Х.МОНГОЛХАТАН

Цэцэрлэг, сургууль эхлээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүдийн бухимдал багасч, хүүхдүүдийн уйлах дуу ч намжлаа. Сугалаанд оролцоод азтан болоогүй, танил талгүй, мөнгөгүйгээс болж хүүхдээ харьяаллын цэцэрлэгт оруулж чадаагүй аав ээжүүд ямар ч байсан аргаа олсон байх.

Зарим нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч, зарим нь хүүхэд асрагч хөлсөлж, зарим нь аав ээж, хамаатан саднаа царайчилж эсвэл хэн нэг нь ажилгүй сууж байгаа. “Сүх далайтал үхэр амгалан” гэдэг шиг ирэх наймдугаар сар хүртэл цэцэрлэгийн асуудал дарагдана. Хүүхэд бүр хамран сургах тойрогтоо л бүртгүүлэх ёстой. Гэвч тухайн тойргийн хүн амын өсөлт цэцэрлэгийн хүртээмжтэй урвуу хамааралтай байгаад асуудал оршино. Тиймээс хүүхэд бүрт хүртээмжтэй цэцэрлэгтэй болтол бид юу хийх ёстой вэ.

ГЭРИЙНХЭЭ ХАЖУУД УУ, АЖЛЫНХАА ХАЖУУД УУ?

 

Ерөөсөө цэцэрлэгийн харьяаллын асуудалд бага зэрэг өөрчлөлт оруулъя. Бүх хүүхдийг гэрийнх нь харьяаллаар цэцэрлэгт авдаг нь өнөөх хүртээмжгүй байдал, танил тал, авлига, уур бухимдлыг үүсгэдэг. Тиймээс цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэхдээ гэрийнх нь харьяаллаар 70-80 хувийг, аав ээжийнх нь ажлын газрын харьяаллаар 20-30 хувийг нь авдаг болвол ямар вэ. Өөрөөр хэлбэл, аав ээжийнх нь аль нэгний ажлын газрын хажууд цэцэрлэг байдаг бол тэнд хүүхдээ өгөх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм.

Энэ нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр гэрийн харьяаллын цэцэрлэгт орон тоо гарч, гэртээ ганцаараа үлдэх хүүхдийн тоо багасна. Өнөөх муу нэртэй цэцэрлэгийн эрхлэгч багш, танил талын авлига ч буурна. Аав ээжүүд өглөөд ажилдаа явахдаа хүүхдээ оруулж өгөөд, орой тарахдаа аваад харина. Хүүхэд хүргэж зөөх ажлыг хөнгөвчилж, цаг мөнгө хэмнэнэ. Оройтох боллоо гэхэд хүүхдээ аваад ажил дээрээ байлгаж болно. Эцэг эхчүүд ч санаа амар ажлаа хийнэ. Ингэснээр цэцэрлэгийн багш нар оройтохгүй гээд тоочоод байвал сайн тал олон байна. Тиймээс цэцэрлэгүүд харьяал­лыг гэрийн болон байгууллагын гэж хуваа­рилбал үр дүнтэй байх нь.

 

ХАРИН ЭЦЭГ ЭХЧҮҮД ИЙМ БОДОЛТОЙ БАЙНА

 

“Танд хүүхдээ ажлын газрынхаа харьяаллын дагуу цэцэрлэгт өгөхөд амар уу, гэрийнхээ харьяаллаар цэцэрлэгт өгөх нь амар уу” гэсэн асуултыг фэйсбүүк ашиглан эцэг эхчүүдээс асуухад 95 хүнээс 53 нь ажлынхаа дэргэдэх цэцэрлэгт, 42 нь гэрийнхээ хажуугийн цэцэрлэгт өгөх нь амар гэж хариулжээ. Мөн энэ асуудлаар зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

 

“Алтантүлхүүр” сэтгүүлийн эрхлэгч Д.Жаргалан:

