2013 оны нэгдүгээр сарын байдлаар...

Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 6532 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6564 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 517 эхээр буюу 8.6 хувь, хүүхдийн тоо 531 хүүхдээр буюу 8.8 хувиар өссөн байна. Энэ хугацаанд нялхсын эндэгдэл 113 болж, өмнөх оны мөн үеийнхээс найман хүүхэд буюу 7.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 23 хүүхэд эндэж, хоёр хүүхэд буюу 9.5 хувиар нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21 мянган хүнээр буюу 36 хувиар буурч, харин 2012 оны жилийн эцсийнхээс дөрвөн хувь буюу 1435 хүнээр өссөн байна.

Нийгмийн даатгалд энэ оны нэгдүгээр сард 119.8 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 71.3 мянга буюу 59.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх, 48.6 мянга буюу 40.5 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 4.2 мянга буюу 3.6 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 2.4 мянга буюу 3.5 хувь, төсөвт байгууллагынх 1.8 мянга буюу 3.8 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны нэгдүгээр сард 47.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс зургаан мян.хүн буюу 11.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 693.8 сая төгрөг буюу 24 хувиар нэмэгджээ.

Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар өслөө. Ерөнхий индекс энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь, тээврийн бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны нэгдүгээр сарын эцэст 7344.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 272.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1196.8 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны нэгдүгээр сарын эцэст 742.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 86.4 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төгрөг буюу 13 хувиар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 7142.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 151.5 тэрбум төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1494.4 тэрбум төгрөг буюу 26.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 105.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.1 тэрбум төгрөг буюу 4.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 31.7 тэрбум төгрөг буюу 42.9 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны нэгдүгээр сарын эцэст 307.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 12.7 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 18.9 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар буурсан байна.

Үнэт цаасны арилжаа энэ оны нэгдүгээр сард 23 өдөр явагдаж, 4.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 8.7 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 339.6 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 267.2 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 72.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого энэ оны нэгдүгээр сард 339.1 тэрбум төрөгг, урсгал зардал 266.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 73 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар нэмэгдэхэд гадаад худалдааны татварын орлого 48.5 тэрбум төгрөг буюу 69.2 хувь, бусад татварын орлого 31.5 тэрбум төгрөг буюу 48.3 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа үйлчилгээний татварын орлого 48.5 тэрбум төгрөг буюу 67.6 хувь, орлогын албан татварын орлого 21.7 тэрбум төгрөг буюу 47.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 11.8 тэрбум төгрөг буюу 29.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.9 тэрбум төгрөг буюу 42.9 хувиар нэмэгдэхэд бусад нэр заагдаагүй орлого 5.3 тэрбум төгрөг буюу 69.9 хувиар буурсан ч газрын тосны орлого 9.9 тэрбум төгрөг буюу 13.1 дахин, төсөвт газрын өөрийн орлого 4.8 тэрбум төгрөг буюу 29.3 хувь, навигацын орлого 3.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 267.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.2 тэрбум төгрөг буюу 2.8 хувиар өсөхөд татаас ба шилжүүлгийн зардал 25.6 тэрбум төгрөг буюу 17.7 хувь, хөрөнгийн зардал 6.4 тэрбум төгрөг буюу 87.9 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 3.8 тэрбум төгрөг буюу 34.6 хувиар буурсан ч бараа, үйлчилгээний зардал 38.3 тэрбум төгрөг буюу 37.7 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.6 тэрбум төгрөгөөр өссөн нь шалтгаалжээ.

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард дэлхийн 91 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 779.7 сая ам.доллар, үүнээс экспорт 281.6 сая ам.доллар, импорт 498.1 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны нэгдүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны нэгдүгээр сард 216.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 38.1 сая ам.доллар буюу 14.9 хувиар буурчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 16.5 нэгжээр буурсан нь нөлөөлжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 44.6 сая ам.доллар буюу 6.1 хувь, үүний дотор экспортын хэмжээ 41.3 сая ам.доллар буюу 17.2 хувь, импортын хэмжээ 3.3 сая ам.доллар буюу 0.7 хувиар өсчээ. Экспортын 97.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо