ОХУ-ын буулт ба Монголын барьцаа
2016/05/21
Их гүрэн буулт хийж байна. Гуйлт, шаардлага, шантаажны яг алийг нь гэж тодорхойлоход хэцүү албан бичиг, уриалга, саналыг Монголд хаяглан, дэлхийгээр нэг цацаж эхлэв. Ашигтай байж болох шинэ хувилбаруудыг хүртэл манай талд санал болгон мэдэгдэл хийгээдэхэв. Харин энэ буулт нь эцэстээ Байгаль нуурыг хамгаалах буюу цэвэр усныхаа нөөцийг аварч үлдэх чин хүсэлтэй нь холбоотой юм. Угтаа Монгол болон Оросын хүсэл нэмэх, хасахын туйл адил салчихаад байгаа.
В.Путиний дэмжлэг Монголын төслийг гацаахад нөлөөлсөн гэж шинжээчид үзлээ
Их гүрний ашиг сонирхолд нийцсэн саналууд цаашид Монгол Улсын талд ашигтайгаар эргэх боломж уг нь бий. Гэхдээ хуанлийн эргэлт бүрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ бусад орноос хараат бус байх нь бидний хувьд тун чухал.
Харамсалтай нь, бидний төлөвлөгөө буюу Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл цаашид хэрхэх нь өдгөө бүрхэг болчихоод байна. Бүрмөсөн зогсохыг ч үгүйсгэх аргагүй.
Тэрчлэн асуудал ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путиний анхаарлыг татсан төдийгүй байгаль хамгааллын чиглэлийн олон улсын томоохон байгууллагуудын хараа чиглэсэн өнцөг болжээ. Энэ ч утгаараа оросууд Шүрэнгийн УЦС-ын төслийн Дэлхийн банкны санхүүжүүлжилтийг түр зогсоож чадсанаа цахим сүлжээгээр бахдан тарааж эхэллээ.
Тэгвэл ОХУ яг ямар хувилбар санал болгов? Тус улсын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Нуритдин Инамов “Монголын тал УЦС барих ажлаа зогсоовол манайх эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн” хэмээн мэдэгдэв. Цааш нь “Төслийг шууд зогсоо гэж бид тулгаагүй. Хамгийн гол нь, Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй хувилбараар ажиллахыг санал болгож байна. Монголын талтай найрсаг харилцаагаа хэвээр нь хадгалж, эдийн засаг, эрчим хүчний асуудлыг хамтран шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.
Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох монголчуудын мөрөөдөл хөсөр хаягдвал бас хайран
Хүсэлт үүгээр дуусаагүй. Монголд эрчим хүчийг өөр эх үүсвэрээр нэмэгдүүлж болох хувилбар дэвшүүлэв. Цахилгаан станцуудынхаа багтаамжийг өсгөснөөр Гусиноозёрск- Дарханы чиглэлийн түгээлтийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд эрчим хүч дамжуулах шинэ шугам ч тавьж магадгүй санал яригдаж байна.
Мөн Монгол Улс Хятад-Оросын эрчим хүчний түгээлтийн дамжин өнгөрөх газар нутаг болбол эндээс ашиг олох боломжтой гээд олон хувилбарыг хоёр улсын төлөөлөгчид тун удахгүй ярилцахаар тохирчээ. Тодорхой хэлбэл, Ажлын хэсэг тавдугаар сарын 20-29-ний хооронд уулзахаар төлөвлөөд байна.
УЦС-ЫН НӨЛӨӨ БА ЭРДЭМТДИЙН ТААМАГ
2011 оны наймдугаар сарын 30. Монгол Улс болон БНХАУ- ын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны корпораци хооронд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих ажлыг хамтран гүйцэтгэх санамж бичигт гарын үсэг зурсан өдөр энэ.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус онд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 400 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн дэмжлэгийг авах болсон. Энэ бол их ажлын угтвар хэсэг байсан төдийгүй хэдий хугацаа алдсан ч УЦС-ын төсөл нэлээд ахицтай явж байв.
Харин одоо ОХУ ингэтлээ шалдаа буух шалтгааныг танд тодорхой баримтаар товч хүргье. Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих шийдвэр гаргахтай зэрэгцээд цэнхэр гаригийн цахим хуудсуудаар сэрэмжлүүлэг тээсэн мессежүүд нисэж эхэлсэн юм. Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол хийгээд Оросын гол нууруудын экосистемд заналхийлж байна хэмээн олон орны эрдэмтэд дохио өгөв.
Тус улсын нэгэн хэвлэлд “Сэлэнгэ мөрөн дээр УЦС баривал Монголд газар хөдлөлтийг эрчимжүүлэх, тариалангийн сав газрууд усанд автах магадлал өндөр. Судлаачдын тооцоолж буйгаар Монгол Улсад ойр ойрхон хүчтэй газар хөдөлж болзошгүй байдал үүсэхээс гадна чийг нэмэгдсэний улмаас агаарт нягт аэрозол тогтох магадлалтай” хэмээн анхааруулж байлаа.
