Б.ДАМДИН

ЯЛАГДЛЫН УРЬДАЧ НӨХЦӨЛ БА ТҮҮХ ДАВТАГДСАН НЬ

АН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдлаа. Бараг л дангаар засаглах хэмжээнд очоод байсан гишүүдийнх нь тоо ес болтлоо буурав. Үнэнийг хэлэхэд АН-ынхан л энэ ялагдалдаа ихээхэн эмзэглэж байгаа болохоос гайхаад байхаар үр дүн огтоос биш.

2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг унагаснаас хойш энэ намын рейтинг тогтмол унасаар ирснийг хэлэх хэрэгтэй. Дараагийн Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дагалдсан олон үйл явдлууд нийлээд АН-ын энэ удаагийн сонгуульд ялагдлын суурийг хангалттай бэлдсэн.

1996 онд ялалт байгуулсан АН тэр үед дөрвөн Ерөнхий сольж 2000 онтой золгоод сонгуульд навс ялагдаж байлаа. Товчхондоо түүх давтагдсан нь энэ.

Элдэв судалгаа ч энэ нөхцөл байдлыг “хэлээд” байсан. “Максима” судалгааны төвийн 2016 оны нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр Улаанбаатар хот, Орхон аймаг, Архангай, Увс аймаг, Сүхбаатар аймагт 1500 хүнийг хамруулж хийсэн судалгаа байдаг. Сонгуулийн өмнөх хамгийн томоохон судалгаа нь энэ байсан гэхэд болно. Энэ судалгаагаар Засгийн эрх барьж байгаа АН-ын рейтинг 25 хувьтай байв.

Хэрэв маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ? гэсэн асуултад уг судалгаанд хамрагсад дээрх байдлаар хариулсан нь тэр. Мөн хувь улстөрчийнхөө хувьд АН-ын дарга З.Энхболд 11-д эрэмбэлэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга “Топ-10”-т багтаагүй юм.

 

АН-ЫН ЯЛАГДЛЫН БУРУУТАН ХЭН БЭ?

Өнөөдөр АН-ынхан ялагдлын буруутныг олж тогтоох аянд гарчихаад байна. Ихэнх нь намын дарга З.Энхболд руу чиг­лэж байна. Тэр буруутай нь тодорхой. Түүнийгээ ч өөрөө хүлээсэн. Намын дүрмийн дагуу ген­се­кийнхээ хамт ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Гэхдээ зөв­хөн сонгуульд ялагдал хүлээл­гэсэн хариуцлага биш.

Ерөөсөө л З.Энхболдын хувьд намынхнаасаа “даран­гуйлагч” нэрийг авсан анхны дарга болсон. АН хэдийгээр дотоод ардчилалтай энэ нь элдэв байдлаар илэрдэг гэдэг ч өнөөг хүртэлх ардчиллын 26 жилийн түүхэнд оймс шидүүлтлээ эсэргүүцэлтэй тулж байсан дарга байхгүй. Мөн З.Энхболд бүхнийг өөрийн үзэмжээр шийддэг, намын дүрмийг уламдаа гишгэсэн хэмээн тус намын олон гишүүн хэлсээр ирсэн. Хамгийн сүүлд УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан “Шим групп”-ийн Л.Цанадэлэг дээрх агуулга бүхий ширүүхэн ярилцлагыг хэвлэлээр өгч байлаа. Гэвч ялагдлын буруутан зөвхөн З.Энхболдоор тогтохгүй ажээ. Ажиглагчдын хэлж байгаагаар АН “өөрөөсөө л болж” өнөөдрийн ялагдалд хүрсэн гэнэ. Шууд утгаараа энэ ялагдал бол АН-ын олон фракцаас үүдэлтэй. “Шонхор”, “Алтан гадас”, “Нэг ардчилал”, “МҮДН”, “МоАХ” зэрэг томоохон фракцууд нь нам доторх нам болж, түү­гээрээ дамжуулан бялуу хувааж ирсэн. Аль нэгэнд нь таалагдахгүй бол нам дотроо дайн дэг­­дээ­­дэг. Фракц хоорондынх нь дайн хууль хяналтын байгууллага хүр­тэл үргэлжилж бие биеэ ээлжлэн шоронд илгээхдээ хүрсэн. Гэвч АН зөвхөн дотооддоо тэмцэлдэж бие биеэ шорон руу чирсэн гэвэл эндүүрэл. АН-ыг засаг барьсан он жилүүдэд олон бизнесмэнийг шоронд хорьсон байдаг. Засаг авсныхаа дараа “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригоор эхэлсэн. Иймэрхүү баривчилгаанд олон бизнесмэн өртсөн нь нууц биш. Өдгөө зарим нь УИХ-д сонгогдож тангараг өргөх гэж байгааг олон нийт сайн мэдэж байгаа. Энэ байдлаараа АН-ын удирдлагууд эрх барьсан хугацаандаа журмын нөхөд болон бизнсесмэнүүдийн хувьд “хадны мангаа” болж байлаа. Мэдээж хэрэг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт АН-ыг сонгохгүй байх томоохон шалтгаан болсон. Эдийн засгийн хямралын эхний үед энэ мөнгөнүүд орж ирсэн хэдий ч эрх баригчид оновчтой зарцуулж чадаагүйг захын эдийн засагч хэлдэг. Хамгийн сүүлчийн шалтгаан гэвэл АН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа ард түмэн байдаг гэдгийг мартсан тэдний юу хийж, яаж аашилж байгааг ард түмэн мэдсээр харсаар байсан ч хэдхэн сар хэдхэн хоногийн дараа сонгууль болно гэдгийг мартсан. Төрийн хүний ёс зүй, хэм хэм­жээг тэд алдсан нь нууц биш. Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд нь ч ямар нэг ху­рал зөвлөгөөний нээлт, ойн баярыг тохиолдуулан үг хэлэхдээ “Бид хүнээ байсан” гэдэг үгийг давтаж байв.

