Монгол овогт Чимэдбалын Бодгаль “Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй ном туурвижээ. Түүний уг номноос хэсэгчилэн duuren.mn цувралаар нийтэлж байна.

Ард түмэн бүгд арвин их бэлэгдэл ёстой, цээрлэх үйлтэй. Яндашгүй баян соёл зан заншил, цэцэн мэргэн үг сургаалтай. Энэ бол хүн гэгч амьтан үүссэн цагаас зохицолт нийлэмжит бүхний үргэлжийн эрэлч хайгуулж байсны дүнд олж хуримтлуулсан үнэт их баялаг юм. Энэ бол хэзээ ч өөрчлөгдөхгүй байгалийн тогтмол хуулиудын томъёолсон илэрхийлэлүүд. Энэ бол хэзээ ч хаана ч адил үйлчлэх үйл үр шалтгаалцлагдсан түгээмэл хуулиудын томъёололуудыг бүрэн гүйцэд багтсан их эрдэнэсийн сан хөмрөг юм. Энд нийгмийн тал бүрийн харьцааны олон хувилбарт уян хатан хуулиудын хураангуй томъёолол, таталбарууд ч цөм багтжээ. Ийнхүү дэлхийн бүх ард түмэн орчлонгийн бүх шатны хуулиудад гүн гүнзгий нэвтэрч түүнийгээ “ёс заншил”, “зүйр цэцэн үг”, “сургааль үг” гэх төдийхөн даруухан нэр зүүсгэлийн дор томъёолон хураан цомхтгожээ.

Хубилай сэцэн хааны нээлт болох төрийн хос ёсны онол сургаал ч үүнд харгалзаж байсан гэдэгт эргэлзэх юмгүй. Нэгэнт бүтээгдэж бэлэн болсон ёс ёмбогороос төр төмбөгөрийг бүтээхэд одоо юу дутуу байх билээ.

Өнөөгийн засаглалын зүсэн бүрийн хүчнүүд одоо ДЭЛХИЙН АРД ТҮМНҮҮДИЙН ЦЭЦЭН БИЛЭГИЙГ БИШРҮҮШТЭЙ ДЭЭДЛҮҮШТЭЙ. Хууль журам бүрийнхээ дээр тунхаг болгон ЗАЛУУШТАЙ. Тийн болвол төрөлхтөний хүлээж удаан дуншсан жам ёсны зүй тогтол нэгэнтэй бүрдэж дэлхий ертөнц хөгжил дэвшлийн нэгэн шинэ шатанд гарч чадах билээ. Үүнийг үл гүйцэлдэх гэвэл ямраар гүйцэлдэх нь өөр хаана байх вэ?

Хамгийн аугаа юм
Хамгийн энгийн байдаг гэдэг.

Гэвч энэ дэлхий даяарын төөрөгдөл зовлон, уналт доройтол, өвчин шаналал, өргөс авсан шиг даруйдаа илааршихгүй. Шим ертөнцийн хамаг бүхэн тус тусдаа нэг бүрчлэн эдлэх үйлийн үртэй хэсэг бүлэг, төрөл зүйл, нийгэм, улс орон гүрнээр нээрээ эдэлж, барах үйлийн үртэй. Нийт дэлхийгээрээ эдлэх хамтын том үйлийн үртэй. Үйлийн үрийг үрж барахаас биш үхэж төрөл арилжиж барахгүй. Энэ дэлхийд бусдаас илүү эрхтэн, эд эдэлхүүнтэй үндэстэн, ястан, арьстан, шашинтан хэсэг бүлгийг бид дархлан байлгах гэж дор дороо цээж огшоож өдий хүрцгээсэн ч хэн ч юу ч хожсонгүй. Бид нурааж хураавч нэг л өрж босгов ч нэг л гэр дэлхийтэй. Дэлхий гэр бүлийн гишүүдэд одоо алагчлал үгүй хайр хүндлэл адил тэгш эрх, үүрэг илүү их хүлээгдэж байгаа билээ.

∗ ∗ ∗

БИД ИХ ГАВЪЯАТАЙ

Бид өвөг дээдсийнхээ нэгэн адил дэлхийн түүхэнд гавъяатай улс юм. Байгалийн хөгжлийн сонгодог нэгэн хэлбэрийг 20-р зууны дунд үе хүртэл “Нүүдлийн соёл иргэншил” нэртэйгээр тээж ирсэн гавъяатай. Энэ бол хий дэмий цээжээ дэлдэн сайрхаад байх шалдан гавъяа биш их үүрэг дагалдсан хүндтэй гавъяа юм. Өнгөрөгч мянганы эхэнд бидний өвөг дээдэс эд баялаг, нутаг бэлчээртээ шунан сум шунгинуулж, сэлэм эргүүлээгүй. Тэр үед соёл иргэншил нэгэнтэй мухардалд орон боонготож даяар олон үймрэн оволзож байсан үе. Тэр үеийн байдлыг түүх бичигт

Одот тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлогдон булаалдаж байв
Хөх тэнгэр хөрвөж
Хөвчин улс байлдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв гэж тод зураглан үлдээжээ.