ЦЭЦЭРЛЭГЭЭС АВАХ ХҮНГҮЙ БОЛ АЖЛЫН ХАЖУУД БАЙХ НЬ АМАР

 

-Би хүүхдээ ажлынхаа хажуугийн цэцэрлэгт анх өгч байсан. Өглөө ажилдаа ирэхдээ өгчихөөд орой аваад явахад амар юм билээ. Ажлын хажууд авах, өгөхөд амар ч хүүхэд их ядарсан. Өвөл бол бүр хэцүү. Тиймээс энэ жилээс гэрийнхээ хажууд харьяаллынх нь цэцэрлэгт явуулж байгаа. Цэцэрлэгээс авах хүнтэй бол гэрийн хажууд л байсан нь дээр юм билээ. Харин авах хүнгүй бол ажлын хажууд байх нь мэдээж амар.

 

“Сити бэйкери&кафе” компанийн менежерС.Бат-Оюун:

АЖЛЫН ХАЖУУД ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ

 

-Одоо бол гэрийнхээ харьяаллаар өгөх нь илүү амар байна. Ажлын харьяаллаар гэхээр ажлын ойр цэцэрлэг байхгүй болохоор хэцүү. Хэрэв цэцэрлэг байдаг бол, хүүхдээ явуулж болно гэвэл өгнө.

 

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Ариунаа:

ХҮҮХЭД АНГИДАА ГАНЦААРАА ҮЛДЭХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ

 

-Ажлынхаа газрын хажууд хүүхдээ цэцэрлэгт өгөх нь илүү амар санагдсан. Өнгөрсөн жил хүүхдээ гэрийнхээ ойрхон цэцэрлэгт явуулахад зам түгжирсээр байтал оройтож авах, хүүхэд ганцаараа үлдэх тохиолдол гардаг байсан. Харин энэ жил ажлынхаа хажуугийн цэцэрлэгт өгсөн. Ажил дээрээ оройтохоор бол хүүхдээ орж авчихаад, хажуудаа байлгадаг. Өөрт ч, хүүхдэд ч амар байгаа.

 

“GIZ”-ийн оффис менежер Б.Урантэс:

ӨГЛӨӨ ОРОЙД ЗӨӨХӨД ГЭРИЙН ОЙРХОН АМАР БАЙДАГ

 

-Гэрийнхээ харьяалалд өгсөн нь амар байдаг. Яагаад гэвэл хүүхдийг өглөө оройд зөөхөд гэртэйгээ ойр байх нь даарч хөрөх, ядрахаас сэргийлнэ.

 

Иргэн А.Болор-Эрдэнэ:

ХҮҮХДЭЭ ГЭРТЭЙГЭЭ ОЙРХОН ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХ НЬ АМАР

 

-Миний хувьд хүүхдээ гэрийнхээ харьяаллын дагуу цэцэрлэгт өгөх нь амар байдаг. Нэгдүгээрт, яаралтай хурал зөвөлгөөнтэй үед эхнэр холоос ирж авах хэрэг гарна. Харин гэрийн хажууд бол аль боломжтой нь очоод авах магадлалтай. Хоёрдугаарт, хэрэв ажлаа сольсон тохиолдолд хүүхдийнхээ цэцэрлэгийг бас солих шаардлага гарна. Ийм үед хүүхэд дассан сурсан орчин, дотныхоо найз гээд олон зүйлээсээ гэнэт салах хэрэг гарна.

 

Аливаа асуудлыг сайжруулахын тулд заавал зөв зүйтэй гарц хайх ёстой. Магадгүй өнөөдөр олон цэцэрлэгбариад хүүхэд бүрийг хамруулж чадахгүй ч зохицуулалтыг зөв хийж чадвал гэртээ ойрхон цэцэрлэгт эсвэлажлынхаа дэргэд өгөх боломжийг гаргаж өгвөл эцэг эх, үр хүүхэд, багш нарт ч амар болно.