Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН албан ёсоор төрийн эрхийг аваад хэд хонож байна. Одоо засгаа байгуулна. Гэхдээ УИХ-ын даргыг сонгохдоо л зөрчилдөж эхэлсэн энэ намынхан хэнийгээ сайд болгох вэ гэдэг дээр ширүүхэн зодолдож буй ажээ. Өөрөөр хэлбэл энэхүү гэнэтийн ялалт МАН-ын дотоодод олон ойлгомжгүй асуудлыг бий болгоод байгаа юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛААС ТАТГАЛЗСАН ГЭВ ҮҮ?

 

Эрхэм гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгосон. Энэ бол 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр.

Ө.Энхтүвшин нарын МАН-ын зарим гишүүн намын дарга М.Энхболдыгоо Ерөнхий сайд болж намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэсэн ч гишүүдийн олонх М.Энхболдыг УИХ-ын даргад дэмжсэн юм. Харин түүний дараа хуралдсан МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад Сэлэнгээс УИХ-д сонгогдсон, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат өрсөлдөгчгүй “өрсөлдөж” гарч ирсэн. Тэр хурлыг хүртэл Ерөнхий сайд болно гэж хүчтэй яригдаж байсан У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын хэн нь ч өрсөлдөөгүй. Учир нь МАН-ын дарга М.Энхболд нам нь ялалт байгуулсны дараа зөвхөн дангаар шийдвэр гаргаж эхэлснийг намынхан нь дотооддоо шивэр авир яриад эхэлжээ. Өмнө нь ярьж байсан хэд хэдэн тохироо бий гэнэ. Хэрэв нам сонгуульд ялбал М.Энхболд УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэсэн тохирооны сураг аль эрт Тусгаар тогтнолын ордноо нисээд олны хүртээл болоод амжсан. Өөр нэг тохироо гэвэл өнгөрсөн дөрвөн жилд ялагдлын зовлон амссан намынхаа нүүр царай болж УИХ дахь сөрөг хүчний Бүлгийн даргын үүргийг хангалттай сайн биелүүлсэн С.Бямбацогтыг Ерөнхий сайдад зүтгүүлье гэдэг яриа бас л болж байж. Гэвч эцэст нь намын даргын үеэл Ж.Эрдэнэбат торох юмгүй олны дэмжлэг авч Ерөнхий сайд болоодохсон.

Намынхантайгаа сөргөлдөн байж УИХ-ын дарга болсон М.Энхболдод Санжийн Баяраар дамжуулаад хэн нэгэн зөвлөөд байгааг намынхан нь хэлж байна. Ерөнхий сайд байснаас УИХ-ын дарга болоод сонгуульдахад үр дүнтэй гэсэн юм даг уу. Ерөнхийлөгчийн сонгууль болоход бас ч гэж бүтэн жилийн хугацаа байна. Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд, энэ хооронд Засгийн газрын үйл ажиллагаа хаашаа ч эргээ билээ, Ерөнхий сайдын нэр хүнд хаана ч яваа билээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүний өдөр шөнөгүй ажиллаж байж энэ улсын ажлыг урагшлуулна, сонгуульдах завгүй. Харин УИХ-ын дарга зав гаргаж болно гэдэг энгийн гаргалгаа хийж болох юм. Гэвч М.Энхболд УИХ-ын дарга боллоо гээд Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн үг бас биш юм.

Сая болж өнгөрсөн сонгуулиар АН хуйгаараа авахууллаа. Энэ бол ард түмний сонголт. Гэхдээ энэ зуурт хавчуулагдсан ганцхан сонголтод харамсаж байгаа олон хүн байна. Тэр бол Нийслэлийн АН буюу Э.Бат-Үүлийн багийнхны ялагдал. Э.Бат-Үүлийн нийслэлд хийсэн ажил, улмаар түүний зангараг нөлөөг ажлаа өгөөд хэдхэн хоноход нь дурсаад эхэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ түүнтэй Су.Батболд, Ц.Сандуй нарыг харьцуулахад хүнд юм. Өөрийнх нь хэлдгээр эн зэрэгцэхгүй. Энэ бүхнийг нуршихын учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшээд гараад ирвэл үр дүн нь юу болох бол. Өөрөөр хэлбэл, МАН-ын М.Энхболд, АН-ын Э.Бат-Үүл хоёрын хэнийг Ерөнхийлөгчөөр сонгох бол? Энэ мэтчилэн олон асуулт байгаа юм. Эцсийн эцэст өдгөө М.Энхболд даргад зөвлөөд байгаа эрхэм тун удахгүй АН-д аврагчийн дүрээр бурханы элч мэт очихоор зам сууриа сайтар засч байгааг анзаарсан хүмүүс нэлээд байгаа ажээ. АН бол АН, МАН бол МАН, ерөөс өрсөлдөгч л бол өрсөлдөгч билээ.

