Ялгадаг төр, “ялгаварлах бодлого”
2015/09/01
Багш нарын хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй явуулах гэнэ. Зөв! Тэртэй тэргүй багш нар хүний, өөрийн өчнөөн хүүхдийн төлөө зүтгэчхээд, нэг удаа засаг төрөөсөө энэ хэмжээний анхаарал халамж авах эрхтэй.
Ер нь ч тэгээд Монголд юуны өмнө цалин цаваг багатай гээд төсвийн байгууллагын ажилтнуудын толгойг илдэг жишиг тогтоод удаж байна. Байрны зээл олгосон ч төсвийнхөн давуу эрх эдэлдэг. Эхний ээлжинд тэдний цалинг багаар өсгөсний араас хувийнхан тэр хэмжээгээр урамшууллаа нэмэх жишээтэй. Хүүхдээ их сургуульд сургахад ч төсвийнхөн төрийн сангаас зээл авчихдаг. Бараг л нэг номерын хүмүүс гээд нэрлэж болно.
Тэдний араас дугаар хоёр гэх ангилалд хувийн хэвшлийнхэн болоод хувиараа хөдөлмөр эрхэлж, аж амьдралаа авч яваа иргэд багтдаг. Хоёр номерын армийнхан арай л олуулаа. Хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө хүртэл өөр хоорондоо зодолдох нь холгүй өрсөлдөж байж бүртгүүлэхийг яана. Тэгэхдээ хоёр номерын хүмүүсийг ч бас дотор нь ангилмаар санагддаг юм.
Төсвийнхний толгойг илдгийг дүүрсэн хэрэг гэж бодъё. Харин хувийнхныг яах вэ
ХОЁР НОМЕРЫНХНЫГ ИНГЭЖ АНГИЛЪЯ
Сангийн яамнаас танилцуулсан төсвийн гүйцэтгэлийн мэдээг хамтдаа сонирхъё. Энэ оны эхний долоон сарын байдлаар 252.3 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) бид улсад төлжээ. Энэ нь төсвийн орлогын найман хувийг бүрдүүлж байна (буцаалтыг хассан дүнгээр). Энэхүү татварын дийлэнхийг цалин цавагтай Та, бид бүрдүүлдгийг онцолъё.
Төсвийн, хувийн гэх мэтээр ангилалгүй бүгд л эл татварыг төлдөг. Сард хэчнээн төгрөгийн цалин, урамшууллын орлого олно, түүнийхээ 10 хувийг төрдөө тушаадаг гэсэн үг. Татварын мөнгөөр засаг төрийнхөн сургууль, цэцэрлэг барихаас өгсүүлээд төсвийнхний цалин хөлсийг тавьдаг юм. Өнөөх “Миний төлсөн татварын мөнгөөр Та нар цалинжчихаад” гэх ууртай үгний цаадах утга ердөө л энэ.
Дашрамд сануулахад, бидний сайн мэдэх нийгмийн даатгалын шимтгэл үүнээс арай өөр ойлголт юм шүү. Даатгалд төлсөн шимтгэлийн мөнгө хожим нь бидэнд тэтгэвэр хэлбэрээр ирэх учраас бараг л “хадгаламж” юм уу даа.
Нийтлэлийн санаа эндээс урган гарсныг уншигч Танд эхлээд сонордуулъя. Миний болоод таны цалингаасаа татварт хураалгадаг өнөөх 10 хувийг төр засгийнхан хот хөдөөгүй тараадаг. Май замаа засчих, эмнэлгээ ортой болгочих, түргэний тэрэг ав, хүүхдийн сандал нэмээрэй гэх мэт заавартайгаар өгдөг.
