Л.Эрхэмбаяр нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдлийг дэлгэж, хуулийн байгууллагад хандах болсоноо мэдэгдлээ
2016/06/29
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан нам сонгууль хуулийн хүрээнд дэг журамтай сайхан болж, төрөө амар амгалан байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар манай намын төв штабт МАН болон бусад намуудтай холбоотой 60 гаруй зөрчил ирүүлээд байна. Энэхүү зөрчлүүдээс МАН-ын нэр бүхий гишүүдийн нэрийг татуулах нэлээд ноцтой хэдэн зөрчил байна. Үүнээс нэр татуулах зөрчил гарсан нэг зөрчил байгаа юм. БЗД -ийн 49-р нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогджээ. Энэ талаар МАН мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлдээ худлаа мэдээлэл хийсэн" гэлээ.
Уг мэдэгдэлдээ МАН 49-р нэр дэвшигч Д.Оюунхорол нь мөнгө тараагүй бөгөөд шүүхээр тогтоогтоогүй гэсэн байна. Харин БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх 2016-06-24-ний өдрийн шийдвэртээ "Намсрайжавын Энхзаяа нь УИХ-ын ээлжит сонгуулийн 49-р нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслахаар ажиллахаар үнэмлэх олгогдсон байна. Иргэн Н. Энхзаяа нь сонгуулийн хуулийг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор нэр бүхий хүмүүст мөнгө тараасан болох нь зөрчлийн материалд авагдсан. Бичлэг болон бусад баримтаар нотлогдлоо" хэмээжээ.
Түүнчлэн тэрбээр “Увс аймгийн 33-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штаб иргэдэд мөнгө тараах гэж байгаад баригдсан нь одоо аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Дорнод аймгийн 14-р тойргоос нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Болорчулууны сонгуулийн штаб нь сонгогчдыг автобусаар зөөвөрлөн саналыг нь өгүүлж, хууль зөрчсөн.
Архангай аймгийн 3-р тойргоос нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн хаалтын үйл ажиллагааны үеэр МАН-ын гишүүн Б.Төмөр-Очир “Архангай аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабаас хууль бус үйлдэл хийж, Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсан” гэж нотлогдоогүй зүйл ярьсан.
“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг Монголын худалдаа хөгжлийн банк авч байгаа сайн мэдээг илтэд гуйвуулан санал авах байрны үүдэнд гүтгэлэгийн чанартай мессежүүдийг 1998 байр дээр тарааж иргэдэд хэлж байгаа талаар АН-ын төв штабт дээр ирж байна. Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН Эрдэнэтийн асуудлаар илт гүтгэлэг явуулж байгааг хууль хяналтын байгууллагад хандах болно" гэдгээ мэдэгдлээ.