Б.Мөнх-Эрдэнэ: Сонинд гарсан хоолны жоруудыг цуглуулдаг байсан
2015/08/25
Энэ сарын 11-16-нд Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн олимп Бразилийн Сан Пауло хотод болж өнгөрсөн. Үүнд манай улсаас есөн мэргэжилтэн оролцсон юм. Уг тэмцээний тогоочийн мэргэжлийн төрөлд 479 оноо авч оролцоод ирсэн Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Дэлхийн ур чадварын тэмцээнд улсаа төлөөлж оролцохоор хэрхэн сонгогдож байв?
-Би өнгөрсөн хавар Техник технологийн дээд сургуулийг төгссөн. Энэ оны гуравдугаар сард дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүүхдийг шалгаруулахад сургуульдаа түрүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Ингээд бүх аймаг, дүүргүүдээс төлөөлөл оролцсон тэмцээнд түрүүлээд Бразил явах болсон доо. Нэг улсаас нэг л мэргэжилтэн оролцдог юм билээ. Тийм болохоор шалгарсныхаа дараа сургуулиас гадна “Тэрэлж”, “Ханддоржийн өргөө”, “Таби”, “Хаши” зэрэг ресторануудад бэлтгэл хийж ахлах тогооч нараас хоол хийхийг суралцсан. Дэлхийн ур чадварын тэмцээнд 35 орноос төлөөлөл байсан. Нийтдээ 50 гаруй мэргэжлээр уралдсан юм. Бүх тэмцээнд Бразилаас оролцож байсан. Мөн Япон, Солонгосын баг бараг бүх тэмцээнд оролцох нэлээд том бүрэлдэхүүнтэй ирсэн.
-Тогоочийн төрөлд аль улс түрүүлсэн бэ?
-Манай мэргэжлээр алтан медалийг 545 оноогоор Хятад, мөнгөн медалийг 520 оноогоор Солонгос, хүрлийг 510 оноогоор Бразилийн оролцогч хүртсэн. Миний хувьд 479 оноо авсан. Бүх оролцогч адил хоол хийгээд түүнээс нь олон зүйлийг нь харж оноо өгдөг. Ерөнхийдөө ариун цэврийн байдлыг 60 хувьд анхаардаг юм билээ. Хоол хийх үйл явцад нийт онооны 40 хувь л байна гэсэн үг. Ногооны зутан шөл, тахиагаар хийх хоол, үхрийн махан стейк, паста, фингэрфүүд, кэкс гээд долоон төрлийн хоол хийх даалгавар өгсөн.
-Шинэ мэдэхгүй юм байв уу?
-Янз бүрийн сортын мэдэхгүй ногоонууд олон байдаг юм билээ. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд судалж байгаад л орсон. Тоног төхөөрөмжийн ялгаа их байсан. Шарах шүүгээнүүд нь бүгд мэдрэгчтэй. Ямар хоолыг хэрхэн хийхийг тохируулдаг ухаалаг байсан л даа. Тийм шарах шүүгээ манайд цөөхөн байдаг юм билээ. Би явахаасаа өмнө хайгаад олоогүй юм. Тэгээд тэмцээний эхний өдөр тоног төхөөрөмжтэйгөө танилцаж ажиллуулж байж мэдсэн.
-Ариун цэврийг 60 хувь анхаардаг гэдгийг тодруулахгүй юу. Манай хоолны нэвтрүүлгүүдэд тогооч нар малгай өмсөөгүй харагддаг бас гар хуруугаараа амсаад байгаа харагддаг?
-Тогооч хүн цэвэрхэн байж хоол нь эрүүл гарна шүү дээ. Тэмцээний хувьд ширээ, түмпэн саваа зөв угааж байгааг болон дарааллыг нь анхаарч байсан. Мөн ширээний эмх цэгц, ногоогоо хэрхэн хальсалж байгаа, хоол амсахдаа нэг удаагийн халбагаар эсвэл амссан бол шууд халбагаа угаах зэргийг хүртэл анхаардаг. Мах барьсан болон ногоо хальсалсан бол шууд гараа угаах ёстой. Хоолны орцуудыг хэрчих хавтангууд нь ч тусдаа. Тавгаа халааж байгаад хоолоо таваглах ёстой. Мөн тавганд хурууны хээгээ гаргасан байвал шууд л оноо хасна.
-Тэмцээн болсон газарзүйн онцлогоос шалтгаалж хоол хийхэд анхаарах зүйл байсан уу?
-Арай нам дор газар болохоор ч юм уу өөрчлөлт байсан. Тухайлбал, манайд лууванг 10 минут буцалгаж байж болгодог. Харин тэнд хоёрхон минут буцалгаад болдог байх жишээтэй.
-Танай гэр бүлд тогооч хүн бий юу. Яагаад тогооч болсон бэ?
-Манай ээж оёдолчин, аав цахилгаанчин хүн бий. Би яагаад ч юм багаасаа л тогооч болно гэж боддог байлаа. Тэгээд зурагтаар хоолны нэвтрүүлэг гарвал үзэж, сонин дээр нийтлэгдсэн хоолны жоруудаар хайчилбар хийж цуглуулдаг байсан.
-Гэрийнхэндээ ямар хоол хийж өгөх дуртай вэ?
-Европ талын хоол хийх сонирхолтой. Би Мөнхгэрэл, Сарантуяа, Сарангэрэл гээд гурван дүүтэй айлын том хүүхэд л дээ. Дүү нар цуйван хийлгэх дуртай.
Ж.Баярсайхан