Төрийн алба хаагч нар гэмт хэрэгт холбогддог байдал өссөөр байна. Түүх сөхвөл 2011 оны байдлаар гэхэд улсын хэмжээнд 617 эрүүгийн хэрэгт 700 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан байна. Энэ нь нийт гэмт хэргийн 2,6 хувийг эзэлж байгаа юм.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн 2013 оны нэгдүгээр улирлын байдлаар 231 эрүүгийн хэрэгт 289 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хэрэг буюу 29,0 хувиар өссөн судалгаа гарч байжээ. Тэдний 51 нь төрийн тусгай алба хаагч, 53 нь төрийн захиргааны албан хаагч, 37 нь улс төрийн албан хаагч, 148 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байсан аж.

 

Энэ мэтчилэнгээр жил ирэх бүр өссөөр байгаа төрийн алба хаагч нарын холбогдсон гэмт хэргээс олон нийтийн дунд ил болсоны заримаас нь дурдвал. Өнгөрөгч 2014 оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагч Ц.Ууганбаатар нийслэлд ажлын шугамаар ирсэн байхдаа, урсгал сөрж давхисны улмаас 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон. Уг хэрэгт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон юм. Гэтэл энэ сарын 24-нд “VENUS”бааранд зодоон болж, цэргийн алба хаагчийн амь насанд хүрсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Тухайн үед талийгаачийг таван залуу бүлэглэн зодсон бөгөөд сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа уг залуусын хоёр нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ахлах дэслэгч, нэг нь ахлагч цолтой цагдаа байгаа аж.


Мөн өнгөрөгч зургаадугаар сард цагдаагийн алба хаагч төв замд түгжрэл үүсгэн зогсоод, нэгэн эмэгтэйг хэрцгийгээр зодож, машиндаа суулган авч явсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Тухайн үед эмэгтэй уурлаж, түүний машиныг өшиглөсөн учир хэрцгийгээр зодсон гэдгээ цагдаа хүлээн зөвшөөрчээ. Тиймээс уг асуудлаас үүдэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү олон нийтээс уучлал хүсэхдээ “Цагдаагийн алба хаагч ёс зүйн хэм хэмжээгээ ноцтойгоор зөрчиж, байж боломгүй үйлдэлд гаргасан учир Цагдаагийн Ерөнхий Газрын зүгээс иргэн У болон нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна” гэж байлаа.

 

Гэтэл саяхан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар эмэгтэй ажилтнаа хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийн талаарх дуулиан намдаагүй байтал Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал мөн ажилтнаа зодсон байна. Тодруулбал тус аймгийн ЗДТГ-ынхан Их Тамир сумын тайхар чулууны ойролцоох амралтын газар амарч байх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэний улмаас Засаг даргын орлогч М.Батжаргал, Төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Нямдаваа нар аймгийнхаа байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Лувсандагвыг бүлэглэн зоджээ.

 

Энэ мэтчилэн тоолоод байвал барагдахааргүй олон гэмт хэрэгт төрийн жинхэнэ алба хаагч нар холбогдсон байх юм. Харин тэр компанийн ажилтан, мэргэжилтэн, менежер, орчуулагч, гүйцэтгэх захирал ийм гэмт хэрэг хийж, ингэж танхайрчээ гэхийг ер сонсож байгаагүй юм байна. Төрийн болон хувийн хэвшлийнхний ажлын нөхцөл байдал нэлээдгүй ялгаатай. Төрд ажилд орохын тулд ихэнх тохиолдолд,танил тал, найз нөхөд, аав ээж ах дүүгийн дэмжлэг хэрэг болдог. Зарим тохиолдолд авлига өгөх нь ч бий. Цөөхөн хэд нь төрийн албаны шалгалт болон бусад нөхцөлийг хангасан учир тэнцэж ажилд ордог бол ихэнх нь дээр дурдсантай адил арын хаалгаар ордог болохыг хэн хүнгүй гадарладаг болсон. Ингэхээр тэнд ёс зүйтэй, ёсзүйгүй, хариуцлагатай, хариуцлагаггүй, төлөвшөөгүй, боловсроогүй зэрэг олон хүний цуглуулга болчихож байгаа юм. Муу нь сайнаас олон байхыг үгүйсгэхийн аргагүй. Ингээд дээрээс нь тэд хувийн компанийн ажилтаныг бодоход ахуй хангамж өндөртэйн дээр ажлын цаг бага. Өөрөөр хэлбэл зав нэмэх нь боломж болчихож байгаа юм. Боломжтой нөхдүүд, амарч зугаалах, авгай хүүхэн эргүүлэн, архидан согтуурч овлигогүй авир гаргаад, хэрэгт холбогддог болж таарах нь байна.

 

Харин цагдаа нар харьцангуй хүнд нөхцөлд ажилладаг учир сэтгэл санаа нь тогтворгүй болчихдог байх хэмээн өмөөрч болох юм. Гэвч хүний хувь заяа, зовлон жаргал, амь насны асуудалтай тулгарч ажилладаг учир тэд бусдаас илүү ёс зүйтэй хариуцлагатай, хүн чанартай бие болон сэтгэлийн зовлонг үүрэх тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгэж ч шалгаж, шаардлага хангасан нөхдийг ажиллуулдаг байх ёстой баймаар юм. Яагаад хувийн хэвшил төрийн албанынхны ажлын нөхцөл өөр вэ гэвэл. Хувийн компани, аж ахуйн нэгж, албан байгууллагад ажиллаж буй хүмүүс хариуцлаггүй бол ажилгүй болно. Ёсзүйтэй, цаг наргүй үнэнчээр хөдөлмөрлөж, шударгаар зүтгэхээс өөр сонголт үгүй. Тэнд ямарч арын хаалга, авлига хэрэггүй, ажлаа сайн хийдэг байх, бусадтайгаа тохирон хамтран ажиллаж чадах уян хатан зан чанартай, чадварлаг байхыг шаардлага болгоно. Харин төрийн албанд арын хаалгаар ажилд орчихсон нөхөд иймэрхүү зүйлд санаа зовохгүй байх нь дамжиггүй. Ер нь төрийн алба хаагчийн хариуцлага, ёсзүйг хэрхэн яаж шалган ажилд авдаг юм бэ. Хариуцлагатай, ёсзүйтэй хөдөлмөрч залуус хувийн хэвшилд хүчин зүтгэж, эсэргээрээ нөхөд төрийн албанд морилон суугаад байна уу даа.

Н.Ганчимэг