэлбэл “Үеsterday” гологдож, ад үзэгдэж байжээ. Гэхдээ цомог гарснаар адлагдаж байсан"Үеsterday” ёстой нэг тэсрэлт хийх шиг болсон. “Голсон юм голдоо , гэж үүнийг л  хэлэх болов уу. Өнөөдрийг хүртэл энэ дуу дуулагдсаар хүн төрөлхтний хамгийн алдартай дуунд тооцогдсоор байгаа билээ. Энэ дууны рекорд амжилтуудыг энд бичнэ гэвэл дуусахгүй юм болно. 
 
Жон Леннон дотроо шүтэж явсан энэ дуутай холбогдуулж “Пол үнэхээр гайхамшигтай дуу зохиосон” хэмээн хүлээн зөвшөөрч хожим хойно чанга хэлсэн гэдэг. Би үүнээс дутахгүй дуу зохионо гэснээр домогт “Imagine” нь төрсөн түүхтэй. Агуу бүхэн энгийн гэж хөгжмийн нот ч мэддэггүй байсан Полын толгойд энэхүү аялгуу зүүдэнд нь эгшиглэснээр өдгөө монголчууд бид ч бусад үндэстнүүдийн нэгэн адил “Үеsterday” -г мэддэг, дуулдаг. 
 
Хамгийн сүүлд л гэхэд авьяаслаг орчуулагч Ж.Буд-Эрдэнийн монгол хэлнээ хөрвүүлэн Оюундарь дуулсан хувилбар нь маш дажгүй болсон байна лээ. Энэ бол дэлхийд дуулагддаг олон мянган хувилбарын нэг нь ажгуу.
 
... Өчигдөр Зовлон жаргалаа ухаарсангүй нь Өчигдөр
 
Чамтай анх учирснаа би Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ...
 
Энэ жил “Үеsterday” 50 нас хүрч байна. Монголчууд бид ч гэсэн хүн төрөлхтний нэгэн адил энэхүү гайхамшигт дууны төрсөн өдрийг тэмдэглэлцэж байна. Бас нэг дууны түүхээс сонирхуулахад монголчууд бидний сайн мэдэх “Подмосковные вечера” буюу “Москва орчмын үдэш” гэдэг домогт орос дуу бас гологдож явжээ.
 
Одоогоос яг 60 жилийн өмнө болсон явдал. Оросын Холбооны Улсын ард түмнүүдийн Спартакиад зохион байгуулагдах болж түүнд зориулсан дуу зохиох шаардлага тавигдсанаар тэр үед нэлээд өрнүүн уран бүтээл хамтран зохиодог байсан яруу найрагч Михаил Матусовский болон хөгжмийн зохиолч Василий Соловьев-Седой нарт яаралтай захиалга өгсөн аж.
 
Цаг хугацаа давчуу байсныг ч хэлэх үү Соловьев-Седой ширээгээ ухаж байгаад хоёр жилийн өмнө хагас дутуу зохиосон дууны нотыг олж Матусовский хэдэн үг зохиосон болж “Ленинградын үдэш” гэдэг нэрийг нь “Москва орчмын үдэш” болгон өөрчлөж уран сайхны зөвлөлд танилцуулжээ. 
 
Зөвлөл уг дууг тас голсон байдаг. Үг нь ч гэж уйтгартай, хөгжим аялгуу нь ч гэж тод бус байна хэмээжээ. Гэвч цаг нь тулчихсан байсан учир батлахаас өөр аргагүйд хүрч Спартакиадын тухай кинонд бичүүлжээ. Кино гарсны маргаашаас эхлэн уг гологдсон дуу олон арван жилийн ялалтынхаа алхааг эхэлсэн түүхтэй. 
 
“Подмосковные вечера”-г хамгийн эхэнд тэр үеийн алдарт дуучин Марк Бернесээр дуулуулах гэтэл нөгөөдөх нь бас голсон гэдэг. Аялгуу нь ч яахав гайгүй юм байна, үг нь харин хэрэг алга. Сонсогдоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг дуу, урсаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг гол гэж ер нь юу гэсэн үг вэ?” хэмээн үгийг нь шүүмжлээд хавьтуулаагүй гэдэг.
 
Өөр нэг хүнээр дуулуулах болжээ. Тэр нь зохиогч нарт онцгүй санагдав. Хайж хайж мэргэжлийн дуучин бус жүжигчин Владимир Трошиноор дуулуулсан нь түм бүман үзэгч, сонсогчдод машид таалагдсан байдаг. Ийнхүү цагтаа гологдож явсан дуунууд хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдэн өдгөөг хүртэл дуулагдсаар байдаг гайхамшигт уран бүтээл болсон хачирхалтай түүхээс дурьдахад ийм байна.
 
Сэтгүүлч, продюсер, ая зохиогч  Б.Долгион