Цэцэрлэгийг камержуулах хэрэгтэй юу
2013/02/25
Та хүүхэдтэй юу. Бяцхан үр чинь цэцэрлэгтээ өдрийг хэрхэн яаж өнгөрөөдөг талаар мэдмээр л байгаа биз дээ. Багш нар нь хүүхэдтэй яаж харьцаж байна, ямар хоол идэж байна, хичээл хүмүүжлийн ажил хэрхэн өрнөж байгаа талаар эцэг эх бүр мэдэхийг хүснэ.
Хүүхдийн хүн болж төлөвших эхний гэр бол цэцэрлэг. Хүмүүжлийн гэрт өдөр хэрхэн өнгөрдөг талаар мэдэж байх нь зүйн хэрэг. Тиймээс ч саяхан Дорноговь аймгийн IX цэцэрлэг багш нарынхаа хариуцлагыг өндөржүүлж, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг харах боломж олгож цэцэрлэгээ камержуулжээ.
Цаашид ч цэцэрлэг камержуулалтын ажлаа үргэлжлүүлэх аж. Камерийн бичлэгийг 15 хоног бичиж хадгалах үндсэн системтэй учир өнгөрөгч өдрүүдийн бичлэгийг үзэх боломжтой. Тиймээс аливаа гомдол санал ирсэн тохиолдолд тэр даруйд нь шийдвэрлэх бололцоотой болжээ. Зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй тухайн цэцэрлэгийн удирдлагууд ч багш нар хичээл хүмүүжлийн ажлаа хэрхэн явуулж байгаа талаар хянах бүрэн боломжтой.
Цэцэрлэгийн ангиудад камер байрлуулахаас гадна цэцэрлэгийн хүнсний агуулахад ч камерийг байрлуулах хэрэгтэй. Учир нь цэцэрлэгийн багш, удирдлагууд бас нягтлан, няравууд хоол хүнсний материалаа цэцэрлэгээсээ гэр рүүгээ зөөдөг гэсэн элдэв яриа бий. Мэдээж хүүхдийн цэцэрлэгийн хоолны материал чанартай найдвартай бүтээгдэхүүн байх ёстой. Гэтэл хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэгийн ажилчид гэр рүүгээ зөөгөөд оронд нь чанар муутайгаа авчирч тавьдаг ч гэдэг. Тиймээс цэцэрлэгийн хүнсний агуулах камертай байвал энэ элдэв яриа үнэн эсэх талаар мэдэх боломжтой болно.
Мөн олон ч эцэг эхээс багш нар бусдын бяцхан үртэй их ширүүн харьцдаг талаар гомдол мэдүүлдэг. Тухайлбал, 2011 онд нэг ой долоон сартай хүүг өмдөндөө бие заслаа гэж багш нь зодоод боож чирсэнээс хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, эцэг эх нь багшийг шүүхэд өгсөн тухай мэдээлэл гарч байсан. Энэ мэт олон жишээ бий. Ингэж ухаан алдтал нь зоддоггүй юм аа гэхэд ширүүн хандах тохиолдол тун их. Тэр тусмаа 2-3 насныхан тэр бүр сайн ярьж чаддагүй хов хэлэхээ мэддэггүй, бас арчилгаа их байдаг. Тэднийг алгадах гээд ширүүхэн харьцах нь наад захын асуудал гэнэ. Тиймээс цэцэрлэгт болон ангиудад камер тавих хэрэгтэй. Хяналтад байгаа хүн хүүхдэд муухай хандахгүй эцэг эх бидэнд ч санаа зовох зүйлгүй байх болно. Зөвхөн багшийн ёс зүй гэхээс илүүтэйгээр заах арга барилд хяналт тавьж хэрэгтэйг сануулая.
Цэцэрлэгийг камержуулах нь зөв үү, буруу юу гэдэг талаар зарим эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Аав А: Итгэл төрнө шүү дээ
-Энэ чинь зөв санаа юм байна. Нээрээ камертай байвал хүүхэд маань ямар хоол идэж байгаа талаар мэдэх боломжтой болох нь. Манай хүүхэд л гэхэд цэцэрлэгээсээ тараад гэртээ очихдоо өлссөн байдаг. Цэцэрлэгийн зүгээс хүүхэд өдөр ийм илчлэгтэй, тийм хоол иддэг гээд танилцуулдаг ч итгэж өгдөггүй юм. Хэлснээр нь бол хүүхэд өлсөөд байхааргүй санагддаг. Эцэг эхэд худлаа хоолны цэс үзүүлдэг байх. Цэсээрээ хооллосон ч норм нь бага байдаг байх гэж бодож байна. Мөн цэцэрлэгийн гал тогоог камержуулах нь зөв. Эрүүл ахуй, хоолны илчлэг ямар байгаа, хүүхдийн хоол хэрхэн бэлтгэгддэг талаар эцэг эх бид мэдэж байх хэрэгтэй.
