Химийн хорт бодист хордсон иргэдийн биеийн байдал сайжирч байна
2015/12/19
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордсон тухай манай сайт мэдээлсэн. Тэгвэл хордсон хүмүүсийн биеийн байдал сайжирсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал 11 иргэн хордсон тухай дуудлага 2015.12.18-ны өдрийн 10:08 цагт ирсэн бөгөөд ОБЕГ, ГСХ, АТА, НОБГ, СХД-ийн ОБХ-ийн албан хаагчид шалтгаан нөхцлийг тодруулахаар, НийслэлийнОнцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажилласан байна. Улмаар нас барсан иргэн Ө /39 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, Л /23 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээгэн өгсөн байна.
Харин химийн хорт бодист хордсон иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ү /22 настай, эрэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нарыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд шилжүүлэн өгсөн байна. Иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/ нар биеийн байдал сайн байсан тул өөрсдийн хүсэлтээр эмнэлгээс гарчээ. Одоогоор Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа 5 иргэн байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайжирч байгаа ажээ.