 

МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР “ЛӨӨЛӨӨ” БОЛЖ МЭДЭХ НЬ

 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн цөм хийгээд хамгийн түрүүнд хэргэжүүлэх амлалт нь Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх явдал. Гэвч ийм Засгийн газар байгуулж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болоод байна.

Намын дарга нь өөрийн хүнийг Ерөнхий сайд болгосон. Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн байх биш өөрийн хүн байх шалгуурыг голчилсон гэсэн үг. Тэр нь ч сая АСЕМ-ын үеэр харагдсан гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм. Ажлаа аваад удаагүй Засгийн газрын тэргүүний хувьд Ж.Эрдэнэбатад АСЕМ маш том боломж байлаа. Монгол Улс АСЕМ-аар дамжуулж дэлхий нийтэд танигдлаа гэдэг шиг ийм олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нутагт нь ирснийг манай Ерөнхий сайд ашиглах л ёстой байв. Албан ёсны 10 гаруй уулзалт яахав, албан ёсны л уулзалт. Харин Ерөнхий сайдын хувьд энэ боломжийг ашиглаад Ерөнхийлөгчтэй зэрэгцээд л АСЕМ-ыг “даргалаад” явчих боломж байсан. Ингэвэл тэр өөрийгөө дэлхийд таниулах байсан. Гэвч ялихгүй шалтгаанаар зарим зочинтой мэндийн ч зөрөөгүй явсан гэдэг шүүмжлэлийг хүмүүс яриад эхэлж байна. Ирэх дөрвөн жилд Мэргэжлийн Засгийн газрыг тэргүүлэх эрхэм маань энэ. Тэгвэл ЗГХЭГ-ын даргад генсек асан Ж.Мөнхбатыгаа зүтгүүлэхээр ярьж байна. Яг үнэндээ Ж.Мөнхбатыг олон нийт яруу найрагч гэдгээр нь мэднэ. Гэтэл энд Мэргэжлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тухай ярьж байдаг. Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг жинхэнэ мэргэжлийн байх ёстой, магадгүй хамгийн хүнд ачааг нуруундаа үүрэх хүн байж таарна. Гадаад харилцаа, эдийн засаг, хууль эрхзүй гээд “жаран мэргэжлийн” гэдэг шиг чанар шаардах хүн хэрэгтэй.

МАН-аас энэ ажлыг үүрээд явчихаар Б.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын боловсон хүчнүүд байж л байна. Гэтэл генсек учраас ЗГХЭГ-ын дарга байна гэдэг нь нөгөө л намын ялалтын бялуу хуваах зарчим үйлчилнэ гэсэн үг.

 

65-ЫН БҮЛЭГ ДОТРООС СӨРӨГ ХҮЧИН ТӨРЖ МАГАДГҮЙ

 

Өнөөдөр МАН-ын удирдлах зөвлөл хуралдана. Сайд нарынхаа нэрийг тодорхой болгоно. Мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх анхны харьцаа алдагдах нь нэгэнт тодорхой болжээ. Өдгөө болж өгвөл 50:50 гэсэн харьцаагаар сайд нараа оруулъя гэж байгаа гэнэ. Хамгийн түрүүнд Шадар сайдаа сонгож томилно. МАН-ын дээд төвшний хүмүүсийн тохироогоор Ерөнхий сайдаас “унасан” хоёр эрхэм буюу У.Хүрэлсүх, С.Бямбацогт хоёр энэ суудлын төлөө өрсөлдөх магадлалтай байна. Гэхдээ У.Хүрэлсүх нь “Намын дарга тохирооноосоо буцсан ч би Ерөнхий сайдад зүтгээгүй. Хэрэв надтай хүн өрсөлдүүлбэл нэрээ татна” гэсэн байна. Харин Ерөнхий сайд болчихсон ч яахав гэж явсан С.Бямбацогт хэрхэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ У.Хүрэлсүхийг Шадар сайдад нэр дэвшүүлж, С.Бямбацогт Сангийн сайд руу зүтгэх хувилбар бас яригдаж байна. Гэтэл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр аль хэдийнээс хэн нь энэ суудалд очих вэ гэдгээ яриад эхэлсэн байдаг. Хууль зүйн сайдаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг ярьж байгаа ч Ерөнхий сайд асан С.Баяр нутгийн дүү Л.Мөнхбаатарыгаа зүтгүүлж, дээрээс нь нэмээд Ш.Раднаасэд нэрээ дэвшүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа. НХХ-ийн сайдаар Т.Ганди, Б.Мөнхбаатар хоёрын нэг гэж ярьж байсан ч УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэмэгдээд байгаа ажээ.

