Дэлхийн II дайнд оролцож явсан ахмад дайчны ярилцлага

Эдүгээ ерэн таван нас сүүдэр зэрэгцээд буй гурван ч дайнд оролцсон ахмад дайчин Биньяагийн Лааган гуайтай уулзаж ярилцлаа.

Тэрээр Монголдоо чацарганын гурван ч шинэ сорт гаргасан ХАА-н ухааны доктор, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат агрономич хүн юм. Түүний энгэрт Орос, Монгол хоёр улсын цэргийн болон байлдааны гавьяаны одон медалиуд дүүрэн ярайх аж. Б.Лааганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар “Ялалтын 70 жилийн ойн медаль’’-ийг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович саяхан гардуулсан билээ.

Энэ удаад түүнтэй эрдмийн ажил болоод чацарганын тухай биш харин дайнд оролцсон түүхээс товч хуучилсан нь энэ билээ.

- Таныг  Д э л х и й н хоёрдугаар дайнд биечлэн оролцсон ахмад дайчин гэж сонслоо. Хаана алба хааж байгаад хойшоо явчихав?

- Би 1921 оны арваннэгдүгээр сарын долоонд одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутаг “Хойд бөөрөг” хэмээх газар төрсөн. Малчин Биньяагийн хоёр дахь хүү юм. Эрийн цээнд хүртэл мал маллаж байгаад 1939 онд цэрэгт татагдаж Батлан хамгаалах яам, нисэхийн засварын газарт цэрэг, цэргийн бага даргаар ажиллаж байлаа. Ингээд Тамбовын цэргийн сургуульд суралцахаар 1941 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатараас вагоноор хөдлөөд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын  22-нд Москвад, Ярославын вокзал дээр бид бууж байсан юм. Яг тэр өдөр аймшигт дайн эхэлсэн шүү дээ. Москвагаас машинаар Тамбовт, цэргийн сургуульдаа ирж сурч байгаад Саратов руу 500 км явган маршаар алхаж очин Тамбов хотын цэргийн тойргийн их бууны батальоноор удирдуулан дэлхийн дайнд гар бие оролцсон намтартай хүн дээ. Бид чинь Монголоосоо гучин нэгүүлээ очсон. Хоёр нь дурангийн ангид, үлдсэн нь зэвсгийн засварын ангид хуваарилагдсан. Генерал Равдан, Халхын голын дайнд яваад ирсэн хурандаа Дандар, Нянтайсүрэн, Лувсандорж нар бидний 23 бага даргын хамт яваад өөр ангид хуваарилагдсан.

- Дэлхийн дайн эхэлчихсэн хүнд үед тухайн үеийн Зөвлөлт холбоот улс ямаршуухан байдалтай байсан бол?

- Оросууд тэр дайн болохыг мэдэхийн дээдээр мэдэж байсан байх. Дайн эхэллээ гэнгүүт залуус үсээ хусуулаад шууд томилогдсон цэргийн анги дээрээ очиж байсан. Бид үүнийг нь харж байлаа. Энэ үед манай Элчин сайд Ж.Самбуу гуай байв. Самбуу гуай биднийг Элчингийн байранд хүлээн авч нэг хонуулаад “Дайн эхэлсэн энэ эгзэгтэй үед сайн сураад эх орондоо хэрэгтэй цэргийн мэргэжилтнүүд болоод очоорой” гэж сайхан захиас  хэлж биднийг Тамбов руу явуулсан.

- Та нарын сурахаар очсон хотод цагийн байдал ямаршуухан байв?

- Дайн эхлэхэд Тамбовт тайван байсан. Удалгүй германчууд бөмбөгдөөд эхэлсэн. Бид окопт хоноод,  өдөрт нь зэвсэг засч байлаа. Хоол унд ерөнхийдөө гайгүй байснаа сүүлдээ хоногийн хоол гэж ёотонгоос арай том хэмжээний булочка өгдөг болсон. Бүхэл бүтэн хоногийн хоол ердөө тэр шүү дээ. Тэгж байгаад дайнд явахаар юун хоол манатай. Бидний үүрэг юу байв гэвэл эвдэрсэн винтов, пулёметыг засаад тулалдаж байгаа