Түүнчлэн эрдэмтдийн таамагласнаар Сэлэнгэ мөрний дор байрладаг арлуудын газрын гүний эх булгуудаас хангагддаг Буриад улсын нийслэл Улаан- Үүд усны хомсдолд орж, “хатаж” магадгүй гэсэн юм.
ОХУ Монголын талтай эдийн засаг, эрчим хүчний асуудлыг хамтран шийдвэрлэх хүсэлтээ дайв
Ингэснээр олон мянган хүнийг усаар хангах асуудал хурцаар тавигдах түгшүүртэй судалгаа гарчээ. Мөн уг УЦС зөвхөн орос, буриадад заналхийлээд зогсохгүй Монгол Улсад бас тулгамдсан асуудал үүсгэж болзошгүй аж. Учир нь Сэлэнгэ мөрөн нь Сэлэнгэ аймгийн төвийн усны эх булаг учраас тун болгоомжтой хандах хэрэгтэй гэж сануулав.
Даян дэлхийн байгаль хамгаалах сан Монгол Улсыг Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихыг эсэргүүцэж буйгаа өнгөрсөн жил албан ёсоор илэрхийлсэн. Тус байгууллагын үзсэнээр Сэлэнгийн усыг хурааж, урсгалынг боон далан босгосноор олон төрлийн загас, биологийн төрөл зүйлүүд, цэнгэг усны экосистем устаж алга болоход нөлөөлнө гэсэн байна.
БАРУУН БҮСИЙГ ГЭРЭЛТҮҮЛСЭН НЬ
Ингэхэд УЦС-ын тухайд монголчуудын туршлага хэр билээ? Үнэндээ бидний өнгөрсөн түүхэнд гашуун сургамжаар дүүрэн дурсамж дурайна. Судалгаанаас харвал, Монгол Улсын хэмжээнд баригдсан дэлхийн жишгээр бага оврын, жижиг УЦС нийт 13 байна. Гэвч бүгд анх тооцсон хүчин чадлаараа ажиллах нь бүү хэл, хөрөнгө оруулалтаа ч нөхөж дийлэхгүй гацаанд орсон, 10-аад нь ашиглалтаас хэдийнэ гарсан гээд тоочих баримт хангалттай бий.
2009 он. Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Чоно харайхын гол дээр УЦС боссон түүхтэй. “Баруун бүсийг эрчим хүчээр найдвартай хангах томоохон станц ашиглалтад орж байна. Ингэснээр цахилгаанаа ОХУ-аас авахгүй, бас хямд үнээр түгээх боломжтой боллоо” хэмээн тэр үеийн төр, засгийн удирдлагууд шагшин сайрхаж байсныг санаж байна.
12 МВт хүчин чадалтай “Дөргөн УЦС”-ыг Хятад улсын Шанхайн “SPECO” компани барьсан бөгөөд үндсэн зээл нь 26.5 сая, дээр нь хүүгийн дөрвөн сая нэмэгдээд 30.5 сая ам.доллар болсон. Гэвч өр тавин байж бариулсан станц үр ашгаа өгсөнгүй. Ашиглалтад орсноос хойш 10 жилийн дараа зардлаа нөхнө хэмээн тооцсон мөнөөх станц нь өдгөө баруун гурван аймаг байтугай Ховд аймгийн хэдхэн сумаас илүүд цахилгаан түгээж чадахгүй байна.
Ховд бол улсын хэмжээнд хамгийн олон буюу таван ч усан цахилгаан станцтай аймаг. Тус аймгийн Манхан суманд гэхэд 150 кВт хүчин чадалтай УЦС нэртэй байгууламжид улсын төсвөөс 232 сая төгрөг зарцуулжээ. 1998 онд төгрөгийн ханш чанга байсан үе шүү дээ. Одоо “Манхан УЦС” хэнд ч хэрэггүй хаягдал. Мөн 2007 онд Үенч сумын 930 кВт хүчин чадалтай “Үенчийн УЦС”-д улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулав.
Гэвч үерийн ус орж ирэхэд л ажилладаг байгууламж боссон байлаа. Ингээд дараа жил нь Үенч болон бас нэг суманд Хятадын талаас эрчим хүчний шугам татахад улсаас нэмж 1.3 тэрбум төгрөг зориулсан баримт бий. Ийн тооцвол 13 станцаас өнөөдөр усны түвшин, улирлын хамаарлаас шалтгаалж хүчин чадлынхаа дөнгөж 20-30 хувийг ашиглаж байгаа нь “Дөргөн УЦС” л байна.
Үүнээс гадна Монголд Дөргөний дараагийн томд тооцогдох, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд 2008 онд ашиглалтад орсон “Тайшир УЦС”-ын түүхийг сөхөж болно. Кувейтын сангаас 20 орчим сая, Абу Даби Сангаас 13 орчим сая ам.доллараар барих зээлийн хэлэлцээрүүд байгуулсан тухай бичээс бий. Уг нь тус станцын суурилагдсан чадал нь 11 МВт.
