Өнгөрсөн долоо хоногт буюу энэ гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг дэлхий нийтээр “Улам халуун, илүү чийглэг, хуурай ирээдүйтэй учирна” гэсэн сэдвийн дор тэмдэглэж , Монголын цаг уурчдын хувьд ч давхар баяр болж өндөрлөв.

 

Давхар баярлахын учир нь “Цаг уур, орчмы шинжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг Засгийн газраас баталлаа. Энэ тогтоолын хүрээнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Цаг уурын радарын станц болон мэдээлэл солилцох системийг шинэчлэх, сүлжээ байгуулах, суперкомпьютерийн хүчин чадпыг нэмэгдүүлж өргөтгөх, цаг уурын улсын сүлжээний 180 салбарыг автомат станцаар хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заажээ.

 

Сүүлийн үеийн цаг уурын радарын технологи дээр үндэслэн Монгол орны газар нутгийг бүхэлд нь хамарсан цаг уурын радарын сүлжээг байгуулснаар хүчтэй аадар, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг болон догшин хуй салхи, тэдгээрээс үүдэх уруйн үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжпүүлж, гарч болох хор хохирлыг бууруулах боломжтой билээ. Цаг уурын радар гэдэг нь хэт богино үелзэлийн радио долгионоор үүл, тунадасны бүсийн байрлалыг илрүүлэх төхөөрөмж юм. Монгол Улсын УЦУА-д цаг уурын зориулалттай радиолокаторын (радар)-ын техник ашиглаад эдүгээ 40 гаруй жил болж байна.

 

Энэ хугацааны 28 жилд буюу 1971 -1998 онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн МРЛ-2 маягийн радар, сүүлийн 16 жилд буюу 2000-2016 онд Япон улсад үйлдвэрлэсэн Америк, Японы программ хангамж бүхий RС-53С маягийн Допплерийн радар ажиллуулж, мэдээ сэлт, өгөгдлийг нь УЦУОШГ, орон нутгийн УЦУОШТ-д цагагаарын урьдчилсан мэдээ, нэн ялангуяа хэт богино хугацааны мэдээ гаргах, үүлшил, түүнтэй холбоотой цаг агаарын аюултай үзэгдлүүдийн талаар судалгааны ажил хийхэд ашиглаж ирлээ.

 

Эдүгээ Улаанбаатар хотод Буянт-Ухаагийн баруун өмнө талд Морин-Ууланд байрлуулсан радарыг өнгөрсөн хугацаанд мэдээг нь нэгдүгээрт, аянга цахилгааны үзэгдэл илрүүлж нислэгийн аюулгүй байдлыг хангахад, хоёрдугаарт, нийслэл хотын хүн амыг хүчтэй аадар, мөндрийн улмаас үүдэх уруйн болон гол усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх зориулалтаар ашиглаж байна. Дээр өгүүлсэнчлэн цаг уурын радар нь юуны өмнө борооны бөөн үүлтэй холбоотой үүсдэг цаг агаарын онц аюултай үзэгдлүүд, нэн ялангуяа догшин хуй салхи (манайд бас торнадо гэж бичсэн нь ч бий)-ийг маш сайн илрүүлдэг юм.

 

Нэгэн үе ийм үзэгдэл зөвхөн халуун орны бүсэд л тохиолддог, эх газрын гүн, манай орны хувьд бараг ажиглагдах ёсгүй гэж үздэг байсан юм билээ. Харин 1974 оны долдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд ажиглагдсан, тэр үед манай мэргэжилтнүүдийн тайлбарласнаар “Цахилгаанжсан хар салхи” нь яах аргагүй догшин хуй салхи, манай ард түмний эртнээс нэрлэж заншснаар “Луу унжих” үзэгдэл мөн байсан ажээ. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой ч байж болох, догшин хуй салхины үзэгдэл энд тэнд тохиолдсоныг цаг уурчид, ард иргэд ажигласан нь цөөнгүй.Тэр бүхнийг энэхүү бяцхан өгүүлэлд тоочиж, нэг бүрчлэн авч үзэх боломжгүй юм.