Ээж Д: Цэцэрлэгийн хичээл заах аргыг мэдэх болно
-Цэцэрлэг камержуулах санааг дэмжиж байна. Бид чинь ажил гэж явсаар байгаад үр хүүхдэдээ санаа тавина гэж байхгүй. Ихэнх цагаа өнгөрөөж байгаа цэцэрлэгтээ миний хүү юу сурч байгааг мэдэж байвал сайхан л байна. Гэхдээ цэцэрлэгт явсан хүүхэд гэртээ байгаа хүүхдээс хамаагүй дээр юм сурдаг. Цэцэрлэгт хичээл хэрхэн өрнөдгийг мэдвэл гэртээ хариад ч гэсэн тэр арга барилаар хичээлийг нь заана шүү дээ.
Ээж Ц: Дэмжиж байна
-Нууцхан хэлэхэд, улсын цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй их муухай ширүүн харьцдаг юм байна. Ганцхан манай хүүхдийн цэцэрлэгийн багш хүүхэдтэй ширүүн харьцдаг юм болов уу гэж бодсон чинь үгүй юм байна. Манай дүүгийн хүүхэд улсын цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгтээ явах дургүй. Уйлаад л багш зодоод байдаг гэдэг юм. Өнгөрсөн жил манай хүүхэд хувийн цэцэрлэгт явж байсан. Цэцэрлэгтээ явах их дуртай байсан. Харин энэ жил улсын цэцэрлэгт ороод цэцэрлэгт явах их дургүй болчихлоо. Тэгэхээр камертай байвал багш нар хүүхэдтэй хэрхэн яаж харьцдагийг харна. Зөв л санаа байна. Би хувьдаа дэмжинэ.
Аав Г: Багш нарыг дарамтад оруулах хэрэггүй байх
-Саяхан нэг аймаг цэцэрлэгээ камержуулсан гэсэн. Зүгээр санагдсан ч нөгөө талаараа сөрөг үр дагавартай. Багш нарыг дарамтад оруулж, эцэх эх, багш хоорондын итгэлцлийг эвдэх юм шиг санагдаж байна. Би хувьдаа хүүхдээ итгэж болох багшид л даатгана. Түүнийгээ заавал камераар хянаж баталгаажуулах шаардлагагүй гэж бодож байна.
Ээж М: Багш нар хүүхэдтэй ширүүн харьцдаг
-Цэцэрлэгийн хяналтын санал таалагдав. Би хүүгээ өнгөрсөн жил хувийн цэцэрлэгээс нөгөө рүү шилжүүлсэн юм, гэрт ойр гэж. Гэтэл хүү маань гэнэт л уйлаад явахгүй гэж чарлаад орилоод унасан. Яахав харах хүн байхгүй болохоор чирээд л өгдөг байв. 2-3 хоногийн дараа бүүр явахаа байчихсан. Нэг өдөр хүү маань багш нь намайг загнасан, уучлахгүй байсан гэв. Тэгэхээр нь гайхаад миний хүүг хаана нь зодсон юм гэсэн чинь хацраа заагаад, тэгснээ харанхуй өрөөнд оруулсан гэсэн. Тэгээд багш дээр нь очоод би хүүхдээ төлбөртэй залхаах төвд явуулж чадахгүй гэж хэлээд үлдсэн төлбөрөө аваад цэцэрлэгээс нь гаргачихсан. Би ч яахав, мөнгөөрөө хохирсонгүй. Харин хүү маань цэцэрлэгт явахгүй гэж үглэдэг болсон. Дээрээс нь цэцэрлэгийнхээ ойр орчмоор өнгөрөхдөө “Ээжээ би цэцэрлэгтээ явахгүй тээ” гэдэг болсон. Багш нар хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлж, асар том толбо тарьж байгаагаа ухаараасай.
Г.Хишигсүрэн