ЭРҮҮЛ ЭЛЭГ ҮНДЭСНИЙ ХѲТѲЛБѲР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮУ?
2015/09/03
Элэг нэгт Монголчууд маань жилд мянга мянгаараа элэгний ѳвчин эмгэгээр зуурдаар нас барж байхад, та бид ингээд аясаараа яваад байж болох уу? Бид цаг нартай уралдан ажиллаж, жинхэнэ тэмцэх ёстой бус уу? Биднийг элэгний ѳвчнѳѳс ѳѳр ѳвчингүй юм шиг дандаа ярих боллоо, ингэж сүржигнээд байх хэрэггүй гэж шүүмжлэх хүмүүс олон бий, эдгээр хүмүүс дараах шалтгаануудыг олонтаа дурьддаг:
1. Хепатитын вирүсийн халдвар халдварт ѳвчнүүд дотроос шинэ халдварын бүртгэлээрээ 16-д ордог, тиймээс Монголын эрүүл мэндийн системийн нэн тулгамдсан асуудал биш гэж эдгээр хүмүүс ярьдаг.
Үүн шиг худлаа юм байхгүй! Халдварт Ѳвчин Судлалын Үндэсний Тѳв дээр ѳвчний шинж тэмдэг нь илрээд жил бүр бүртгэгддэг 800 гаруй хепатитын В вирүсийн, 150 орчим хепатитын С вирүсийн халдвараар энэ ѳвчний тархалтыг хэмжиж байгаа бол энэ том эндүүрэл. Яагаад хепатитын вирүсийг чимээгүй тахал гэдэг юм бэ? Бидэнд байтугай халдвартай хүндээ олон жил мэдэгддэггүй учраас л тэр! Тиймээс эрүүл мэндийн системд мэдэгдэхгүй мянга мянган шинэ халдвар гарч байгаа гэдгийг огт мартаж болохгүй. Ѳѳрѳѳр хэлбэл бид мѳсѳн уулын дѳнгѳж цухуйж байгаа оройг хараад хууртаад байж үл болно.
2. Хепатитын вирүсийн халдвартай 400 мянган хүн Монгол Улсад байхгүй, энэ бол худлаа, хѳѳсѳрсѳн тоо гэж эдгээр хүмүүс мѳн ярьдаг.
Эпимидиологийн судалгааны үр дүнд ийм байна гэхээр, та нар 1000 гаруйхан хүний цус цуглуулж шинжилгээ хийчихээд яаж мэдэж байгаа юм гэж эдгээр хүмүүс асуудаг! Шинжлэх ухаан гэдэг чинь энэ шүү дээ! 1.8 сая орчим насанд хүрсэн хүнтэй Монгол улсад 1000 хүнийг санамсаргүй сонгоод ямар ч судалгаа хийсэн бодит үр дүн гардаг нь шинжлэх ухааны үнэн. Социологи нь байна уу? эпимидиологи нь байна уу? огт хамаагүй. Ингээд хэлсний дараа ч гэсэн эргэлзээд байвал, манай баг сүүлийн 4 сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотод бараг 10000 гаруй хүнд хепатитын В болон С вирүсийн шинжилгээ хийхэд, насанд хүрсэн хүмүүсийн 10% нь халдвартай гарсан нь судалгааны үр дүнтэй яв цав таарч байгаа юм. Энэ дашрамд, Монгол Улсад хепатитын вирүсийн халдвартай хүний тоо 400 мянгаас хамаагүй олон гэж ярьдаг судлаачид бий гэдгийг энд дурьдах нь зүйтэй юм.
3. Хепатитын С вирүсээс болж олон хүн нас бардаггүй, хепатитын В вирүс ч мѳн адил, ер нь нэг ѳвчнѳѳр, нэг эрхтэнд үндэсний хѳтѳлбѳр энэ тэр гэж юу байсан юм, боливол таарна гэж эдгээр хүмүүс мѳн ярьдаг.
Эдгээр хүмүүст тухайн ѳвчний нас баралтаа хар л гэж би хэлнэ. Эрүүл мэндийн систем сайн муу байгаагийн гол шалгуур нь хүн амын дундаж наслалт буюу нас баралт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан тоо баримтаар Монгол Улс 100 000 (зуун мянга) хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 8 дахин их байна. Бүр 8 дахин шүү! Хавдар судлалын үндэсний төвийн 2013 оны статистик мэдээллээр Монгол улсад 100 000 эрэгтэй тутмаас 121.3, 100 000 эмэгтэй тутмаас 87.9 хүн элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Манай улсад эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 8 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 16 дахин их байгаа нь хепатитын В, С, Д вирүсийн халдварын тархалт Монгол Улсад нэн ѳндѳр байгаатай шууд холбоотой (~90%). Бодит тоогоор ярих юм бол 2012 онд л гэхэд 2600 гаруй монгол хүн зөвхөн элэгний хавдар хатуурлаар нас барсан байна. Ѳѳрѳѳр хэлбэл ѳдѳр бүр ДОЛООН МОНГОЛ хүн элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас барж байна. Монгол Улсад жилд дунджаар 16-17 мянган хүн ѳвчин эмгэг, осол гэмтэл зэрэг бүхий л шалтгаанаар нас бардаг бѳгѳѳд элэгний эмгэг манай улсын жилийн нийт нас баралтын 15%-ийг дангаараа бүрдүүлж байна. Хамгийн ѳндѳр нас баралттай гэж үздэг зүрх судасны ѳвчний нас баралтыг голлон бүрдүүлдэг тархины цус харвалтын нас баралт 2013 онд 1756 байсан бѳгѳѳд энэ нь элэгний эмгэгийн нас баралтаас даруй 30%-иар бага байгаа юм.
Байдал ийм байхад, бид нэг ѳвчин, нэг эрхтэнд байтугайд зориулж маш сайн үндэсний хѳтѳлбѳр нэн даруй боловсруулж, үтэр түргэн хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй!
Доктор Д. Наранбаатар
Оном сангийн ТУЗ-ийн дарга
Зочин · 2015/09/06
shiilegdamba said mundag shuu ajila hurdan khiii
chinzoo · 2015/09/05
Xutulburuu l ta buhen yaaraltai bolovsruulaad batluulah heregjuuleh heregtei shuu dee.