Тэр их ядарчээ. Аргагүй дээ одоо ч бас нас нь нэлээд явлаа шүү дээ.Тэр энэ жил 60 настай. Аль хэдийн л Америкт ирээд бараг одоо 17,18 жил болж байгаа ч тэр одоо болтол хүнтэй суусангүй. Ер нь ч хүнтэй сууж байгаагүй агаад, хүүхэд ч төрүүлээгүй юм. Зарим нэг нь түүнийг их л муухайгаар ярина. Наад хүүхнээсээ хол бай гэж ирээд л. Харин тэр энэндээ гутардаг эсвэл баясдаг аль нь ч бүү мэд. Үгүй тэгээд мэдээд ч яах билээ. Харин тэр анх ирээд л энэ Жон өвгөнийг харсан. Жон өнгөрсөн жилээс явж чадахаа больж бүр кранаар өгүүлдэг болсон юм. Кран гэхээр анх тэр их л том өнөө айхтар Кран гэж бодож байсан юм. Харин тэгтэл шаал өөр, жижигхэн авсаархан эд байсан ч эхэндээ бас л будилж өвгөн Жоны уурыг ч бас их барсандаа. Монголоос ирсэнээс хойш тэр ажилгүй суусангүй. Арван долоон жил нэг л хүнийг харна гэдэг бол үнэндээ азтай гэсэн үг. Тийм дээ тэр хүмүүсийн хэлдгээр азгүй хүүхэн гэгддэг ч хүний газар бол ажлаар тасраагүй азтай хүн билээ. Зарим нь түүнийг одоо бүр баяжиж цулайсан гэх ч тэр өөрийн машин ч байхгүй. Учир нь авъя гэсэн ч түүнд бичиг баримт бас жолооны үнэмлэх ч байхгүй. Ер нь түүнд машины хэрэг ч байсангүй . Бас тэр англи хэлэнд тэгтэл сайн ч биш. Ер нь Жонтой ярьж ойлголцоход айхтар хэлний хэрэг ч байгаагүй юм. Харин тэр үнэхээр уйгагүй ажиллаж Жоны байшингийн гадаа ногоо тарьж, бүр цэцэрлэгт нь мод цэцэг гээд л бүгдийг тарьж, арчилж усалж зүлэг ногоог нь хүртэл хаддаг байсан тул Жон ч өвгөний хүүхдүүд ч тэр түүнд хачин их дуртай болсон юм. Уг нь тэр эмч хүн байсан болохоор Жонд хэрэгтэй наад захын тусламжийг үзүүлчихнэ. Тиймээс Жон өвгөн хичнээн хэл тааруу байсан ч түүн шиг хүнийг алдвал алдас болох тул тэр бараг л дархлагдсан юм. Харин түүнд энэ хүний газар ах дүү ч тэр сүйд болох найз нөхөд ч байгаагүй юм. Учир нь тэр өөрөө ч хүмүүстэй тэгтэл дотносож чаддаггүй гэмтэй. Тэр сүүлийн үед үхлийн тухай гэнэ гэнэхэн бодох болсон. Хэрэв энэ газар гэнэт ингэж байгаад үхчихвэл ер нь юуны төлөө амьдарсан болохоо бодоод суухаар хариу эс олно. Үнэндээ тэр олигтой өмсөж зүүсэнгүй, эд хөрөнгө, эр нөхөр, үр хүүхэд гэсэнгүй, зүгээр л ажил хийжээ. Байр орон ч авсангүй. Тэр хүний газар яг үнэндээ яах гэж юутай болох гэж, яагаад энэ Жоныг хараад сууж байгаагаа ч хэний өмнө ялтай болоод амралтаа ч бараг авахгүй арван хэдэн жил өнгөрөөснөө гайхаад үл олох аж. Тэр яагаад өмнө нь энэ мэтийн тухай боддоггүй байсан юм бол? Тэр хэзээ ч боддоггүй байсан үхлийн тухай чухам яагаад ингэтлээ сүүлийн үед бодох болсноо бодоод бодоод эс олов. Маргааш Жон өвгөний 99 насны төрсөн өдөр болно. Тэр өглөөнөөс орой хүртэл хоол унд бэлдэж, бас гэрийг нь цэвэрлэлээ. Тэр гадаах зүлгийг ч бас орхисонгүй. Бүгд цэмцийжээ. Өмнө нь тэр энэ бүгдийг хийж байхдаа ихэд баяртай хийдэг байсансан. Харин өнөөдөр тэр анх удаа ямар ч баяргүйгээр хийж үзэв. Сульдаж ядарсан тэр өвгөн Жоныг усанд оруулчихаад маргаашийн төрсөн өдрийн баярт ирэх Жоны хүүхдүүд, ах дүүсэд үйлчлэхээ бодсоор дуг хийх гэж оролдов. Тэр унтаж чадахгүй болоод удаж байгаа билээ. Яагаад юуг санаад санаашрах болсноо мэдэхгүй, хий дэмий л хөнжилдөө тэлчилнэ. Яг үнэндээ Жон, тэр хоёр нэг өдөр төрснөө мэдсэнээс хойш сүүлийн 5 жил төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэдэг болсон юм.Хамт тэмдэглэдэг нэртэй ч үнэндээ бол үйлчлэгчээ л хийнэ шүү дээ. Өглөө зургаан цагт Жоныг босгож зурагтны нь өмнө суулгаж кофег нь өгч, сонинг нь ойртуулах ёстой. Гэхдээ өглөө өвгөн Жон хичнээн дуудаад ч тэр ирсэнгүй. Тэрний 61 насны төрсөн өдрийн өглөө байлаа...

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2009 он. Чикаго хот