Байр суурь: Хаврын чуулганы нээлтэд хэн, хэн юу өгүүлэв
2 цагийн өмнө

Монгол улсын их хурлын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нээлтэд 120 гишүүн ирсэн байв. Хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн өвчтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна. Тодруулбал, УИХ-ын О.Саранчулуун, Н.Алтанхуяг нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой байгаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Тулга нар чөлөөтэй байгаа юм байна.
Чуулганыг нээж хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа онцлон хүргэж байна.
УИХ-ын дарга Н.Учрал улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой цаг үед парламент ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаа танилцууллаа. Хаврын чуулганы хугацаанд хэдэн хэдэн хуулийн төсөл дээр анхаарч ажиллахаа тэрээр мэдэгдсэн юм. Тухайлбал, зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. Чуулганы завсарлагаанаар Д.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна гэв. Мөн хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэддээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлан гаргах шаардлагатай байгааг онцоллоо. Дараагийн нэг анхаарч байгаа хуулийн төсөл нь Хөрөнгө хураах хууль гэв. Тэрээр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын бүх иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү үр дүнтэй шинэ тогтолцоог хуульчлахад онцлон анхаарч ажиллацгаая. Авлигын гэмт хэрэгтнүүд арга заль ихтэй тул хууль бусаар олж завшсан хөрөнгөө элдэв янзаар нуун дарагдуулж, угааж хувирган ял завшуулж байна. Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ Хаврын чуулганаар хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Алтангэрэлд хариуцуулан ахлуулан ажиллуулах болно” гэлээ.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтад зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.
-Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай.
-“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж эрдэмтэн мэргэд сургаж ирсэн. Тиймээс УИХ-ын гишүүд өндөр ёс зүй, сахилга, хариуцлагатай байж, хууль дээдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батжин бэхжих үндэс суурь болно.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс эхтэй байдаг. Парламент бол ард түмний хураангуй, Та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр, засаг, түмэн олныг холбох гүүр юм.
-УИХ-ын танхимд хувь хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай.
-Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишиг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой.
-Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олны итгэл, хүндлэлийг хүлээдэг жамтай.
-УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.
-Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.
-Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
-Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.
-Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг.
-Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмнийхээ итгэл, сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай.Гэтэл энэ их итгэл, сэтгэлийг умартан иргэд сонгогчдынхоо дургүйцлийг дэвэргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.Харин төрийн нэр хүндийг шавартай хутгаж, түмэн олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй.
-Төрийн түшээд та бүхэн “Түмний төлөө төр оршдог” гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэж, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, парламентын дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг хэлэлцэн батална гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна.
-Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина.
-Өнөөдөр ард түмнийг бухимдуулж, сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шударга ёсны хүсэмжлэл юм. Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол монгол төр.
-Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.
-Монголчууд бид 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил ардчилсан төр, засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой.







Зочин · 39 минутын өмнө
ANUSDAAD XUCHINDI SEKSEER BOOW XXN80955877