Гэвч усны нөөц, станцын ажиллагаанаас шалтгаалж дунджаар 3.5-4.1 МВт-ээс илүү ачаалах чадалгүй хэмээн салбарынхан тайлагнажээ. Ийнхүү баруун аймгуудыг эрчим хүчээр хангана хэмээн 60 тэрбум төгрөг зарцуулж барьсан энэ станц үндсэндээ 100 гаруйхан өрхтэй Тайшир сумыг л гэрэлтүүлж байгаа аж. Иймэрхүү байдлаар тооцвол Монголоор овоглосон УЦС-ын төрх ийм л байна.
Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны 22, ОХУ-ын нөөцийн 90 хувийг бүрдүүлдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа нуурын экосистемийг хамгаалах асуудал дан ганц оросуудад хамаатай бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэрвээ түүхээ давтсан бас нэг УЦС баригдвал хожим харамсаад барахгүй экологийн доройтлын буруутнаар Монгол Улс дэлхийд цоллуулах нь гарцаагүй.
GREENPEACE-ИЙН ТЭМЦЭЛ БА МОНГОЛ МӨРӨӨДӨЛ
Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох гэсэн Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөг зогсоох сонирхол ганц Шүрэнгээр тогтсонгүй. ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй Greenpeace-ийн төлөөлөгчид “Дэлхийн банк санхүүжилтээ түр зогсоосон нь маш чухал шийдвэр” хэмээн үзжээ.
Учир нь Байгаль нууртай хүйн холбоотой Эгийн голын УЦС- ын барилгын ажлыг хэдийнэ санхүүжүүлээд эхэлсэн Хятадын Засгийн газрын шийдвэрт нөлөөлөх боломж нээгдсэн аж. Тэрчлэн төслийг Орос, Монголын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн үйлдэл хэмээн “Siberiantimes” сониноор зарлаадахав. Гол нь, уг хэлэлцээрт усан цахилгаан станцыг Оросын тал хүлээн зөвшөөрч, Байгаль нуурт аюул учруулахгүй тохиолдолд барихаар тусгасан юм байна.
Угтаа Орхон, Сэлэнгэ дээр барих УЦС-ыг тойрсон маргаан 2012 оноос эхтэй. Энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) байр сууриа илэрхийлснээр асуудалд олны анхаарлыг чиглүүлэх овоо болсон хэрэг. Цаашлаад, 2014 онд УЦС-ын барилгын ажлыг эсэргүүцсэн Оросын экологичдыг Монголын тал албадан гаргаснаар байдал бүр хурцадсан талаар дээрх сонинд өгүүлжээ.
Тэмцэл үргэлжилсээр байв. Үүний дүнд 2015 онд ОХУ-ын Байгаль орчны яам Байгаль нуурын экосистемийг устгах уршигтайг Монголын талд албан ёсоор анхааруулж хандсан байна. Тус яамны байр суурь, мэдэгдлийг ОХУ- ын Ерөнхийлөгч дэмжиж, мөн нуурыг хамгаалах ажилд төсвөөсөө жилд 50-60 тэрбум рубль зарцуулах шийдвэр гаргажээ. Энэ нь өдгөө Монголын төсөл гацах гол үндэс болсон хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
Эндээс харахад, бид зөвхөн эдийн засгийн ашиг харж Сэлэнгэ, цаашлаад Байгаль нуурыг тавиад туучихаж бас боломгүй. Гэтэл цаана нь эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох бидний, монголчуудын мөрөөдөл хөсөр хаягдвал бас хайран. Гэхдээ ОХУ-д, Монгол Улсад ч сонголт хийх хугацаа, ашигтай саналын цөөнгүй хувилбар яригдаж байна. Юутай ч цаашид үйл явц хэрхэхийг тандая. Тун удахгүй тодорхой шийдлүүд дуулдана хэмээн найдая.
Ц.Цэвээнхэрлэн
Засгийн газрын мэдээ
Зочин · 2016/05/22
selenge murnuu gobiruugaa tatmaar uym. zubhun mongoldoo
Зочин · 2016/05/21
Ц.Цэвээнхэрлэн ee ireeduigee har, Onoodor bid tednii noloolloos bas cham shig hudaldagdsan humuusees bol ireeduid uuh us chgui boloh tsagt chi orosuudaasaa guigaarai bot tebya geed salaavhc ogno bidend. Tsahilgaaniihaa unig nemdeg shigee. Bidniig horichihood oorsdoo bolohoor heden arviig barichihsan, bas uragshaa dalan tataj hujaaluu us exportlono geed bgaag medseer baij heden haltar togrognii toloo eh orniihoo erh ashgiin esreg iim surtal uhuulga hiihee boli, Chamd olziitei