Энэ жил 21 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэнэ. Тэдгээр бяцхан үрсийг маань цоожтой хаалганы цаана чухам ямар эмгэнэлт ирээдүй хүлээж байгаа бол гэдэг үнэхээр аймшигтай. 

 

Тиймээс л өнөөдөр эцэг эхчүүд үр хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө тэмцэж, зүтгэж байна. Энэ сарын 24-ны өдрөөс эхлэсэн цэцэрлэгийн бүртгэлд хүүхдээ хамруулах гэсэн мянга мянган хүн өнөөдөр цэцэрлэгийн үүд сахиж сууна.

 

“Үхтэл үр харам” гэдэг болохоор тэд бүгд л үр хүүхдээ цэцэрлэгт явуулахын төлөө өөр хоорондоо ч тэмцэлдэж байгаа нь нууц биш. Гэтэл ард түмнээ хооронд нь “алалцуулж” байгаа төрийн эрхэмүүд чухам энэ талаар юу бодож, ямар байр суурьтай байгаагаа ч илэрхийлэхгүй, дуугүй сууна. Тэдэнд ард түмний амьдрал бус, сайд, гишүүний зөөлөн сэнтий л чухал бололтой.

 

Уг нь сонгууль болохоор нөхдүүд “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна, цэцэрлэг сургуулийн тоог нэмгдүүлнэ, бид та бүхний жаргал зовлонг хуваалцана” хэмээн уран үг дөнгөдөж, иргэдийн саналыг авч төрийн эрх барих дээд байгууллагад шургалдаг. Гэтэл тэд нэгэнт саналаа авсан л бол боллоо гэсэн шиг нүүрээ буруулж байгаад иргэд гомдоллож сууна.

 

Цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудал өнөөдөр зөвхөн яригдаж байгаа зүйл огтхон ч биш. Жил бүр л цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу, мянга мянган хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж, элдэв аваар осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай бид дуулж, халаглаж, харамсаж суудаг.

 

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын хашаанд гэр шатаж, гэрт цоожлогдсон таван настай охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

 

Мөн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар байрны таван давхараас дөрвөн настай хүү унаж амь насаа алдах шахсан. Тэд мөн л цоожтой хаалганы цаана байсан билээ

 

Гэтэл “нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын үлгэрээр эрх мэдэлтэнгүүд жилдээ ганц нэгэн цэцэрлэг ашиглалтад оруулсан болчихоод л түүнийгээ тууз хаачилж, сүр дуулиан болгож, шоу хийхээс хэтрэхгүй байгаа нь нууц биш.

 

Төр засаг мөнгө төгрөггүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй хэмээдэг ч хичээвэл бүтэхгүй зүйл гэж баймааргүй л юм. Үнэхээр төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа бол хувийн цэцэрлэгүүдээ дэмжээд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж болох л талтай.

 

Өнөөдөр 150-350 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлэх боломжийн амьдралтай хүн ховор. Харин төрийн бодлогоор зохицуулалт хийж, хувийн цэцэрлэгүүдэд нөхөн олговорыг нь өгч багахан хэмжээний мөнгийг эцэг эхчүүдээс аваад байвал энэ ажил үр дүнгээ ч өгөх нь дамжиггүй.   

 

Хувийн хэвшлийнхэнг дэмжиж байгаа гэлцэж, бизнес эрхлэгчдэд багагүй мөнгийг зарцуулдаг. Мэдээж энэ нь буруу зүйл биш. Хувийн цэцэрлэгүүд ч хувийн хэвшил гэх нэршилд хамрагдах учиртай. Тиймээс тэднийг  дэмжиж, цэцэрлэгүүдэд нөхөн олговор мэтийн зүйлийг нь өгөөд ард түмнийхээ хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоод өгчихвөл олон хүний магнай тэнийх нь гарцаагүй.

 

Эцэг эхчүүд үр хүүхдээ ч цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд сардаа халааснаасаа цөөхөн хэдэн төгрөг гаргаад өгөхөөс татгазлахгүй нь лавтай.

 

Жил бүр яригдаж, эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэж, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхгүй бол мянга мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж, эмгэнэлт ирээдүйгээ хүлээсээр байх болоод байгааг холбогдох албаны хүмүүст дахин дуулгая.

http://www.24tsag.mn