Залуус баасан гарагийг бааранд биш зааланд өнгөрүүлнэ
2015/12/02
Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо нь хүүхэд залуустаа спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд спортоор хичээллэх залуусын тоо эрс нэмэгдэж байгаа.
Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Спирт үү, спорт уу" аяны хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо "Спортлог баасан гараг" аяныг зарлажээ. Долоо хоног бүрийн баасан гарагт спорт сонирхдог залуусын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах аж. Энэ удаад арванхоёрдугаар сарын 4 буюу энэ баасан гарагт Хилчин спорт хорооны зааланд 16-18 цагийн хороонд сагсан бөмбөг сонирхдог залууст найз нөхөд анги хамт олноороо нэгдэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгожээ. Долоо хоног бүр өөр өөр спортын төрлөөр явуулах зорилготой энэхүү аяныг сонирхсон залуус бүхэнд нээлттэй болохыг зохион байгуулагчид дуулгалаа.