ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт энэ сарын 4-нд болно.

Уг төслийн гол зорилго нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод буй цөлжилтийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд боловсролын салбарын оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

НҮБ-аас цөлжилтийг “Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааг хамруулан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орон доройтох үйл явц юм” хэмээн тодорхойлжээ.

Цөлжилтэд дулаарал, хур тунадасны өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөө байгаа хэдий ч хүний хүчин зүйлс илүү нөлөөлж байна. Ялангуяа манай орны хувьд бэлчээрийн даац хэтрэх, мал сүргийн уламжлалт бүтэц алдагдах, олон салаа авто зам гаргаж, уул уурхайн зориулалтаар газар ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цөлжилт эрчимжиж байгаа юм.

Цөлжилттэй тэмцэх, түүний эрчмийг сааруулахад хувь хүний оролцоо нэн их. Нутаг орныхоо онцлог байдлыг судалж, түүнд нь тохирсон ургамал мод ургамал тариалах, амьдралын буруу хэв маягаа өөрчлөх, уламжлалт зан үйлээсээ суралцах зэрэг нь бидний цөлжилттэй тэмцэхэд оруулж буй хувь нэмэр юм. Иймд сурагчдад хичээлээр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан цөлжилтийн эсрэг тэмцэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх нь чухал учир “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Уулбаян сумдын сургууль, тэдгээр сургуулийн сурагч, багш нар оролцсон бөгөөд цөлжилтэд нөлөөлж буй байгаль, нийгмийн хүчин зүйлсийг орон нутгийнхаа хэмжээнд ажиглах, хэмжих, гарсан үр дүнгээ боловсруулах ажлуудыг хийсэн байна.

Т.Буянаа