Нөгөө талаар яг хэдэн яамтай байх вэ гэдгээ сайд нараа харж байж шийдэх нөхцөл үүссэн байна. Тухайлбал, Мэргэжлийн Засгийн газар байх ёстой гээд генсек асан Ж.Мөнхбатад ямар нэгэн сайдын суудал өгнө гэвэл одоогийн БСШУЯ-наас Соёлын яамыг өрх тусгаарлуулах ажил гарах шинжтэй.

Чухам иймэрхүү байдлаас үүдэн МАН-ын дотоод дахь “шивэр авир” томорсоор хэсэг бүлгээрээ уулзалддаг “дугуйлан” маягийн юм болж хувираад байгаа ажээ. Наадмаар хэсэг бүлгээрээ уулзалдаж байсан гишүүд сүүлдээ зохион байгуулалтад ороход бэлэн байгаа гэдгээ тохироод салсан байна. Ингэвэл УИХ дахь 65-ын бүлэг дотроос сөрөг хүчин төрнө гэсэн үг. Одоогоор 17 орчим гишүүн үүн дээр санал нэгдээд байгаа юм байна.

 

АСЕМ БА МАН

 

АСЕМ болоод өнгөрлөө. Сайхан ч, сайн ч боллоо. Ийм дүнтэй, ийм өгөөжтэй болно гэдгийг үнэндээ манайхан төсөөлөөгүй л дээ. Шүүмжилж л явсан. Харин өнөөдөр юу хийх гээд, ямар үр дүн хараад зүтгээд байсныг олон хүн ойлгох шиг боллоо. Сайн болсон ажлыг магтахгүй байх аргагүй. Сонгуулиар нам тавиулж, сүр сүлд нь тэнэж одоод байсан АН-ынхны хийсч одсон нэр хүндийг бага ч атугай АСЕМ-ын зохион байгуулалт наашлуулах шиг боллоо. Тэднийг төр барьж байхад бүх бэлтгэл нь хийгдсэн. 2014 оны аравдугаар сарын 20-нд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хамтдаа мэдээлэл хийж “Манай улс спортоор бол Олимпийн эрх авчихлаа” гэж байсан. Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италийн Милан хотноо АСЕМ-ын 10 дахь уулзалтад оролцож, дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг гардаж авсан юм. Харин өнөөдөр түүнийгээ зохион байгуулаад улмаар үр дүнг нь үзчихлээ.

Харин МАН дээр хэлсэнчлэн гэнэтийн ялалтын шокноосоо гарч чадахгүй, учраа олохгүй бужигнаад л... Явж явж дотоод зөрчил нь хурцдаж, нам доторх хагарал нь ил тод болж болзошгүй болоод байна. Ард түмэн тэднийг харж байгаа. Хамгийн түрүүнд хийх ажил нь Мэргэжлийн Засгийн газар байгуулах гэдгийг дахин хэлье. Энэ амлалтаасаа ухарвал монголчууд ирэх дөрвөн жилд сонгуулиар амласан сайхан мөрийн хөтөлбөрийн алийг нь ч биелэхийг үзэхгүй гэсэн үг. Эцэст нь, аль ч намын үеийн Засгийн газар намын, биш улсын төлөө ажилладаг гэдгийг санах учиртай, ялангуяа ийм цаг үед...

Монгол Улсын гадаад нэр хүнд уналаа гэж МАН-ынхан дөрвөн жил хашгирсан. Тэгвэл АСЕМ-аар тэр унасан нэр хүндийг сэвхийтэл өргөөд өглөө. Одоо гадаад, дотоод хэргээ хэр зэрэг ухаантай явуулах нь төрийн эрхийг аваад удаагүй МАН-аас л шалтгаалахаар боллоо.

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин