Байр суурь: Шинийн долоонд буюу өнөөдөр золгодог & золгодоггүй
3 цагийн өмнө

Монголчууд бид хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын уламжлалт баяраа тэмдэглэж, ахан дүүс, ахмад настан, дээдсээ хүндлэн золголт хийдэг уламжлалтай. Ирж буй жилдээ сайн сайхан байхыг бэлгэдэж, ерөөлтэй үг хэлэлцдэг. Мөн эдгээр өдрүүдэд зарим үйлийг ч цээрлэдэг уламжлалттай.
Тухайлбал, үйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёх, усанд явах, эд мал зээлээр өгөх, шинийн нэгэнд айлд хонох, сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд шинийн 7-нд золгохгүй, айлд зочлодоггүй гэх бичигдээгүй дүрэмтэй болсон. Өнөөдөр шинийн долооны өдөр тохиож байна эл өдөр золгож болдог эсэх талаар тодруулснаа хүргэж байна.
"Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн: Жил бүр тэгж байдаг юм. Зарим жил шинийн 7-н тасарч, нэмэгдэнэ. Энэ талаар зурхайч Л.Тэрбиш багш сайхан тайлбарласан байна лээ. Шинийн долоонд золгохыг цээрлэх ёс байхгүй. Шинийн 15-ндаа багтаж, буян үйлдэх ёстой болохоос тэр өдөр золгож болохгүй гэсэн юм огтоос байхгүй. Монголчууд шинийн 1-ндээ аав, ээж болон ахан дүүстэйгээ золгож, шинийн гурвандаа тавгийн идээгээ хураадаг. Шинийн долоон давхцах нь сайн, муу ч биш. Зурхайн тоололд хэвийн л үзэгдэл. Надад 1964 оноос хойшхи бүх материал бий. Сар шинийн өдөр тасарсныг Төвөдөөр "чад", өдөр нэмснийг нь "цаг" гэдэг юм. Шинийн 15-ны өдөр бүр сайн. Хүмүүс энэ өдрүүдэд муу үйл хийхээс цээрлэхээс биш тухайн өдрийг цээрлэнэ гэж байхгүй. Зурхайн ухаанд өдрийн бус цагийг нь голлодог.
Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр: Монголчууд цагаан сарын баяр гэж тэмдэглэдэг. Төрт ёсны том утга агуулагддаг. Шар зурхай, Төгс буянтын зурхай гэж бий. Монголчууд бол сүүлийн жилүүдэд төгс буянтын зурхайг дагаж яваа. Бид өөрсддөө хамаарагдах зурхайгаа дагах нь зөв. Шинийн 7-нд золгодоггүй гэдэг уламжлал архивын баримт, ахмад настангуудтай ярилцаж байхад түүхэнд ийм зүйл байгаагүй. Манайхан долоогийн тоонд таагүй ханддаг хандлагыг хаанаас ч гаргаад ирсэн юм бүү мэд. Хуучин уламжлалд бол шинийн хоёрны өдөр ахмадууд гэрээсээ гардаггүй л гэж байсан.
Монголын бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс тодруулахад "Шинийн 15-ны өдрийг дуустал онцгой сайн өдрүүд үргэлжилж буй. Тиймээс эл өдөр золгохгүй гэх зүйлгүй. Золгож болно" хэмээн тайлбарлалаа.
Үүнээс дүгнэхэд, монголын түүхийн хуудаснаа шинийн долооны өдөр золголт хийдэггүй гэж тэмдэглэгдэн үлдээгүй юм байна. Тэгэхээр хувь хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлээрээ болох л асуудал бололтой.