 

Харин одоо хамгийн сүүлд Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны 7 сарын 26-ний өдрийн 18.30-19.00 цагийн орчимд ажиглагдаж, эрдэнэт хүний амь нас бүрэлгэж, улс нийгмийн хөрөнгөд багагүй хохирол учруулсан догшин хуй салхины талаар авч үзье. Ийм үзэгдпийг манайд анх удаа гар утсаар зургийг нь авч дүрсжүүлэн баталгаажуулсан 5 минут 22 секундын бичлэг бий. Энэ үед салхины хурд 50 метр секунд хүрч, 8 см ийн голчтой мөндөр орж, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авсан билээ. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна. Авто машинуудын хувьд засвар авах боломжгүй болжээ.

 

Амиа алдсан нэг иргэний хувьд, тухайн үед БНСУ-д үйлдвэрлэсэн 2.5 тонн жинтэй ачааны автомашин жолоодон явж байсан бөгөөд хүчтэй салхинд авто машин явах аргагүй байсан тул зогсоож, нөмөр бараадуулаад буухаар болсон аж. Гэвч найз нь амжин бууж, жолооч машинтайгаа хуй салхинд цохигдон хийсч, амиа алдсан байна. Догшин хуй салхи нь борооны бөөн үүлэнд бий болдог, газрын гадаргад эгц босоо, хааяа тахирласан тэнхлэгийг нар буруу чиглэлээр тойрон эргэж байгаа юүлүүр маягийн хуйлраа үүсгэдэг хуй салхи юм. Бидний авч үзсэн жишээний зураг дээр ч ийм байдал тод харагдаж байна.

 

Хуйлралын голч 10-1500 м, бараан өнгийн үүлэн багана байдалтай, оршин тогтнох хугацаа нь хэдэн минутаас цагаар ч үргэлжилж, шилжилтийн хурд нь 18-142 км/ц хүрдэг байна. Харин 142 км/ц-аас давсан хурдтай догшин хуй тохиолдсон мэдээлэл одоохондоо тэмдэглэгдээгүй. Догшин хуй ажиглагдсан талаарх хийсэн судалгаанаас үзвэл нийт тохиолдлын 25 хувь нь зургаа, 26 хувь нь долоо, 21 хувь нь найм, үндсэндээ зуны гурван сард 72 хувь, харин хоногийн явцын хувьд хэдийд ч ажиглагдаж болох авч өдрийн 12 цагаас оройн 21 цагийн хооронд нийт тохиолдлын 84 хувь нь, түүний дотор 49 хувь нь 15 цагаас 18 цагийн хооронд ажиглагддаг аж. Догшин хуйн аюулаас хүний амь нас аврах, нийгмийн хөрөнгийг хамгаалахын тулд энэ үзэгдлийн талаар шинжпэх ухааны зохих мэдлэгтэй байх, ажиглагдсан үед нь түүний дайрч өнгөрөх замаас үтэр зайлах арга хэмжээ авах , төв суурин газарт бол урьчдилан байгуулсан хоргодох байр, ядаж зооринд орж гамшигт үзэгдлийг өнгөрөөх нь харьцангуй найдвартай гэж зөвлөдөг байна.

 

Архангай аймагт 2014 оны7 дугаар сарын 26-ны өдрийн 18.30-19.00 цагийн хооронд ажиглагдсан догшин хуй, түүний замд өртөж сүйрсэн автомашин

 

 

Одоо манай цаг уурын албанд Морин-Уулан дахь цаг уурын радар шинэчлэх, мөн шинэ хоёр радар нэмж байгуулах талаарх асуудал хурцаар тавигдаж байна. Морин-Уулын Радарыг шинэчлэхэд хоёр хувилбар байж болох юм. Эхнийх нь одоо ажиллаж буй радарын техникийн зарим эд ангийг солих замаар шинэчлэх, харин ямар эд ангийн техникийн үзүүлэлтүүд хэрхэн буурсан, муудсаныг сайн нягталж үзэж, солих нь зүйтэй юм.