Тэр үед 20-хон түмэн малчин анчин баатар эрс нар жаргаж дуусахгүй шахам өргөн уудам нутгийг эзлэн дэлхийг төвшитгөн соёл иргэншлийг мухардал боонготлоос гаргаж байсан бол эдүгээ мөн энэ соёл иргэншил дэлхийн дулаарал экологийн сүйрэлтэй нүүр тулан мухардаж гарах гарцгүй болсон мэт үймрэн самуурч байна. Мөн энэ үед бидний цөөхөн Монголчууд соёл иргэншлийг 2 дахиа мухардлаас гаргах түүхэн үүрэг тохоогдов.

Байгальтай хамт хөгжин орчлонгийн бүх хуулиудад гүн гүнзгий нэвтэрч Ертөнцийн үнэнийг таньсан өвөг дээдэс минь
Орчлон чанадын үнэмлэхүй үнэн түүний зоригдол үгүй.
Хайр нигүүсэл, дээд эрх чөлөөний хуульд мөн нэвтрэх гэж төрлөхтөний дээд зоригдолыг өвөрлөж явсан
Өндөр заяат өвөг дээдэс минь.
Та нарыгаа оройн дээддээ
Залбиран залбиран даатгая
Өвлүүлж үлдээсэн оюуны их баялаг алт эрдэнэсийг тань түүхэн донсолгоонд асгаж, цалгиулж, дундруулсан бидэндээ хүч хавсар.

Бидэнд түүхэн их үүрэг тохоогдов.

∗ ∗ ∗

ҮНЭН ГЭДЭГ БУРХАНЫ ӨӨР НЭГ НЭР ЮМ.
ҮНЭН БА МУХАР СҮСЭГ ХАРШ ЮМ.

Орчлонгийн түгээмэл болон тогтмол хуулиудад гүн гүнзгий нэвтэрч үнэнийг таньсан хүмүүс удмаар цааш ахиж үнэнд улам гүн гүнзгий нэвтрэхийг л бодохоос өөр юуг бодох вэ? Тиймээс тэдэнд нийтээрээ бичиг үсэгт тайлагдах шаардлага байсангүй.Шинжлэх ухаан ч чухал байсангүй.Эдгээрээр үнэнийг гажуудуулж дэлхий даяарыг төөрөгдүүлж болох аюултайг тэд мэдэж байж, үнэнийг танин мэдэхэд бичиг үсэг шинжлэх ухаан ч хэрэг болохгүй гэдгийг тэд үнэнийг олтлоо туулсан амьдралаараа мэдэж авчээ. Тиймээс үе үед цөөхөн хэдэн бичгийн мэргэд түүхчид түүхээ ширээж үлдээхэд мөн дуудаж сонсгож байх хүрээнд л бичиг үсгийн хэрэгцээ хязгаарлагдаж байжээ.

Түүх ширээдэг хүнд
Хаан очиж золгодог
Ган сийлдэг дарханд
Ноён очиж золгодог гэсэн нэг үг байдаг.

Тийм байсан байж магадгүй. Хожим хойчид үнэннийг сүлдэлж түүх уламжилж байгаа хүн шударгын шуурга байхгүй бол өөр ямар хүмүүс, ирээдүй хойч шударга болж таарах вэ!

Шударга зан гэдэг бурхан чанарын илрэл юм. Үнэнд хүрэгсэдийн дотроос шударгын шуургыг хаан дээдлэхгүй юм бол хаана, хэзээ, хэн шударгыг дээдлэх вэ? Зориг золиослол хоёр их шаарддаг бөгөөд үнэн гэдэг их үнэ цэнэтэй юм.

Хүн төрлөхтөн үүссэн цагаасаа үнэнийг эрэн хайж орчлонг нэгжин шуугилдсан ч одоо болтол олон даяараа үнэний барааг ч хараагүй. Байгалиас саланги ахуйг дээдлэгчид үнэнг олохгүй. Хүний эрхийг бусад амьтны эрхээс дээгүүр тавигсад үнэнийг олохгүйхарахгүй, харин нэгэн үеийн хэсэгхэн монголчууд түүнийг олсон.

Олсоноо аж төрөх ёс, соёл болгож үзүүлсэн ч мунхагууд үзүүлбэрийг нурааж, үрэн таран болгосон, төөрүүлсэн. Хүн гэгч үнэнийг эрж хайж байдаг мөртлөө үнэнтэй нүүр тулуутаа арьсаа хуулуулах гэж байгаа юм шиг догширдог нь үнэн.