 

АГУУ ИХ ЯЛАЛТЫН ЭХЛЭЛ ГЭВ ҮҮ?

Сонгуулийн дүн гарсан өдөр Баабарын хэлсэн үг одоо ч анхаарал татаж байна. “Ямар гоё юм бэ АН ялагдсанд баярлаад үхэх нь” гэсэн нь мэдээж хэрэг намынхныхаа дургүйг хүргэсэн. Гэхдээ бүгдийнх нь биш. Баабар “Энэ бол МАН-ын төгсгөлийн эхлэл, АН-ын агуу их ялалтын эхлэл”, “З.Энхболд, Н.Батбаяр нараас салж байгаадаа ихэд баярлаж байна” гэсэн юм. Ерөөсөө л тэр АН эрс шинэчлэгдэх ёстой гэсэн санааг хэлсэн нь энэ.

 

АН-ЫГ ХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ?

Баабараас эхэлсэн шинэчлэлийн уриалга АН дотор түймэр шиг л газар авч байна. Гэхдээ голдуухан сошиалаар, энд тэндхийн кофе шоп-д л яригдаж байна. Одоогоор хэн ч гарч ирж зүрхэлж дугарахгүй байгаа. Шинэчлэл хэрэгтэй гэдгийг том жижиггүй хэлээд эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гишүүний түр үнэмлэхээ авчихаад “Намд эрс ши­нэч­лэл хэрэгтэй байна” хэмээн мэдэгдсэн. Мэдээж хэрэг энэ намын ҮЗХ, Гүй­цэтгэх зөвлөл шат шатны хур­л­ууд удахгүй болно. Гал ассан тулаан болно. Фракцууд тус тусдаа энэ дайнд бэлтгэж байна. Гэхдээ фракц болгонд шинэчлэлийн туг болчих хүн алга. Нөгөө л хуучин УИХ-д нэр дэвшээд унасан нөхдүүд гарч ирэх гээд зовлон оргиж байгаа дуулдана лээ. Харин 40-өөс доош насны залуус нь тусдаа хөдлөхөөр сэм уулзалдаж эхэлсэн тухай мэдээлэл байгаа. Гэвч тэд чадах эсэх нь эргэлзээтэй.

 

АН-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?

АН-ынхан даргаа солих нь тодорхой. Гэхдээ хэн болох вэ. Нэр цэвэр, намынхаа туг нь болчих хэм­жээний боловсон хү­чин өнөөдөр лав хараг­дахаа больчихоод байна. Залуучуудаас нь намын дарга болчих боломж байхгүй. Учир нь АН-ын “өвөө” нар дөнгөж 60 насыг зооглож байгаа. Тэгэхээр тэднийг мөргөж унагаад намаа удирдана гэдэг одоохондоо хүндрэлтэй. Тиймээс АН-ынхан сая УИХ-д сонгогдсон гишүүдээсээ арай дөнгүүрийг нь намын даргын суудалд зална гэсэн үг. Ийм хувилбараар намын дарга болох хоёр хүний нэр дуулдаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Лу.Болд хоёрын аль нэг З.Энхболдоос намын тамгыг гардах бололтой. Энэ хоёр эрхэм намын дарга болооч гэсэн са­налыг дуртайяа хүлээн авна гэдгээ ил далд илэр­хийлсэн.

Ямартай ч АН-д том тэсрэлт болох нь тодорхой болсон. Яг одоо бол их аадрын өмнөх шиг нам гүм байцгааж байна. Гэхдээ удахгүй энэ тэсрэлт зөв явагдаж чадвал Баабарын хэл­сэнчлэн агуу их ялалтын эхлэл болох бизээ. Эс тэгвээс нам до­­торх нам болсон олон фракцуудаараа задран, АН мөхөх тааруухан хувь заяа хүлээж буй.