фронт руу илгээх ёстой. Хүн бүр өдөрт арван винтов, гурван пулёмет засаж тусгай талбайд шалгаад фронт руу ачуулна. Засвар авах ч буу байна, бүүр хэрэггүй болчихсон эд ч байна. Би гэхэд зассан нормоо тооцоод үзэхэд бараг мянга гаруй винтов засаж фронт руу илгээсэн. Орос цэргүүд их дайчин тусархуу улс. Том гол мөрөн гатлах үед барьц алдана. Монгол хүн бол том гол мөрөнд шулуухан л живээд үхчихнэ шүү дээ. Бидний хувьд голд сэлэх байтугай орж ч чадахгүй. Орос цэргүүд л биднийг нэг нэгээр нь голоор гаргаж өгдөг байлаа. Сталинградын дэргэдэх их тулаан болоход Саратов, Пенза хотын явган цэргийн их бууны ангийн бүрэлдэхүүнд орж, байлдаанд тулалдаж, зэвсэг засах ажпыг өдөр шөнө гэхгүй гүйцэтгэж явсан даа. Бууг засна гэдэг маш чухал үүрэгтэй юм шүү. Одоо залуучууд ойлгохгүй байж магадгүй.

- Бөмбөгдөлтөд их өртөж байв уу?

- Хоёр жил тасралтгүй бөмбөгдөхөд сүүлдээ айхаа ч больсон. Бөмбөгдөлтийн үед тэгнэ ингэнэ гэж заана шүү дээ. Айлаа гээд яах ч арга байхгүй. Шөнө харанхуй болохоор тэр бүр биднийг онохгүй. Бид ч нуувчнаасаа чөлөөтэй гарч, орж л байдаг болсон. Бөмбөгний хэлтэрхийд миний нэг нүд өртөж эмнэлэгт хэвтээд Воскресенская хэмээх ачит бүсгүйгээр эмчлүүлэн нүднээсээ салалгүй үлдсэн дээ. Миний баруун нүдний согог чинь тийм учиртай юм.

- Германчуудтай буудалцаж байв уу?

- Буудсаан. Гэхдээ их буу чинь алсын зайнаас бууддаг болохоор яг дайны үеэр нүүр тулж байгаагүй. Харин бууж өгсөн Германы бүтэн ангийг манай хот (Тамбов)- оор туугаад явж байхыг их ойроос харж байсан. Нүдээ, толгойгоо боочихсон их л ядарч зүдэрсэн улс харагдаж байсан. Тэглээ гээд бид үүрэг гүйцэтгэж байгаа улс тэднийг ил өрөвдсөн дүр үзүүлэхгүй шүү дээ. “Муу сайн дайснууд” л гэж бодож байсан байх.

- Таны Тамбовын их бууны сургууль төгссөн үнэмлэх дээр Лааган биш Ларин гэсэн байх юм. Монгол сонсогчдын нэрийг нууцалдаг байсан юм уу?

- Нууцлах ч юу байх вэ. Оросууд хэлж чадахгүй учраас л өөрчилдөг байсан биз. Лааган гэж оросууд хэлж чадахгүй учраас Ларин гэж дууддаг байлаа. Салааны даргаас дээшээ бүгд орос хүн байна. Бүрэн зэвсэгтэй 27 монгол хүн байсан. Бидний монгол сонсогчдоос Улаанбаатараас Москва ортол хоёр хүн замд нас барж, дайны үед хоёр хүн ор сураггүй алга болсон. Бөмбөгдөлтийн үед нас барсан байх. Нэг нь Жимбэ гэж Ховд аймгийн хүн байсан. Жимбэ маань бөмбөгдөлтөөр хүнд шархтаад хотын эмнэлэг рүү явахдаа надад бугуйн цагаа үлдээгээд явсан юм. Биднийг нэг эргэж очиход “Буянт голынхоо хөвөөн дээр хөрвөөж явах өдөр бий дээ хө” гэж их л сэргэлэн байсан юмсан. Дараа нь очтол эмнэлэгт хэвтсэн цэрэг байтугай эмнэлгийн барилгаас нь бүтэн тоосго ч үлдээгүй байсан даа. Нөгөө нь Галсандорж гэж манай тасгийн дарга. Бид бүтэн гурван жил Монгол эх оронтойгоо захиа занаа ч үгүй холбоо тасарч, долоон хүн л үлдсэн юм шүү дээ. Дайн гэдэг мөн ч муухай эд шүү. Сүүлд Хэнтийд уяач болсон Дорнодын Лувсандондов гэж дайнд хамт явсан нөхөр маань манайд ирж, бид нэг уулзсаан, хөөрхий. 