Угтаа иргэд татвар төлдөг учраас л хөдөө, хот хаана ч хамаагүй улсын үйлчилгээг авах эрх үүсдэг юм шүү дээ. Бүх хүн мэдээж дам утгаараа НӨАТ-аас аваад татвар төлдөг. Гэхдээ ажил хийдэг Та, бид цалингийнхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр бусдаас илүү татвар төлдгийг харуулж байгаа юм. Тэгтэл өнөөх улсын үйлчилгээ биднийг ангилж үздэгийг яах вэ? Хөөрхий муу төсвийнхөн, хөөрхий муу жижиг дунд аж ахуйтан гэх мэтээр эвийлээд л. Тэгтэл хувийн хэвшилд ажиллаад, үнэнчээр татвараа төлдөг биднийг хэн ч, хэзээ ч хөөрхийлдөггүй!
Дахин статистик эш татахад, орлогыг нь тухай бүрт нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний татвараас энэ оны эхний долоон сарын байдлаар 3.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. ТҮЦ ажиллуулдаг эгчээс аваад гуталчин, үсчин гэх мэт хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд энэ төрлийн татварыг төлдөг юм. Тэдний орлого өдөр бүр өөрчлөгддөг учраас Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу сар бүр тодорхой хэмжээний мөнгөн дүнг татвар хэлбэрээр хураан авдаг байна. Тодорхой хэлбэл, энэ хуулийн 5.1-д зааснаар гуталчин 4000, оёдолчин 4000, ТҮЦ-ийнхэн сар бүр 6000 төгрөг тус бүр татварт төлдөг гэнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг өчнөөн олон хүний “мэргэжил” энд бичээстэй байна билээ.
ХХОАТ-т 252.3 тэрбум төгрөг төлсөн нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнхээс 72 дахин их байгаа юм
Харин хувийн хэвшлийнхэн бид улсад хэдийг тушаадаг билээ. Цалингийн доод хэмжээнээс тооцоход л, 19200 төгрөг төлдөг шүү дээ. ТҮЦ-ийн эгч харин сард үүнээс ч их орлого олдчихоод, гурав дахин бага татвар төлдгийг харуулж байна.
Хамгийн хачирхалтай нь, тэр болон энэ минь хөөрхий гэчхээд бодитоор татвар төлдөг иргэдийг урамшуулдаггүй. Хонон өнжин цэцэрлэгт дугаарласан ч, бага татвар төлчхөөд ахиу ашиг хүртдэг хувиараа аж ахуй эрхлэгчид бидний урдуур орчихдогийг яах вэ. Хандивын анги нээсэн ч тэд мөнгөө өгөөд л бүртгүүлэх жишээтэй. Тэгтэл өнөөх цэцэрлэг улсынх, мөнхүү улсын үйлчилгээний ангилалд багтдаг биз дээ. Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг зарчмаар, ХХОАТ-т 10 хувийн шимтгэлийг бусдаас илүү төлсөн нь ууртайгаар “Миний татварын мөнгөөр” гэж хэлэх эрх үүсэх нь зүйн хэрэг баймаар юм.
Төсвийнхний толгойг илээд, нэг номерын хүнээр шалгаруулсныг дүүрсэн хэрэг гэж бодъё. Иргэдээ харж үзэн, халамжлахдаа нэгэнт ангилдаг юм бол хоёр номерын иргэдээ ч татвар төлсөн хувь хэмжээгээр нь ялгачихмаар юм. Тэртэй, тэргүй төрд ажилладаг нэрийн дор төсвийнхөн хангалттай хөөрхийлүүлдэг. Хамгийн ойрын жишээ нь дээр дурдсан багш нар шүү дээ. Тэгвэл хувийн хэвшилд ажилладаг бид ч бас өнөөх татвар бага төлдөг нөхдөө ялгаварлан “гадуурхахад” буруудах зүйлгүй юм биш үү. Хар ухаанаар тооцоод дахин хэлэхэд, сард 40 мянган төгрөгийн л орлого олдог бол хэн ч гуталчин эсвэл оёдолчин хийхгүй шүү. Тэгэхээр ялгадаг төр, “ялгаварлах бодлогоо” нарийн зохион байгуулах хэрэгтэй санагдана.
Э.Хулан