Маргарин хортой гэдгийг мэдээгүй хүн Монголд одоо ч олон байна
2016/01/13
Иргэдийн дунд транс тос буюу маргарин хүний биед хортой тул идэж болохгүй гэсэн яриа сошиол хэрэгслээр явах болсон. Энэ талаар ч өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр талх нарийн боовны 14 үйлдвэрийн 106 нэрийн бүтээгдэхүүний хаяг шошго дээр 54 хувь нь хүний биед хортой транс маргарин агуулсан байсныг судалгаагаар тогтоосон бол бусад бүтээгдэхүүн агуулсан эсэхийг бичээгүй байжээ. Химийн урвалаар гаргаж авсан маргарин нь хамгийн багадаа 40 хувь буюу түүнээс дээш транс тосыг агуулдаг байна. Харин цөцгийн тос нь үнээний сүүнд агуулагдах тосыг ялган авч хийдэг тул байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Цөцгийн тос буюу масло гэж юу вэ?
Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна. Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм.
Маргарин гэж чухам юу юм бол?
Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.
Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж.
Бидний хэрэглэж буй өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж гурав ангилдаг бөгөөд аюултай тосонд транс тос багтдаг байна. Аюултай тос нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тосыг хэлэх ба үүнийг транс өөх тос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл транс өөх тос гэдэг нь тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмснээр ханасан буюу илүү хатуу хэлбэрт оруулсан тос гэсэн үг.
Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учир бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй ажээ. Шингэн тосыг ингэж тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн өргөн хэрэглэсээр иржээ.
Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учир бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй ажээ.
Монголчууд маргариныг масло гэж андуурдаг
Хоол судлаач Америк эрдэмтэн Роберт Аткинс 1999 онд хэвлүүлсэн “Доктор Аткинсын био нэмэлтүүд” номынхоо “Маргарин л биш шүү” гэдэг бүлэгт “Би маргарин эрүүл мэндэд ямар их аюултай вэ гэдгийг 1970 онд анх мэдсэн цагаас хойш маргарин агуулсан юу ч идэхээ больсон” гэж бичсэн байдаг. Маргарин хортой гэдгийг мэдээгүй хүн Монголд одоо ч олон байна. Бидний дийлэнхи нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг сайн мэддэггүй учир маргариныг маслотой талх идэж байна гэж бодсоор 20 гаруй жилийн нүүрийг үзчихэж. Маргариныг шар болгохын тулд хиймэл будаг нэмж, амтыг нь үнэр оруулагчаар засаж үйлдвэрлэдэг тул бид амархан хууртдаг байна.
Бидний дийлэнхи нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг сайн мэддэггүй
Түүнчлэн манай улсын сургууль, цэцэрлэгүүдэд энэхүү транс өөхийг өргөн хэрэглэдэг байна. Иймээс эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ, хэмжээг бууруулах шаардлагатай талаар Нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүст зөвлөмж өгчээ. Ингэснээр сургууль цэцэрлэгүүдийн транс өөх тосны асуудал ойрын үед цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр Ж.Амарсанаа хэллээ.
Маргарин хэрэглэснээр зүрх судасны өвчний эрсдэлийг үүсгэдэг
Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм. Иймээс орчин үеийн шинжлэх ухаан олж тогтоосноос хойш транс өөхний хэрэглээнээс гаргахыг улс орнууд уриалсаар ирсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг хүн өдөрт 2 граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байснаа 2009 онд энэ шийдвэрээ эргэн харж, хүнсний бүтээгдэхүүнд транс өөх хэрэглэхээс ор тас татгалзахыг санал болгосон байна. Ийнхүү маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдлийг үүсгэдэг гол зүйл болох нь нотлогдсон юм.
Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж,
АНУ-д 2006 оны нэгдүгээр сараас эхлэн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа транс өөхний хэмжээг сав, боодол дээр нь заавал бичдэг байсан бол энэ зун Америкийн эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан тосыг хэрэглэх явдалд хориг тавьж, гурван жилийн дотор буюу 2018 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзахыг үүрэг болгожээ.
Манайд ямар ч хяналтгүй зарагддаг вафли, бялуу, чихэр, бэлэн гоймон, чипс, зайрмаг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, талх боовны найрлаганд транс өөх их хэмжээгээр агуулагддаг. Иймээс иргэн бүр транс тос буюу маргаринаас татгалзаж, хэрэглээгээ бууруулахыг зөвлөж байна.
хүнсний бүтээгдэхүүнд транс өөх хэрэглэхээс ор тас татгалзахыг санал болгосон байна.
Т.Буянаа
Зочин · 2016/01/14
Hehe yag unen turj uh esvel hordoj uh! Yalgaagui yum shiv...
Зочин · 2016/01/13
yuck
Зочин · 2016/01/13
tesogiin standart maslo bas muu geez de iim margarin shig
сүрэг · 2016/01/13
бидэнд хордож үхэх, эсвэл турж үхэхээс өөр сонголт алгуу