 

Хоёр дахь хувилбар нь бүр шинээр радар худалдан авч, эсвэл төслөөр радарын станц суурилуулах асуудал юм. Харин хаанаас ямар радар авах вэ? гэдгийг нухацтай авч үзэж шийдэх нэн хариуцлагатай ажил болно. Миний бодлоор, өнгөрсөн туршлагаас харахад Япон Улсын цаг уурын радар авах нь тасралтгүй ажиллагааны хувьд нэлээд найдвартай гэж үздэг. Мөн С бүлгийн урттай хэт богино үелзэлийн долгионоор ажилладаг 300-350 Морин-Уулан дахь цаг уурын радарын станц, үндэсний бөгөөд олон улсын радарын сүлжээ км хүртэлх зайд үүл, тунадас илрүүлэх зориулалттай, стандартын, олноор үйлдвэрлэдэг радар сонгох шаардлагатай. Морин-Ууланд одоо ажиллаж буй радар монголчууд бидний санал болгож, хүссэнээр Японд тусгайлан үйлдвэрлэсэн, нэг ёсны стандарт бус радар юм шүү дээ. Ер нь ч тэгээд 500 км хүртэлх зайд үүл, тунадас ажиглах, нэвтрүүлэгч нь тийм өндөр хүчин чадалтай радар хэрэггүй.

 

Газрын гадаргын байдлаасхамаарч радиодолгионы муруйлтын нөхцөлөөс болж тийм хол зайд үүл, тунадас илрүүлэх нь угаасаа учир дутагдалтай байдаг. Бас стандартын бус, өөрөөр хэлбэл олноор үйлдвэрлэхгүй радар худалдаж авахад юуны өмнө үнэ ихтэй, цаашид сэлбэг матриал захиалж авахад түвэгтэй байх биз ээ. Харин ОХУ-аас радар авах бол эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх талаар яриа хөөрөө өрнүүлэх замаар шийдвэл дээр байх. ОХУ цаг уурын радарын сүлжээгээ сүүлийн хэдэн жилд 140 Допплерийн радараар шинэчлээд одоо бараг дундаа орж байна. Ийм их хөрөнгө мөнгийг Ерөнхийлөгчийнхөө мэдлийн хүрээнд төвлөрүүлсэн байгаа юм.

 

Бид ч гэсэн цаашид ядаж 3-4 радар ажиллуулж Монгрл Улсад цаг уурын радарын сүлжээ доорхи зурагт үзүүлсэн байдлаар байгуулах саналтай байна. Ногоон өнгөтэй дугуй нь эдүгээ Морин-Ууланд ажиллаж буй радарын бүрэн үйлчлэх хүрээ, улбар шар тойрог нь Монголын Улаанбаатар, Мөрөн, Арвайхээр (Баянхонгор эсвэл Мандалговь), шар тойрог нь ОХУ-ын Эрхүү, Кызыл хотууд дахь цаг уурын радаруудын үйлчлэх хүрээ болно. Радарыг байрлуулах газрын сонголт хамгийн чухал нь бөгөөд үүнээс л радарын техникийн үр ашиг шууд хамаарна.

 

Бид өнгөрсөн хугацаанд анхны радарыг Улаанбаатар хотын төвд, дөрвөн уулын дунд, хонхорт байрлуулж, долгион нь уулсаар хаагдаж, үүл илрүүлэх боломж бага, хоёр дахь радарыг Говь-Алтай аймагт Хантайширын нуруунд 3000 м орчим өндөрт байрлуулж, конвекцийн гаралтай босоо хөгжлийн буюу мөнөөх борооны бөөн үүлний дунд хавиас дээших хэсгийг нь “ажигладаг” зэрэг учир дутагдалтай байсан гашуун туршлагыг дайрч гарсан тул одоо дахин давтаж болохгүй. Харин гурав дахь радарыг Буянт-Ухаагийн баруун өмнө талд Морин-Ууланд байрлуулсан нь оновчтой болж, 412 км хүртэлх хол зайд борооны бөөн үүл илрүүлж, хамгийн үр ашигтай ажиллах байрлал сонгогдсон юм. Цаашид шинээр радар байгуулах газрыг өмнөх туршлагаасаа сургамж авч, радарын мэргэжилтнүүдийн эрдэм ухааныг ашиглаж, чухамхүү долоо хэмжин байж нэг сонгож авах ёстой гэдгийг манай цаг уурчид үеийн үед мартаж учиргүй билээ.

 

Х.Хангайсайхан

Орчуулагч

www.sonin.mn