Буддаг гүтгэж доромжилж тосгон руугаа оруулахгүй, хааж хориглож, харааж зүхэж, Христыг цовдолж, Мухамедыг чулуугаар нүүлгэж байсан гэдэг. Сократод мял Богдод ноён Хутагтад хор өгчээ. Нийтээрээ хайгаад олоогүй үнэнийг ганц нэгээрээ тасарч хайгаад олсон. Олсоноор барахгүй гүн гүнзгийд нь нэвтэрч чинадын үнэнд хүрсэнүүдээ ертөнцөд байхад нь гадуурхаж хажиглаж, ертөнцөд байхад нь сургааль номлолыг нь гажуулж нэг шашинрахуу маягийн мухар сүсэг болгож ертөнцөөс явсаных нь дараа бурхан гэж дээдэлж нэрийг нь ашигладаг энэ ертөнцийн зан авир ажээ.

Буддаг ертөнцөөс буцаагүй байхад сургаал номлолыг нь дутуу ухан ойлгож шашныг нь гажуудуулсан илрэлүүд мэдэгдэж эхлэхэд тэрбээр

“Миний шашныг тэнгэрийн шулам ирж нураахгүй
Тэрсүүдын номтнууд ирж нураахгүй.
Миний шашныг бурсан хуврагууд нь дотроосоо нураана” гэж хэлж байжээ.

Дээрхийн гэгээнтэн 14-р далай Лам айлдвар бүрдээ бурханы сургаал номлолын гүн гүнзгий утгыг ухан ойлгож мухраар сүсэглэхгүй байхыг сануулсаар байдгийн учир тэр билээ. Гэвч мухар сүсэг амь их бөхтэй байсаар л байдаг байна. Хэрвээ Будда ертөнц дээр бууж ирээд харвал одоо өөрийнхөө шашныг танихгүй болтол хувирсаныг олж харах байхаа. Үнэний мөрөөс төөрөгсөд мухар сүсэг рүү хальтардаг байна. Тэд их олноороо нэгдсээр тогтолцоо болтлоо томорч соёл иргэншлийг ч тушиж чөдөрлөх хэмжээний хүчтэй болж чадна. Мухар сүсгийн аюул нь энд л байдаг байна.

Нэгэнт түүнд халтиралгүй давж гараад үнэнийг таньсан өвөг дээдэст минь мухар сүсэг яахан байх билээ. Тэд мод бутыг хадаг яндраар боож баглаж, овоо чулуунд тонголзон мөргөх шаардлага байсангүй. Амьдрал нь бүхэлдээ байгальтай харьцах өндөр соёл болж хувирсан, өдөр тутмын үйл үйлдэл бүхэн нь байгаль хамгаалал хайр болсон тэдэнд лус савдаг төдийгүй шим ертөнц бүхэлдээ эрхшээгдэж байхад өндөг сахар тэргүүтнийг хутгаж хор болгосон, идээ ундаа дээш доош нь цацаж хонх дамар нижэгнүүлж суух шаардлага байсангүй.

Биднийг багад идсэн чихрийнхээ цаасыг газар хаяхад хориглож шоргоолж галзуурч биенээ барина гэдэг байв. Тэд нойтон модонд хөрөө сүх шигтгэж, ногоон цагаан өвсөнд хадуур далайж яваагүй улс. Уул онгичиж, ус буртаглаж явсангүй. Үнэнийг таньсан хүмүүст мухар сүсэг хий хоосон ёсчирхол аль нь ч байсангүй.

Зөвхөн хайр хамгаалал дүүрэн аж төрөх ёс л байж. Цэвэр байгалиараа хөгжиж, оршихуйн дээд мандалд яаж хүрч болдогийг тэд үзүүлжээ. Уул усны тайлга тахилга эрт дээрээс байсан. Тэр нь уул нуруудын онцгой байршил, тогтоц, усны хагалбар зэргүүдийг мэргэн онож тогтоогоод, гол гол газруудыг нь төрийн болон нутгийн тахилгатай болгон үеийн үед мартуулахгүйн тулд тогтсон хугацааны давтамжтайгаар тахилга үйлддэг ёсон байж. Энд харин мухар сүсэг байсангүй. Хий хоосон ёсчирхол хийрхэл байсангүй. Энэтхэгийн Төгс гэгээрсэн нэгэн их багш “ Хүн төрөлхтөн мухар сүсэгнээсээ салах нь одоо нэн тэргүүний ” болсоныг сануулсан байдаг.

Шашны, шинжлэх ухааны, улс төржсөн үзэл сурталын ийм 3 төрлийн мухар сүсэг өнөөдөр энэ соёл иргэншилд “Могой эрээн биетэй модон гурван хумстай” чөдөр болон зүүгджээ.

 

Эх сурвалж: www.Duuren.mn