Хүний эрхийн байгууллагынхан “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрх” сэдвээр судалгаа хийжээ. Тэгэхэд өвөл хаврын уралдааны үеэр хүүхэд унаж бэртэх, тэр бүү хэл амь насаа алдах хүртэл тохиолдол нэлээд гарч байгаа нь ажиглагдсан байна.

Мөн эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээнээс үзэхэд хурдан морины уралдаанч хүүхдэд толгой болон мөчдийн гэмтэл, ясны хугаралт, Хөлдөлт, осголт, Амьсгалын замын өвчин, дотор эрхтэний доргилт, өвчлөлт, нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэл ихэвчлэн тохиолддог байна.


Үүнээс гадна тэдний сэтгэлзүйн байдал хаана, хэний морийг унаж байгаа эсэхээс ихээхэн хамаарч байгаа нь хурдан морь унадаг хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын явцад сэтгэл зүйн тодорхойлолтыг гаргасан сэтгэл судлаачийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байгаа нь ажиглагдсан байна.

Мөн түүнчлэн хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болдог байна. Гэвч хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдарын хөгжлөөс шалтгаалан морь унаж уралдах нас нь ихэвчлэн 12, 13. Үүнээс хойш болохоор сурсан сургуульгүй, эзэмшсэн мэдлэг боловсролгүй учир тухайн уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болдог байна.

Хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд эрсдэл бий болгохын зэрэгцээ сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж буй байдал зэрэг нь “Хүүхдийн аюултай хөдөлмөр” гэсэн ойлголтод шууд хамаардаг болохыг ОУХЭ-ийн байгууллагуудаас анхааруулжээ. Харин манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа хийхгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо манай улсад одоогоор алга байгаа юм.


Тиймээс хурдан морь унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохироход уяач, эцэг эх нар хоорондоо тохиролцоод эмчилгээний зардлыг төлөх төдийгөөр өнгөрдөг бөгөөд амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх болон хүлээлгэх эзэнгүй байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болж байгаа юм.
Гэхдээ хурдан морь унадаг хүүхдүүдийн ихэнх нь хурдан морийг сонирхолоороо унадаг хэмээн хариулж байгаа хэдий ч түүний ар гэр, амьдралын түвшин, гэр бүлийн анхаарал халамж, эцэг эхийн боломж бололцоо зэргээс ихээхэн хамаарч энэхүү замыг сонгож байгаа нь тодорхой байна.


Тиймээс хүүхдээ эрсдэлтэй үед морь унуулж буй эцэг эхчүүдэд хариуцлага тооцохын зэрэгцээ уралдааны замын стандартыг бий болгож, учирч болох эрсдэлийг хүүхдэд тайлбарлан ойлгуулах, унахгүй байж болох талаар сануулах,
хурдан морины уралдаан, сунгааг тээврийн хэрэгслээр дагахыг хориглох, цаг уурын байдлаас шалтгаалан газарзүйн бүсчлэл хийж, уг бүсчлэлийн дагуу тодорхой хугацаанаас эхэлж тухайн аймаг, бүсийн уралдаануудыг зохион байгуулж эхлэх хугацааг хуульчилж өгөх, нэг уралдаанд хэдэн морь зэрэг уралдаж болох зэргийг хуульчлан тогтоох шаардлагатай байгааг хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар байгаа

Н.Чимэг