 Б.Лааган, үеэл МУ-ын баатар  Дүүдэйн хамт

 

- Анд нөхдөө алдахын гашуун зовлонг ч амсаж л явж дээ?

- Эхлээд фашист германуудын сураг сонстох төдий л байсан юм. Гэтэл 1 942 оны  аравдугаар сар гэхэд Тамбовт тулж ирээд бөмбөгдөж эхэлсэн. Анхны цас ороод байсан нэг шөнө дайсны бөмбөгдөлтөд хэдэн сурагч, цэрэг өртсөний дотор Халхын голын дайны дараа надтай хамт зэвсэг засварын газарт ажиллаж байсан Ховд аймгийн харьяат Самдан маань амиа алдсан. Тэгэхэд сургуулийн хамт олон ихэд эмгэнэж, шарилыг нь их бууны суурин дээр тавьж, монгол сонсогчид маань ёслолын буудлага хийж их хүндтэй оршуулж байсан даа. Дараа нь Дашжамц, Баатар зэрэг нөхөд маань бас амь үрэгдсэн. Дайн ид ширүүсэх үед эхэн үеийн сүртэй оршуулах ёслол ч байхгүй болсон. Бараг л бөөнд нь булчихна. Хожуу 1976 онд Тамбовт очихдоо дайчин нөхдийнхөө булшийг хэчнээн эрээд ч ололгүй зориулж аваачсан цэцгийн баглаагаа нийтийн оршуулгын газарт л залсан даа. Нүдийг минь эмчилсэн ачит эмчээ ч хайгаад олоогүй.

- Орос, монголоос өөр ямар үндэстэн байв?

- Оросын буриад, монголчууд гээд  ер нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүх улс үндэстэн байсан. Бидэнд эхлээд гадаадын хүн гээд жаахан өөр ханддаг байснаа дайны байдал хүндрээд эхлүүт хамтдаа тэмцэж буй дайчин нөхөд л гэх болсон. 

 

ОХУ-ын Барнаул хотын ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш Васильченкогийн хамт

 

 

- Дайн байлдаан гэхээр хүмүүс тэр бүр сайн төсөөлдөггүй. Кинонд гардаг шиг л хурдан өнгөрдөг гэж боддог. Бодит байдал дээр юу болж байв?

- Нуувчинд буугаа бариад буудахад бэлэн дээш өргөөд шинелиэ нөмрөөд л хононо. Өдөр бол гайгүй байснаа яг нар шингээд ирэхээр л Германы онгоц бөмбөгдөж эхэлнэ. Тэгээд бөмбөгдөөд дуусахаар нь бид нуувчнаас гараад буу засах ажилдаа ордог байв.

 

- Одоо бодит жишээ байхгүй бол хүн итгэхгүй дээ?

- Саратовоос гараад манай анги өөр газар байрласан юм. Бид ойд л хононо. Тэгж явахдаа хоолгүй хоноод ус л уугаад явна. Заримдаа 40-50 км явж байгаад тосгон таарна. Тосгонд нь хүүхэд авгай, эмгэд л голдуу байна. Нөхөр, хүүхдүүд нь дандаа фронт руу явчихсан. Тэгээд нэг удаа 40 км орчим алхаж байгаад нэг айлд буулаа. Хоёр хүүхэд нь хоёулаа фронтод явсан орос авгай байсан. Намайг хараад “Миний хүүхдээс ялгаа юу байх вэ” гээд төмс чанаад, өргөст хэмх тавиад биднийг хооллосон. Ядарч яваа хүнд ямар сайхан хоол байсан гээч. Одоо ч санаанаас гардаггүй юм. Биднийг гурав гурваар нь нэг айлд оруулсан. Усанд явтал голын хөвөөнд чацаргана ургачихаж. Аваад идсэн чинь жигтэйхэн сайхан амттай юм. Ядарсан хүний тамирыг сэргээдэг жимс бол чацаргана юм байна гэдгийг тэгэхэд мэдэж хожим энхийн цагт Увс аймагтаа ажиллаж байхдаа чацарганын гурван ч сортыг бий болгосон доо. Түүгээрээ эрдмийн зэрэг хамгаалан, төрийн шагнал, гавьяат цол хүртэл хүртсэн юм шүү дээ. Үнэндээ тэр үеийн орос айлд идэж уух ч юм байгаагүй.

 

Эхнэр Э.Тошлойн хамт. Канад улс, Оттава

 

 

- Дайны үед мөн ч хэцүү байжээ?

- Дөчин хоёр оны үед хамгийн хүнд байлаа. Айлууд жаахан тариа хураадаг. Гэвч үйлдвэрт тэрийгээ шилжүүлээд өөртөө багахан юм үлдэнэ. Зоорьтой зарим нэг айлд төмс хадгална. Мал байхгүй газар чинь мах ямар юмных нь байхав. Байдгаас ганц давс л байсан. 

- Гадаадын курсант гээд цалин өгдөг байв уу. Хэдэн рубль авч байсан бэ?

- Сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хэцүү үе ч гэлээ өгдөг байсан юм шүү. Мөнгө авлаа гээд яах вэ дээ. Дэлгүүрээс авах юм байхгүй. Орохоор ганц давс л байсан юм чинь.

- Дайнаас амьд мэнд үлдсэн орос нөхөд чинь тантай аль хэр харьцаж байв?

- П.И.Тенков нарын нөхөд маань олон ч захидал ирүүлж байсан. Харин нэг сонирхолтой түүх ярихад би Орост Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи дүүргээд Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшиллаа. Нэг удаа хурал дээр намайг эх орны дайнд оролцож байсан гэж ярилаа. Тэгсэн манай сургуульд нэг орос, бас нэг герман багш байсан юм. Хоёулаа Аугаа эх орны дайнд оролцож явсан. Тэгээд хурал дээрээс намайг дайны ахмад дайчин гэж мэдээд, гурвуулаа ярьж суулаа. Герман нь Сталинградын дайнд байлдаж яваад шархдаж, өрөөсөн нүд нь гэмтсэн хүн байсан. Орос нь Сталинградад түүний эсрэг талд байлдаж явсан хүн болж таарсан. Тэгээд орос, монгол хоёр ахмад дайчин герман ахмад дайчинтай ярьж суугаад “Ямар ч байсан хэдүүлээ бие биеэ буудаж оноогүй л юм байна” гээд инээлдээд салж байсан даа.

- Эх орны дайнаас буцаж ирээд Чөлөөлөх дайнд оролцсон гэл үү?

- Бидний 23 хүнээс 14 нь эх орондоо эргэж ирээгүй дээ. 1943 оны тавдугаар сарын нэгэнд сургуулийн үнэмлэхээ гардаж аваад Москвагаас Улаан-Үдэд галт тэргээр, тэндээс “ЗИС-5” машинаар Улаанбаатартаа ирсэн. Биднийг жанжин Ж.Лхагвасүрэн хүлээн авч уулзаад 45 хоногийн чөлөө өглөө. Нутагтаа очиж ээждээ золголоо. Ээж маань Улаан армид тусламж болгон арван морь, зуун хонь бэлэглэж, манай авга ах Бүрэнгийнхэн ах дүүсээрээ гучаад морь бэлэглэсний дотор миний хайртай хурдан улаан морь ч багтсан байсан. Байшинтын долдугаар дивизийн хорьдугаар морьт хороонд техникч-зэвсгийн даргаар томилогдож, чөлөөлөх дайнд орж Жэхэ хүртэл явсан даа. Манай цэргийн унаа наян мянган морины мөрөөр их ховил зам цоо шинээр үүссэн байсан. Морь үхэхдээ заавал эх нутаг өөдөө харж унадаг юм билээ. Харин буцах замд морьд маань огтхон ч ташуурдуулалгүй, хөл нь хөнгөрчихсөөр ирсэн билээ.

Л.Батцэнгэл